Халаас “сэгсрэх” ухаан дутсан Хөвсгөлийнхөн
-Ах аа, усны мотоцикл унахад ямар үнэтэй вэ?
-Сайн мэдэхгүй байна. “Онцгой”-гийн мотоцикл шүү дээ. Цаадуул чинь энүүхэнд тойруулахдаа 15 мянган төгрөг аваад байна билээ гэж моторт завиар жуулчдыг зөөдөг, хижээл насны эрэгтэй мэдэн будилж хэлэв. “Онцгой”-гийн гэж тодотгосон нь учиртай. Хөвсгөл далайд аялах жуулчид усанд унах, ямар нэг осол гарахад энэ мотоциклийг ашиглах ёстой юм билээ. Тэгтэл “халтуур” хийгээд жуулчдад унуулж хэдэн төгрөг олж байгаа нь энэ.
Аялал жуулчлалын салбарт Хөвсгөлийн цуваа дүн тавилаа
Төв шуудангаас тооцож үзэхэд 900 орчим километр засмал зам туулж Хатгал тосгонд ирсэн жуулчдыг усны мотоциклээр аялуулж байгааг буруутгах арга байхгүй. Учир нь үүнээс өөрөөр жуулчдын халаасан дахь хэдэн төгрөгийг “сэгсрэх” арга хөвсгөлчүүдэд одоогоор алга. Тэд утсан загас, баавар цайгаа борлуулж, Улаан-Үдээс авчирсан чулуун гоёл чимэглэлийг хотынхонд сонирхуулах аж.
Зарим нь цаа бугын эврээр үзэгний сав, бэлэг дурсгалын зүйлс хийсэн байлаа. Дотоодын жуулчид үнэ мөнгийг нь ихэд сонирхох боловч авахгүй байх нь элбэг. “Хотод үүнээс гоё чулуун зүүлт бий” гээд л яваад өгнө. Харин утсан загас, цай, эмийн ургамал тэргүүтнийг овоо базааж байгаа харагдсан.
БАДАРЧИНГИЙН АЯЛЛЫН МАРШРУТ
“Хөвсгөл далайг зорих хүмүүс шэйрлээд аваарай” гэсэн тайлбартай газрын зургийг Та фейсбүүкээс харсан л биз дээ. Далай ээждээ очих гурван чиглэлийн замыг уг зурагт тэмдэглэсэн байна билээ. Энэхүү тойм зургийг барьсан монголчуудтай зам дагуу нэлээд олон таарсан юм. Тэд ч, бид ч сувдан хөх далайд очиж амрахаар зорьж яваа дотоодын жуулчид. Харин дотоодын жуулчин гэх гоё нэрний цаана ерөнхийдөө л бадарчин маягийн хүмүүс бий.
Өнөөх нэг сая жуулчин нь ирвэл Хатгал тосгон “будаа”
Монгол бадарчингуудын аяллын маршрут, төлөвлөгөө тун хялбар. Угтаа бол хоолоо хийх савтай, гал залгуулах гаазан пилетка байхад бараг болчихно. Хүнсний зүйлсээ хотоос цуглуулж баглаад машины тээшний савандаа чихчихсэн явдаг. Үүнээс гадна хөнжил пүүгээгээ суудлын дэвсгэр болгож тавиад ор хүртэл засчихна. Ийнхүү тав тухаа хангасан, хөнгөн тэрэг хөлөглөсөн монголчуудыг дотоодын жуулчин гээд байгаа юм. Тэдний онцлог нь хямд төсөр аргаар эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэх. Энэ жил бадарчингуудын тоо эрс өссөнийг наадмын үеэр Хөвсгөлийг зорьсон цуваанаас харж болно.
Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Мөрөнгийн чиглэлийн маршрутын дагуу засмал замаар давхиж, Далай ээжийг үзчихээд Архангай аймгийн нутагт орших Хоргын тогоогоор ч зочлох боломжтой. Гэхдээ шороон замаар давхидаг тул нутгийн хөгшний заах зүгт баримжаа аваад л явна гэсэн үг. Энэ жилийн хувьд бороо асгарч, ган тайлах цагаар дотоодын жуулчид аяллаа үргэлжлүүлсэн. Ийм үед замаа олоход бэрх юм билээ. Хөдөөний замд гаршсан жолоочгүй л бол Мөрөнгөөс Архангай аймаг хүрэхэд тэсвэр тэвчээр шалгана.
Хөвсгөлийн цувааныхны паянг та бүхэн өнгөрсөн өдрүүдэд бишгүйдээ л сонссон байх. Мөнгөгүй, бензингүй, машины урд гуупергүй гээд явж өгнө. Харин тэдний дансанд мөнгө байгааг, хотын шатахуун түгээгүүрийн газар бензин өчнөөнөөрөө бий гэдгийг хэн ч хөндөж ярьсангүй. Өөрөөр хэлбэл, бадарчингууд гаднынхан шиг мөнгөө халааслаад ирсэн ч өнөөхийг нь “сэгсрэх” ухаан хөвсгөлчүүдэд дутаад байгааг харуулна. Хөвсгөлийн Шинэ- Идэр болон Жаргалант сумын банкуудын ажилтнууд бүгд наадамлаад амарсан байв. Тэр бүү хэл, дэлгүүрийн лангуу нь хүртэл хов хоосон байх юм билээ. Өнөөх бадарчингууд эндээс таван хуушуур авъя гэсэн ч бэлэн мөнгөгүй учраас пүүгээгээ задлаад хоолоо хийн идэж таарна.
Аялал жуулчлалын оргил улирал яг өдийд. Гэтэл Хөвсгөлийн Мөрөн хотын шатахууныг яагаад ердийн хэрэглээний түвшинд нөөцөлснийг бодоод ойлгосонгүй. Өнөөх “мөрөөдлийн” нэг сая жуулчин нь ирвэл Хатгал тосгон “будаа”. Далай ээж ч “уйлах” байх. Хаа сайгүй ариун цэврийн цаас хөглөрөөд, цас орсон аятай л харагдана. Яагаад гэж үү? Тэд модон жорлонгоо түгжчихдэг юм билээ.
ХӨВСГӨЛИЙН ЦУВААНЫХАНД ЮУ ТОХИОЛДСОН БЭ?
Хатгал тосгоны постын дэргэдэх уут дүүрэн хогийг та фейсбүүкээр харсан уу? Хатгал тосгон руу нэвтрэхэд нэг хүнээс 300 төгрөгийн хураамж аваад машин тутамд нэг ширхэг хогны уут өгдөг аж. Энэхүү уутандаа хогоо бөөгнүүлээд, гарахдаа постонд тушаана. Үгүй бол торгуулдаг юм байна. Өөрөөр хогны асуудлыг шийдэх дорвитой алхам хийгээгүй нь бас л “гомдмоор”. Хамаа замбараагүй хатгасан хашаан дотор гурваас дөрвөн гэр шомбойхоос ганц ширхэг ангархай хогийн сав байсангүй.
Өөрөөр дахиж өөнтөглөвөл шатахуун түгээгүүрийн олигтой модон жорлон ч газар бензин өчнөөнөөрөө байхгүй байв. Өөр өөрсдийн ариун цэврийг сахиад модон жорлонгоо дангинатал түгжчихнэ. Тэгтэл “Сүхбаатар” хөлөгт суухаар хоёроос гурван цаг дугаарлах 200 хүн хаана бие засах вэ? Чаддагаараа “байгальдана” шүү дээ.
Шинэ-идэр болон Жаргалант сумын банкуудын ажилтнууд бүгд наадамлаад амарсан байв
Ууттай хог, байгалийн жорлонгоос ч илүү тэнд цугласан олныг бухимдуулсан асуудал бий. Өнөөх төлбөртөй зогсоолыг аялал жуулчлалын бүс нутаг болох Хөвсгөлд байгуулмаар санагдсан. Далай ээжийн эрэг дагуу л дөрвөн дугуйтууд давхилдаад байх юм. Нутгийн иргэд аргаа бараад өгөршиж унасан модыг зам дагуу хурд сааруулагчийн оронд тавьжээ. Төдийлэн нэмэр болохгүй байгаа нь “соёолонгийн тоос” шиг цайран харагдах тоосыг харахад андашгүй. Гэтэл гаднын орны далайн эрэг рүү алхаад л явдаг биз дээ. Машинаа төлбөртэй зогсоолд тавьчихаад, цүнхээ үүрээд л далайн эрэг ордог жишиг бий.
Үүнээс гадна үглэх зүйл бишгүй л байна. Дээр дурдсан “онцгой”-гийн усны мотоцикл, хувийн моторт завины аюулгүй ажиллагааг хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй. “Энүүхэнд таван мянгаар, Хүслийн хад орвол 20 мянга шүү” гэж уухилах хөдөөний борог залуучууд өнөөх завиа яг таг хөдөлгөдөг үү гэдэг сонин. Тухайлбал, баяр наадмын үеэр жирэмсэн эмэгтэй моторт завинаас далайд унаж амь насаа алдсан гэнэ. Түүнчлэн саваагүйтэж усанд ороод үйсэн хүн ч байгаа сураг дуулдсан.
Дашрамд нэмэхэд, цаа бугаа зам дагуу зогсоочихоод зураг авахуулахад нэг хүн 1000 төгрөг. Тайгадаа бэлчиж явах учиртай амьтныг ийн “тамлаад” л байж байх юм. Уг нь цаа буга хөвч тайгадаа амьдардаг. Машин зам дагуу зураг хөрөг даруулахад тун ч бэрх. Машины тоосон дунд цагаан шороогоор булуулна. Тэнд тохь тух яриад ч хэрэггүй. “Энд ирснийх энэнтэй (цаа буга) л зургаа хурдан авахуулаад бушуухан явъя” гэх хүн олон байна билээ. Онгон зэрлэг байгалийг өөрөө “зэрлэгшиж” үзэх хэрэгтэй юм даг уу.
Үүний оронд ой модон дотор амьтны хүрээлэн байгуулчихвал 1000 төгрөг байтугай мөнгийг бадарчингууд болоод гаднын жуулчид төлнө дөө. Хатгалын эргээр давхилдаад байлгүй амьтны хүрээлэн оръё гэсээр тал машин нь өөр тийш зүглэх биз.
ЭЦЭСТ НЬ
Бид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гээд л энэ оны эхэнд мөн ч их ярьсан даа. ХБНГУ-ын Берлин хотод болсон аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнгийн түнш орноор оролцож, улсын төсвөөс 7.3 тэрбум төгрөг зарцуулсан. Анх удаа тус салбарыг хөгжүүлэхээр төрөөс “томоор” харж үзсэн нь энэ байв. Тэгтэл энэ жил манайхыг зорих гаднын жуулчдын тоо харьцангуй бага байгааг салбарынхан онцолж буйг бид өмнө нь мэдээлсэн.
Дайн дээр дажин гэгчээр бадарчингуудаа ч ая тухтай амрааж чадсангүй. Тэд ХААН банкны дансандаа мөнгөө “түгжүүлээд”, Хөвсгөлд үрж чадсангүй. Үрье гэсэн ч үйлчилгээ нь байхгүй, цэвэр “байгальдах” хэрэгтэйг дээр дурдсан. Эхний жишээ нь өнөөх ариун цэврийн өрөө шүү дээ.
Үүнээс гадна манайд морилох сая, сая жуулчин “American express”, “Visa”, “Master” картнаасаа хаанаас хэрхэн мөнгөө авч, бидэнд өгөх нь асуулт болон үлдэж байна. Бор зүрхээрээ хөгжих аялал жуулчлалын салбарынханд Хөвсгөлийн цуваа дүн тавьж, төр засгийнхан зөв зүйлдээ хөрөнгөө хаях хэрэгтэйг дахин сануулж байна.
Э.Хулан
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ядаж АТМ олдохгүй аймар тэнэг байлаа. бид бэлэн мөнгөний хэрэг гарвал хөвсгөлийнхөн шиг бөөлжөөд гаргаж чадахгүй шүү дээ.