20 минутын бороонд “нуур” болчихдог авто замуудыг ус зайлуулах шугамтай болгоё

Автозамын чанар 20 минут үргэлжилсэн бороонд тараа таниулав

Нийслэлийн автозамын чанар 20 минут үргэлжилсэн борооны усанд тараа таниулав.

Бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн тулгуур болсон автозамууд шинээр тавигдаж байгаа нь сайшаалтай.

Гэвч манай улсад замын чанар гэдэг ойлголт огт байхгүй болсон нь хэдхэн минут үргэлжилсэн борооны усанд автсан замын дүр төрх бэлхэнээ илтгэнэ.

3gjekpgijgli1g92sa2mbsbnmq

Замын чанар гэдэг ойлголтод нэлээд олон зүйл хамаарах ч дулааны улиралд замыг эвдлэгч гол хүчин зүйл болох борооны ус зайлуулах шугам замын чанарт маш ихээр нөлөөлдөг болохыг албаны хүмүүс өгүүлдэг.

Замын чанарыг сайшруулж, насыг уртасгахын тулд яах аргагүй автозамын ус зайлуулах шугам хоолойг хийх нь юунаас илүү чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч нийслэлийн автозамын 30 хүрэхгүй хувь нь л ус зайлуулах шугамтай гэдгийг албаны хүмүүс өгүүлдэг.

Сүүлийн жилүүдэд баригдаж буй замууд ус зайлуулах шугамгүй, ганц нэгэн шугам хоолой нь чанарын шаардлага хангахгүй байгааг замаар гол мөрөн мэт урсах ус бэлхэнээ харуулна. Энэ мэт байдлаас үүдэж зам засварын ажилд жил болгон хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг нь ёстой л олны хэлдэгээр “Тэнэг толгой хөлийн дайсан” гэдэг үгийг санагдуулна.

Уг нь эхнээсээ л ус зайлуулах шугамтай, түүнийгээ чанартай хийдэг, хийсэнд нь хяналт тавиад сурчихвал борооны усанд зам идэгдэж, эвдрэхгүй л байлтай.

Энэ жил 13.6 км ус зайлуулах далд шугамын ажил хийхээр болжээ

“Энэ жил нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн.  Харин 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийхээр болжээ. Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай хийгдэж байгаа аж.  Гэрээнд зааснаар ажил ирэх наймдугаар сарын 1-нд дуусах учиртай” гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн гэнэтхэн гал мэт дүрэлцэн түгэв.

Энэ нь мэдээж л замын ус зайлуулах шугам байхгүй байгаа гэх мэдээллийг үгүйсгэж, замыг ус зайлуулах шугамтай тавьдаг мэтээр харагдуулах гэсэн эрх мэдэлтэнгүүдийн башир арга гэлтэй.

Уг нь автозамын ажлыг явган хүний болон ус зайлуулах шугамтай хамт хийх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог. Харин амьдрал дээр байдал эсэргээрээ буюу ус зайлуулах шугам хийхгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

Нийслэлчүүд айдас бороо болжээ

Нийслэлчүүд бороо орохоор айдаг болжээ. Ийнхүү өгүүлэхийн учир нь автозамыг ус зайлуулах шугамгүй хийснээс иргэд зам дээр тогтсон шавартай усанд булуулсаар эцэст нь бороо орохоос айдаг болсон байна.

Эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхтэй ард түмэн өдгөө хүсэн хүлээдэг зуны дэлгэр цагийн аз жаргал болох борооноосоо хүртэл айдаг болсон нь мөнөөх л ус зайлуулах шугамгүй баригдсан автозам, ухамсар муутай жолооч нараас болж байгаа хэрэг.

Замаар нэлийтэл урсах борооны усыг гатлах жолооч нар явган зорчигчид руу бохир ус цацаж, уур бухимдлыг төрүүлдэг нь борооноос айх гол шалтгаан болоод байгаа юм. Энэ бол зөвхөн явган зорчигч нарын зовлон.

Мэдээж борооны үеэр болон дараа нь замын хажуугаар явган алхдаггүй эрхэм гишүүд, албаны хүмүүс үүнийг яахан ойлгох билээ. Тиймээс ард түмнийхээ зовлонг ойлгож, замыг ус зайлуулах шугамтай хийдэг болгож өгөхийг иргэд хүсч байгааг энд уламжлах нь зүйтэй болов уу.

Замыг ус зайлуулах шуамтай нь хамт хийдэг болгох хэрэгтэй

 Өнгөрсөн 2012-2014 онд нийслэлд 81.9 км авто зам, 144.9 км автозамыг өргөтгөж шинэчлэсэн. 654.9 урт метр төмөр бетон гүүрийг шинээр барьж, 380.7 метр урт гүүрийг өргөтгөн шинэчлэж, явган хүнд зориулсан 3 гүүрэн гарц, 1 нүхэн гарц, төмөр зам доогуур 2 байршилд нүхэн гарц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна.

Дээрх ажлыг 2008-2012 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт 4,1 дахин  их хийгдсэн. Хийсэн замын уртаар үзвэл 3 дахин урт замыг хийсэн гээд замын бүтээн байгуулалттай холбоотой таатай мэдээллүүд хөврөх боловч чанарын асуудлыг огт ярихгүй хянаж, шалгахгүй байгаа нь л өнөөдрийн асуудал болоод байгаа юм. Түүнчлэн дээрх мэдээлэлд ус зайлуулах шугам гэх нэг ч үг байхгүй байгаа нь бас л хачирхалтай.

Тиймээс замын чанарыг сайжруулж, борооны ус зайлуулах шугамтай болгох шаардлагатай байна гэдгийг холбогдох албаны хүмүүс дахин дуулгая.

24tsag.mn

 


URL:

Нэр: Зочин Огноо: 22 July 2015

Мэр Энхболд, Алимаа, Мөнхбаяр нарын үед санаатайгаар борооны ус зайлуулах шугамгүй замыг барьж, жил болгон зам барих засах нэрийдлээр ниймлэлийн замыг саалийн үнээ болгож ашигласан даа. Жинхэнэ цагаан захтай луйварчид.

Сэтгэгдэл бичих