Монголын интернэт хэрэглэгчдийн тоо 88.5 хувиар өсчээ

Монголын харилцаа холбооны зохицуулах хорооноос интернэтийн бөөний урсгал түрээслэх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлийг дөрвөн байгууллагад /Мобиком ХХК, Жемнэт ХХК, УБТЗ ХНН-Рэйлком төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК/ олгосон ба үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани /Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас бусад/ байна. Интернэтийн бөөний урсгал түрээслэгч компаниуд нь ОХУ-ын Транстелеком ХХК, БНХАУ-ын Чайна Телеком, Чайна Юником зэрэг компаниудаас нийт 16.2 Гб/с интернэтийн урсгалын гэрээ хийн ажиллаж байна. 2010 оны эцсийн байдлаар интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ үзүүлэгч 71 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 38, Орон нутагт 16, Монгол улсын нутаг дэсвгэрийн  хүрээнд 17 байна.

Нийт интернэт хэрэглэгчдийн тоог 2009 онтой харьцуулахад 88.5%-иар өссөн байна. Интернэт хэрэглэгчид Dial-up, DSL, FTTH-шилэн кабель, киоксал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, WiMax, VSAT зэрэг технологийг ашиглаж холбогдож байна. Нийт интернэт хэрэглэгчдийн 81.28 хувь нь Улаанбаатарт, 18.40 хувь нь аймгийн Интернэтийн Үйлчилгээ төвд, 0.32 хувь нь сумын төвд байна.

2010 оны эцсийн байдлаар гэрээ бүхий интернет хэрэглэгчийн тоо 199,849 болсон бөгөөд Дэлхийн  банкнаас гаргасан судалгаагаар Монгол улсын интернэт хэрэглэдэг хүний тоо /user/ 2009 оны  байдлаар нийт хүн амын 13.0 хувийг эзэлж байсан бол хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын  дүнгээс интернэт хэрэглэглэдэг хүний тоо 709,625 буюу нийт хүн амын 30.6 хувийг эзэлж байгаа нь дэлхийн дунджаас 0.4 хувиар өндөр үзүүлэлт юм.

Б.Ганбилэг


URL:

Сэтгэгдэл бичих