“Донсолгоотой” долоон сар
Хаврын чуулган завсарласан энэ өдрүүдэд монголчууд маань найр наадмын хөлд дарагдаж байна. Энд ч наадам, тэнд ч наадам болж “бяцхан тойром”-доо сүртэйхэн тэмцдэг улс төрийн ертөнц “нойрсож” байна.
Их хурлын дарга хаврын чуулганы хаалтын индэр дээрээс “наймдугаар сард ээлжит бусаар цуглана. Гишүүд ажил амралтаа зохицуулаарай” хэмээн айлдсан. Гэвч санал авахад гишүүд ээлжит чуулганыг есдүгээр сард байвал зүгээр гэж олонхоороо хариулжээ. ямартаа ч энэ долоо хоногтоо багтаж З.Энхболлд дарга шийдээ гаргах байх.
Хэдийгээр баяр ёслол, улс төрийн амралт таарсан ч долдугаар сард нэлээдгүй сонин хачин үйл явдлууд өрнөлөө. Ингээд энэ бүгдийг тоймлон өгүүлье.
Энэ сарын хамгийн “хит” үйл явдал бол Ерөнхийлөгчийн айлчлалыг тайлбарласан тоймчийн мэдээлэл байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад энэ сарын 7-9-ний өдрүүдэд оролцсон юм. Тэрбээр дээрх арга хэмжээний үеэр хэд хэдэн төрийн тэргүүдтэй уулзаж санал солилцсон. Мөн үүнээс гадна Уфа хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж байна. Энэхүү уулзалтын үеэр Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавьсан. Хамгийн сонирхолтой нь уг уулзалтыг ТВ9 телевизээр олон улсын тоймч Ш.Гантулга тайлбайрлахдаа “Өнгөрсөн жил анх эхэлсэн 3 улсын дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж саяхан Уфа хотод болсон билээ. Үр дүн нь Монгол Хятадаас асууж байж Орос улстай харилцах боллоо, ОХУ одоо Монгол Улсад ямарч тусламжийг үзүүлж чадахгүй. Орос Монголын цаашдын харилцаа бол 2015 оны 7 сарын 10-аас хойш зөвхөн Хятад улсын зөвшөөрөлтэйгээр болох боломжтой гэдгийг анхааруулсан байна” хэмээн тайлбарласан нь олны анхаарлыг ихээхэн татлаа. Энэ нь наадмын дараах өдрүүдэд нэг хэсэгтээ сошиал медиагаар олны анхаарлын төвд байж чадсан. Албаны эх сурвалжууд хэлэхдээ Уфад энэ талаар огт яригдаагүй гэсэн билээ.
Өгсөн 10 хоног нь дууслаа
Өнгөрсөн сарын сүүлээр АН-ынхан хамтрагчаасаа нүүр буруулж, Гүйцэтгэх зөвлөл нь МАН-ыг засгаас гаргахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг ч дэмжсэн. Үйл явдлын өрнөл хэсэгт нь Ерөнхийлөгч их хурал суудалтай намын дарга нар болон бүлгийн удирдлагуудтай ярилцсан. Тэрбээр хэлэхдээ асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар шийдэж, эвлүүлсэн засгаа бутраахгүй байхыг хатуу сануулсан юм. Харин АН-ынхан МАН-д 10 хоног бодох хугацааг өгч буйгаа мэдэгдсэнээр асуудал намжлаа. Ирэх сарын эхээр хуралдаж магадгүй байгаа ээлжит бус чуулганаар уг асуудлыг шийдвэрлэнэ. Ямартаа ч наадам болтол харна гэсэн 10 хоног нь дууссан. Үйл явц хэрхэн өрнөж, улс төрийн тавцанд ямар нүүдэл болохыг ирэх өдрүүдэд харах л үлдлээ.
Наадмын өдрүүдэд нэлээд олон хүний алтан амь эрсдлээ
Энэ жил улс орон даяар ган гачигтай зуншлага тааруу байгаа ч гэсэн Монгол түмэн жилдээ ганцхан болдог эрийн гурван наадмаа дэнж хотолтойл сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр баярын өдрүүдэд туйлын харамсалтай хэд хэдэн хэрэг гарсан юм. Тодруулбал, “Алтай таванбогд” ууланд авирч байсан таван уулчин амь эрсдэж, эрэл хайгуулын эцэст цогцсыг нь олсон юм. Талийгаачдын цогцсыг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт авч ирсэн. Мэргэжлийн бус уулчид байсан гэж албаныхан мэдээлсэн юм.
Өс хонзонгийн сэдлээр авга ахынхаа гэр бүлийг хөнөөсөн хэрэг
Үндэсний их баяр наадмын өмнөхөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус сумын иргэн 52 настай Б-г 11 настай охинтой нь хамт буудан хөнөөж, харин эхнэрийг нь хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэг энэ сарын 5-нд гарсан бөгөөд хохирогчдын цогцсыг хашаанд нь булсан байсныг Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд 11-нд олж, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хамтран шуурхай ажилласны дүнд сэжигтнийг тогтоон баривчилаад байгаа юм. Гэмт этгээд хэрэг үйлдсэнээсээ хойш нэгэн айлд бүгэж байсан гэнэ.
Энэ хэргийн сэжигтэн нь 34 настай, Б гэгч бөгөөд гэрийн эзний ахынх нь хүүхэд байжээ. Тэрбээр 2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл анги буюу танхайн хэргээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын хорих ангид таван жил ял эдэлсэн нэгэн аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б энэ хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн болохыг тогтоожээ.
Г.Бат
zaluu.com
URL: