Түүхий самарнаас шар өвчний халдвар “дэгджээ”

-Одоогийн байдлаар 200 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж-

Самар бүрэн боловсрох хугацаа болоогүй ч нийслэлд самрын бизнес “цэцэглэж” байна. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил самрын ургац их байгаа аж. Учир нь хоёроос гурван жилд нэг удаа тохиодог самар боловсрох их үрийн жил энэ онд тохиожээ. Албаныхны яриагаар бол самрын болц есдүгээр сарын 10-наас хойш бүрэн болдог байна. Энэ үед нь иргэн, аж ахуйн нэг килограмм тутамд нь 500 төгрөг төлж зөвшөөрөгдсөн хэмжээнд нь самар түүх эрхтэй болдог гэнэ.

Гэтэл манайхан боловсорч гүйцээгүй самар түүсээр, цөмсөөр. Түүхий самар хэрэглэх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй төдийгүй эрүүл мэндэд хор уршигтай. Боловсроогүй самар идсэнээр гэдэсний халдварт өвчин тусах магадлалтай юм байна. Хуульд зааснаар бол түүхий самар түүсэн иргэнд 100 мянган төгрөгийн торгууль тавьдаг.

Гэтэл хулгайгаар самар түүгчид хуулиас гадуур ойд гарч самар түүсээр байна. Самар түүж буй иргэдийн дийлэнх хувийг амьдралын бололцоо тааруу иргэдээс гадна, тэнэмэл хүмүүс эзэлдэг аж. Мэргэжлийн байгууллагууд нийслэлд зарагдаж буй түүхий самарт хяналт тавьж байгаа ч нэмэр болохгүй буйгаа учирлаж суусан. Чөмөг нь усаараа шахуу байгаа самрыг мөнгө олох хэрэгслээ болгогсод ой руу дайрсаар байна.

Самрын бизнест хүчээ үзэх гэсэн иргэд олноороо ойд тухалсныг албаныхан хэлж байв. Холбогдох байгууллагуудаас эдгээр хүмүүсийг уулнаас гаргах арга хэмжээ авч эхэлсэн ч дийлдэхгүй байгаа гэнэ. Өнгөрөгч долоо хоногт хууль бусаар самар түүж байсан олон иргэдийг уулнаас буулгажээ. Түүнчлэн хэн дуртай нэг нь шуудай барьж модонд авирч амиа алдах тохиолдол ч цөөнгүй гарчээ.

Тухайлбал, энэ сарын 4-нд Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбулагийн аманд самар түүж явсан иргэн амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач нь 54 настай Б гэгч байжээ. Тэрээр самар түүж байгаад модон дээрээс хөл алдан унаж нас барсан болохыг цагдаагийнхан тогтоосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач модноос унах үедээ өлгөгдөж улмаар цус алдсан аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр самар түүж явсан хоёр иргэн амиа алдсан тухай мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн хамгаалалтад гарчээ. Ийнхүү хөлгүй их ургасан самар хүний аминд хүрсээр, хүчнийхнийг “түргэн авахуулсаар” байна.

Нийслэлд зарагдаж буй самрыг худалдан авч буй хүмүүсийн тэн хагасыг хүүхдүүд эзэлж байгаа. Тэдний дийлэнх хувь нь гэдэсний өвчнөөр эмнэлэгт хандсаныг албаны хүмүүс хэлж байна. Түүнчлэн түүхий самар хэрэглэсэн хүүхдүүд шар өвчнөөр өвдөх нь элбэг гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр хэвтэн эмчлүүлж буй хүний хагас буюу 200 гаруй нь шар өвчний халдвар тээжээ. Эдгээр өвчлөгсдийн ихэнхийг хүүхэд эзэлжээ. Эмч нарын хэлж буйгаар болц нь гүйцээгүйн дээр, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд цайруулсан самар идвэл халдварт шар, гэдэсний өвчин тусах магадлал өндөр гэдгийг сануулдаг.

Гэвч үнэндээ түүхий самарнаас биш бохир гараас үүдэж гэдэсний халдвар, шар өвчин дэгдэж байна. Хүүхдүүд самар цөмөхдөө гарын ариун цэврийг сахиагүйн улмаас өвчилдөг байна. Тиймээс үр хүүхдээ өвчлүүлэхгүйн тулд эцэг, эхчүүд үлгэр дууриалал болж гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм.

А.Лхагважав http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих