“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” – ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 348 МВт – ын хүчин чадалтай “Амгалан дулааны станц” – ын барилга угсралтын ажлын явцтай биечлэн танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор “Амгалан дулааны станц” барих тухай, “Амгалан дулааны станц” – ыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр гэрээ байгуулах шийдвэрүүд гарсан. Энэхүү станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ – ын “CMEC” компани ажиллаж байгаа бөгөөд нийт 75.9 сая ам долларын төсөвт өртөгтэй юм.
Уг станц нь 348 МВт буюу тус бүр 116 МВт-ын хүчин чадалтай гурван ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700 мм-н диаметртэй хойд, урд хэсгийн хоёр дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугам,  110 кВ-ын хоёр хэлхээт  350 метр цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийн хамт суурилуулсан. Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16 дугаар хорооллын дулаан хангамж сайжрах юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах “Амгалан дулааны станц” ашиглалтад ороход бэлэн болж, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Есдүгээр сарын 15 – ны өдөр гэхэд үндсэн хоёр зуух галлагаа хийж эхэлнэ. Гурав дахь зуух нь өвлийн ачааллын үед нэмж ажиллахаар зохицуулалт хийсэн. Ирэх жилийн тавдугаар сар хүртэл мэргэжлийн багтай ажиллаж, үүнээс хойш монгол инженерүүд станцаа ажиллуулах юм. Уг станц ашиглалтад орсноор 40 мянган орчим айл өрхөд шинээр дулаан түгээж, 20 мянган айл өрхийн дулааны нөхцөл сайжрах юм. Одоогоор станцын үйл ажиллагаанд саад болсон айл өрх байхгүй. Харин өндөр хүчдлийн шугам дор, дулаан дамжуулах шугам хоолойны ойр орчимд 10 айл байна” гэв.
p19qq6b5b48ft8ic17er159k14s36
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эдгээр айлын зарим нь газрын зөвшөөрөлгүй байна. Тэдгээрийг хуулийн дагуу албадан чөлөөллөхөөс өөр аргагүй. Харин дулаан дамжуулах шугам тавих зам дээр байгаа гурван айл нэг нь 400 сая төгрөгөөр газраа чөлөөлнө гэж байгаа юм. Эдгээр айл хувийн өмчийн газар дээр байгаа болохоор бид дураараа халдах ямар ч эрхгүй. Тиймээс үнэ тохиролцохоос өөр аргагүй. Хэрвээ эдгээр айлтай тохиролцож чадахгүй бол уг ажил гацах аюулд орох гээд байна. Мөн станцтай хаяа зэрэгцсэн айлуудын аюулгүй байдлыг хангах талаас нь анхаарах хэрэгтэй. Эхний ээлжинд станцын үйл ажиллагааг хэвийн горимд ажиллуулах, дулаан, бусад түгээлтийн явцад саад болж байгаа айлуудыг чөлөөлнө.  Улаанбаатар хотын зүүн хэсэгт барилгажуулалт, хот байгуулалт үндсэндээ хийгээгүй. Тус станцыг барьж эхэлснээс хойш энэ орчим барилгажиж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилийн дотор Улаанбаатар хотын зүүн хэсгийг орон сууцжуулах, хот байгуулалт хийх бэлтгэл ажлыг уг станц дээр хийгээд дуусч байна. Өөрөөр хэлбэл Гачууртаас цэвэр усны эх үүсвэрээ татаад авчихсан, бохир, цэвэр усны шугамыг төв цэвэрлэх байгууламжтай холбосон. Дулааны станц ашиглалтад ороход бэлэн болж байна. Ингээд энэ орчимд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангагдсан” гэлээ гэжНийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих