AFP.com: Тэнгэрт амиа даатгасан уралдаанч хүүхдүүд

Утгачилбал ийм гарчиг бүхий нийтлэл Afp.com сайтын цахим хуудаст нийтлэгджээ. Үндэсний их баяр наадмын  хурдан морьдын уралдаанд морь унасан Пүрэвсүрэнгийн Тогтохсүрэн гэх хүүгийн амьдралын  тухай өгүүлсэн байх бөгөөд үүгээр дамжуулан уралдаанч хүүхдүүдийн нийгмийн байдлыг хөндөн бичжээ.

Нийтлэлийн хамт Монгол наадам тэр дундаа монгол хурдан морь унаач хүүхдүүдийн зураг, монгол ахуй байдлыг дүрслэн харуулсан зурагнууд ч мөн тус сайтад тавигдсан байна. Тэдгээр зурагнаас уншигчиддаа хүргэж байна. Мөн нийтлэлийн зарим хэсгээс орчуулбал, “Зуны халуун нар, шороо тоостой тэмцэлдэн морь унаач хүү  П.Тогтохсүрэн тал дундуур морио ташуурдан давхих аж.

Энэ жил дөнгөж 13 настай Тогтохсүрэн хүү тав дахь удаагаа Үндэсний их баяр наадамд хурдан морь унаж, 170 гаруй унаач хүүхэдтэй өрсөлдсөн юм. Нохой гаслам зуны аагим халуун, жавар тачигнасан өвлийн жихүүн хүйтнийг ч ажралгүй Тогтохсүрэн хүү мөнгөний төлөө морь унан уралддаг. 2010 оны зуднаар эцэг, эх нь хотоо харлуулж, хамаг малаа алдсанаас хойш тэрбээр морь унаж эхэлжээ. Тогтохсүрэн хүүгийн хувьд хурдан морь унаад хэдэн төгрөгийн хөлс авдагаа хэлэхийг хүсээгүй ч, монгол хүүхдүүд ихэвчлэн сардаа 500 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ мөнгөөр уяачид хоол хүнс, сургуулийнх нь хичээлийн хэрэглэлийн авч өгч, эцэг эхэд нь нэмэр болдог гэсэн.

Үүн дээр нэмэгдээд урамшуулал гэж бий. Үндэсний баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлсэн хурдан хүлгийн эзэдэд Засгийн газраас нь 15 сая төгрөгийг олгох бөгөөд энэ мөнгөний 20 хувь нь унаач хүүхдэд ногддог юм байна. Үүнээс гадна спонсор компаниудын бэлэг ч хүүхдүүдийн гарт очдог аж. Дашрамд дурьдахад, жил бүрийн хурдан морьдын уралдааны үеэр хүүхдүүд мориноосоо унаж, бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах тохиолдол байдаг гэнэ” хэмээн нийтлэгджээ.
























Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

URL:

Сэтгэгдэл бичих