14 настай хүүхэд тарваган тахлын улмаас нас баржээ

143744187755ad9f556b91dТарваган тахлын улмаас хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын  харьяат 14 настай Г гэх хүүхэд тахал туссаны улмаас өндөр халууран өчигдөр буюу  энэ сарын 21-ний 03.00 цагт нас барсан байна. Талийгаач  энэ сарын 12-ны өдөр тарваганы мах идсэний улмаас их хэмжээгээр халууран суганых нь булчирхай цочсон байдалтайгаар  18-ны өдөр сумынхаа эмнэлэгт хүргэгджээ.  Тахлын эрсэг вакцин хийж байсан багийнхан өвчтөнийг илрүүлсэн бөгөөд тахал гарсан бүс нутагт 30 хүн байсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Манай улсын 17 аймгийн 132 суманд тарваган тахал гарах эрсдэл их байна. Ялангуяа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт идэвхжил өндөртэй байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүлсэн байна. Тарваган тахал нь байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Өвчилсөн амьтан агнах, өвчих, арьс маханд хүрэх үед болон өвчилсөн хүнийг асрах, сувилах, мах, цөс, хүн мах, арьс гэх мэт дутуу боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх, бөөс бүүрэгт хазуулах зэрэг тохиолдолд халдвар авдаг байна. Халдвар авснаас хойш дунджаар 2-3 хоногт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх зэрэг ерөнхий хордлогын шинж илрэхээс гадна нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү гарч, цусархаг шүүдэс бүхий цэврүү үүсэн, булчирхай томорч хүчтэй өвддөг аж.

Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах,хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөж бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинж илэрнэ. Иймээс үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  зөвлөж байна. Манай улс Бүгд найрамдах Казахстан Улсаас 29 мянган тун вакцин авч 17 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж дархлаажуулалт хийж эхэлсэн.

Вакцинд тахлын голомтод оршин суугаа иргэд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагынхан гээд эрсдэлтэй бүлгийн хүмүүс үнэ төлбөргүй хамрагдаж байна. Тахлын голомт бүхий нутаг руу явах жирийн иргэд хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд очин тодорхой хэмжээний төлбөр төлж вакцин хийлгэж болох юм байна.

Мэдээний эх сурвалж: time.mn


URL:

Сэтгэгдэл бичих