Гацууртын ордод хувиараа алт олборлогчид дураараа дургиж байна
Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Гацуурт”-ын ордод бидний нэрлэдгээр “нинжа” нэртэй хувиараа ашигт малтмал олборлогчид үнэхээр алт олборлоод байгаа эсэхийг үзэхээр сониуч зандаа хөтлөгдсөн үзэг нэгт бидний хэсэг нөхөд наадмын өмнөхөн энэ ордыг зорьсон юм.
Уул ус нь жигдэрсэн, сүр бараатай, үзэсгэлэн төгс биширмээр ёстой л бурхны орон гэмээр газар бол “Ноён уул” билээ. Байгалийн сайхан бүхэн бүрдсэн үзэсгэлэнтэй энэ уулсын ойролцоох “Гацуурт”-ын ордод “нинжа” нар байна аа. Зам зуур мотоцикль сундалсан залуучууд бидэнтэй цөөнгүй тааралдав. Тэд богино иштэй алх зэрэг багажаа мотоциклийнхээ ард бэхлээд сундалдацгаан явж байлаа.
Мөн улсын дугааргүй, УАЗ-469 маркийн авто машин тоос босгон давхина. Ачааны “31” маркийн авто машины ачаан дээр бас хэд хэдэн хүмүүс суучихсан явж байв. Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй бөгөөд “бурхангүй газрын бумба галзуурав” гэгчээр юм болдог ажээ.
Гэтэл сүр дуулиан болгон зарлаад, уул ус, нутаг орноо ухаж төнхүүлэхгүй хэмээн лоозогнож, өлсгөлөн хүртэл зарлаад авсан “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн хаана явна вэ? Замын хажуугаар ганц нэг “Ноён уулаа аваръя, Монголын газар нутгаас харийнхныг зайлуулъя” гэсэн лоозон бүхий үгтэй плакат байрлуулснаас өөр зүйл алга. Харин ар хударгаар нь аалзны шүлс шиг торлон, сохор номин шиг газар ухагчид уул усыг маань харин ч нэг хөндөөд байгаа юм биш үү.
“Сентерра гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнууд хүч хүрдэггүй гэнэ
Бид явсаар “зогс” гэсэн хаягтай хэрнээ хаалга, хашаа нь эвдэрчихсэн газар тулан очлоо. Анхааруулга тэмдэг, санамж байх авч, “Сентерра гоулд Монголия” компанийн хамгаалалтын хашааг эвдэлсэн харагдана. Тэр хаалтын хажуугаар дайран ордог машины зам зурайж байлаа. Энд авто машины хоёр салаа зам байв.
Нэг нь “Гацуурт”-ын ордын талбай руу очдог сайжруулан зассан зам, нөгөө нь энэ замаасаа баруун гар тийш салаад огцом дээшээ өгссөн зам байлаа. Ийшээ давхар мосттой авто машин л гарах боломжтой. Харин бидний унаж ирсэн хүн тээврийн жижиг тэрэг хавьтахгүй бололтой. Дээшээ уулын орой руу гарсан зам буюу явганаар бол лав 10 км алхаж очдог юм байна.
Энэ байдлыг харан байтал дээрээс хоёр хүн явганаар бууж ирлээ. Тэд Орхон аймгийн дугаартай жижиг тэргэнд суулаа, тэр тэрэгний хаалга онгойход арын суудлын дор нь шуудайтай шороо харагдаж байв.
Бид ч хамгаалалтын эвдэрсэн хаалгаар нь орж цааш хаашаа хүрэхийг мэдэхээр сайжруулсан замаар нь явж байгаад дахин хамгаалалттай хашаанд хүрч, “Сентерра гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнуудтай туллаа. Тэднээс энэ хавиар нинжа нар байдаг уу гэхэд, “Өө, энд тэндгүй байгаа. Хулгайгаар мэдэгдэхгүй хаагуур ч хамаагүй орчихдог. Бид хүч хүрдэггүй” гэж тайлбарласан.
Хүннүгийн булш Төв аймагт байдаг гэнэ
Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай “лан” хүрэхгүй хэмжээний алт гардаг аж. Бид буцах замдаа мотоцикль сундалсан 40 эргэм настай хоёр залуутай уулзаж яриа өрнүүлсэн. Тэд орой эргээд ууланд гарна хэмээн хэлэхдээ биднээс “Та нар нар уулнаас ирж байгаа алтны хүмүүс үү” хэмээн асуув. Бид юу ч хэлсэнгүй. Гэхдээ яриа өрнүүлсэн. Тэд ууланд мотоцикльтойгоо гардаг аж. Бас машинтай. Машиндаа чулуу, шороогоо ачиж аваад л явдаг байна.
Бидний “замчин” 15-16 жил хувиараа алт олборлож байгаа юм байна. Тэр ярихдаа: “Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай “лан” хүрэхгүй хэмжээний алт гардаг. Хүннүгийн булш байхгүй ээ, Төв аймагт байдаг гэсэн. Би тийм юмтай ер нь таарч байгаагүй. Харин Баянхонгорт бол аз таарвал “лан” алт гарна шүү. Өнгөрсөн жил би Баянхонгорт очиж алт ухсан. Хонгорт байдаг хүмүүс “хажууд чинь ойрхон алт байхад үхсэнээ хийж энд ирдэг байна аа” гээд л… байна лээ. Баянхонгорын алт сорьц багатай байдаг юм хэмээн ярилаа.
Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар мөнгө олж байна
“Гацуурт”-ын ордод хувиараа алт олборлогч хэдэн хүн байгааг бид сонирхлоо. “Урьд нь хөл толгой нь мэдэгдэхгүй олон хүн байсан. Харин ойрдоо тосгоны 50 жилийн ой болоод цөөрсөн байна. Гэхдээ цөөндөө л 100-гаад хүн байгаа. Орой болохоор “овгор”-ууд, бас “босс”-ууд нь орж ирнэ. Гал галаараа нүхээ хамгаална.
Энд чинь бас хөөрхөн юм болно шүү дээ. Зарим нь дээрэмдэнэ. Нудралцаан болно гэж ярилаа. “Босс” гэдэг нь мөнгөтэй нь. Харин “овгор” гэдэг нь шорон оронгоос гарсан зөөлнөөр хэлэхэд “танхайчууд” аж. Энд бас бичигдээгүй хууль үйлчилдэг. Зарим нь нүхээ өдөр шөнөгүй хамгаалж, нүхэндээ хүн оруулаад тавь тавин хувиар олзоо хувааж авна. Энэ бол миний ойлгосноор “дошны тарвага” юм уу даа. Зүгээр нүх хараад л баяжаад байх нь.
Зарим нь шинээр өөрийн гэсэн нүх ухаж түүнийгээ өөрсдөө авна. Энэ бол хуваахгүй гэсэн үг. Гэхдээ чоно борооноор гэгчээр оройдоо ирдэг босс, овгоруудад олзныхоо хагасыг нь алдах магадлалтай аж. Энэ мэт нэг удаагийн явалт буюу нэгээс хоёр хоногт хамгийн доод тал нь долоон зуун мянган төгрөгний орлого олдог байна.
Тийм учраас зарим нь “зүгээр байхаар ууланд гараад ирье” гээд хэрэгцээнийхээ мөнгийг “Ноён уул”-ын байгалийн хишгээс олчихоод дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Харин эд нар татвар хэзээ ч төлөхгүй, байгалийн нөхөн сэргээлт хийх талаар бүр санаад ч хэрэггүй. Тэгээд бас мөнгө хэдий олдог ч чинээлэг, сэтгэл амгалан амьдрал энд алга аа. Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар мөнгө олж байна.
Энд Монгол Улсын хууль хэзээ ч үйлчилж чаддаггүй аж
Нинжа нар хаагуур ч хамаагүй дураараа явж байдаг бөгөөд нууцаар эргэн ирдэг аж. Албаны эх сурвалжаар Мандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ц.Ганболдоос тодрууллаа. Тэрээр:”Бид хэд хэдэн удаагийн тохиолдолд газар дээрээс нь нинжа нарыг тараасан.
Энэ байдал “Гацуурт”-ын талбайд болж байгаа. Гэхдээ давхардсан тоогоор 70-80 хүн бий. Энэ бол хууль бус үйл ажиллагаа учраас бид арга хэмжээ авч, хүмүүсийг тарааж, буулгадаг. Техник хэрэгслийг нь саатуулдаг. Гэвч, нууцаар эргээд гарчихдаг юм. Тэд хаагуур ч хамаагүй дураараа явж байна” хэмээн хэллээ.
“Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас нинжа нар “хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны захирагч С.Раднаабазар: “Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас л нинжа нар “хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байна. Бид хөөлөг, туулга хийгээд байгаа ч тэднийг хорих аргагүй юм. Хууль ёсоор бол болохгүй асуудал. Ер нь хүндхэн байна” хэмээн ярьсан юм.
Оюуны ядуурал энд нүүрлэж байна
Энд байгаль дэлхий, нутаг ус, газар шороо маань нүдэнд үл үзэгдэх аалзны торонд хүлэгдэж, дахин сэргээгдэхгүйгээр өмөрч байна. Ийм л амьдрал энэ ууланд эргэлдэж байна. Зүгээр байхаар ууланд гарч алт олъё гэдэг хүмүүсийн хувьд “эргээд хоёр хоноод ахиад мөнгөтэй болно” гэсэн сэтгэлгээ бүр тогтчихсон учраас ихэнх нь төгрөг хэмээх эргэлтийн хөрөнгийг юман чинээ бодохгүй, ашиггүйгээр зарцуулж, архидан согтуурч, нийгмийн эмх замбараагүй, засаг захиргаагүй байдал бий болж, оюуны ядуурал энд нүүрлэж байна.
Монгол Улсын Стратегийн ордод бүртгэлтэй энэ ордын газар нутгийг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахгүй бол улсад ашиггүй, нийгмийн хөгжилд бүр ч нэмэргүй, байгалийн нөхөн сэргээлт хийгдэхгүйгээр хэнд ч хэрэггүй дуусах бололтой.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: www.montsame.gov.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ГАДЫХАН ИДСЭН ДОР МОНГОЛ ХҮН ИДЭГ НЭГ МОНГОЛ ХҮН МӨНГӨТЭЙ БОЛОГ ЕР НЬ АРДУУДАА ОРУУЛЖ УХУУЛ