Бөмбөрцөг бөөрөнхий : Хэтэвчээрээ эрх мэдлийн оройд гарч болдгийг үлгэрлэсэн “бөгс долоогч” бол Сү.Батболд
Хээгүй Ерөнхийлөгч Монгол Улсыг бар болгох гэж зориод барсангүй. Баар улс болгон хувиргалаа гэсэн шүүмж дагуулав. Хээгүйг хийгүйгээр солих нийгмийн хэрэгцээ шаардлага аяндаа буй болов. Үүнийг гүйцэлдүүлэх үүрэг МАХН, түүний Ерөнхий нарийн бичгийн дарга Намбарын Энхбаярт оногдов. Тэгэхэд би тус намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байлаа.
Сонгуулийг удирдан зохион байгуулах төв штабын нарийн бичгийн даргаар тохоон томилогдов. Төв штабынханд сонгуулийн кампанит ажлын талаар цуврал лекц сонсгох шаардлага гарлаа. Тийм сэдвийн нэгийг доктор Ч.Даваадашид санал болгож урив. Тэр бол Намын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн. Толгойтой. Номтой хүн. Баахан үзүүлэн бэлтгэж иржээ. Хариуцлагатай хандсаны нотолгоо. Штабынханд бүтэн хоёр цаг онол уншлаа. Ишлэл татаж байгаад л итгэл төрүүлэхүйцээр ярив.
Лекцээ дуусгаад олон цаасаа эмхэлж хумьж авангаа та нар дайчин давшингуй ажиллах хэрэгтэй. Хээгүйг ялж ядах юу байсан юм. Нэр хүнд нь нийгэмд навс унаж байна ш дээ. Тэрний хажууд манай намаас нэр дэвшигч Багабанди чинь хийгүй эр шүү дээ гэв. Хийгүй гэсэн энэ ганц үг тархи руу гадас шиг шигдэн орж байна.
МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Багабандийг хээгүй Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай харьцуулах юм бол үнэхээр хийгүй гэж хэлж тодотгож болох нэгэн байлаа. Тэр МАХН-ын анхны даргаар сонгогдоод ажиллаж байсан цаг үе. МАХН парламентад цөөнх болж дөрвөн жил УИХ дахь намын бүлгийн ахлагчаар үр бүтээлтэй ажиллаж хамт олныхоо лидерээр тодроод байсан он жилүүд.
Нэр дэвшигчийн нээлтэд зориулсан намын гишүүд, дэмжигчдийн цуглааныг МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулсан юм. Суудал дүүрээд шалан дээр хүмүүс багтаж ядан суусан байж билээ. Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр хоёр тайзан дээр хөтлөлцөн гарч ирэв. Ерөнхий нарийн бичгийн дарга үгээ хэллээ. Энэ үгнээс их зүйл хамаарах байв.
Тийм болохоор төв штабынхан хэр чадлаараа чармайн бэлтгэсэн билээ. “Хээгүй Ерөнхийлөгчийг хийгүй Ерөнхийлөгчөөр сольж өөрчлөх түүхэн хариуцлагатай цаг үеийн өмнө Монгол Улс тулж ирлээ. МАХН хийгүй Ерөнхийлөгч Нацагийн Багабандийг монголын ард түмэнд санал болгож байна” гэж Намбарын Энхбаярыг хэлэхэд аадар бороо асгарах адил алга нижигнүүлэв. Бүгд суудлаасаа босчээ. Орлилдон бүр чарлалдаж байв. Үгэн сум байгаа яг онож туссан байлаа.
Хийгүй гэсэн ганцхан үг Нацагийн Багабандийн имиж болж хувирав. Үүнээс өөрөөр түүнийг тодотгож тодорхойлохын аргагүй харагдаж байлаа. Урьд нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод Их хурлыг даргалчихсан болохоор лут туршлагажжээ. Хазгай гишгэнэ гэж ер үгүй. Халширч шантарч ухарна гэж байхгүй. Зөвхөн урагшаа хошуучлан зүтгэнэ. Ярьж хэлж байгаа нь унацтай. Чихэнд наалдацтай. Итгэл үнэмшилтэй. Ард олноо араасаа дагуулж чадаж байлаа.
Нэр дэвшигч ийм байна гэдэг төв штабынханд бөөн олз. Тийм болохоор хамтарч ажиллахад урамтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө би хэсэг нөхдийн хамт төв зах дээр очиж түүний зурагтай халаасны календарь тараав. Хэдэн зуу, мянгаар нь. Хүмүүс булаалдан авч байлаа. Хийгүй Ерөнхийлөгчийнхөө зургийг гэртээ тавина гэж нэг авгай урамтай нь аргагүй хэлэв.
Хээгүйгээ хийгүйгээр солих цаг болсоон гэж хижээлдүү насны эр итгэлтэйгээр өгүүлэв. Эндээс бид манай нэр дэвшигч гарцаагүй ялах юм байна гэдэгт бүр ч итгэж билээ. Тэр ёсоор болж Нацагийн Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүнийг би нилээд эртээс мэддэг байлаа. Эрхүү хотноо Улсын Их Сургуулийн дэргэдэх орос хэлний бэлтгэл ангид нэг жил хамт суралцсан юм. Оюутан цагийн анд нөхөд гэж хэлж болно. Сүүлд үзэл суртлын салбарт хамтарч ажилласан нь бас бий. Хожим МАХН-ыг мандаж биш гундаж явахад нь тэмцлийн нэг шугаман дээр байлцжээ. Би зохиолч, сэтгүүлч хүн. Эрин цаг үеэ магтан дуулдаг, бас шилбүүрдэн шүүмжилдэг. Энэ бол миний мэргэжлийн өвөрмөц онцлог. Түүндээ эдүгээ ч үнэнч яваа. Би зарим танилдаа бичсэн номоо дурсгахдаа “Манай үеийнхнээс Монгол Улсын сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди төрж гарсан юм. Үүгээрээ бид бахархахгүй юм бол өөр юугаараа бахархах билээ” гэж бичиж өгөх дуртай. Бид нэгэн оны цэргүүд болохоор тэр.
Багабанди тун чамбай, бас нямбай. УИХ-ын даргаар, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан арван зургаан жилийн түүхэн замнал нь үүнийг гэрчилнэ. Гадаад Яамны олон улсын харилцааны мэргэжилтнүүд, орос болоод англи хэлний мэргэжлийн орчуулагч нэг биш хүн надад түүнийг их логиктой ярьдаг, орчуулахад урамтай. Бас яриа хөөрөөг амьдралын бодит жишээ баримтаар, ялангуяа зүйр цэцэн үг, утга зохиолын уран хэл хэллэгээр баяжуулж чаддаг гэцгээж билээ.
Намайг Польш улсад Элчин сайдаар ажиллаж, Украин болоод Балтын гурван оронд хавсран сууж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Литва, Эстони, Латви улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Элчин сайдын яам, Элчин сайд өөрөө биечлэн бэлтгэлийг хангах нь ойлгомжтой шүүдээ. Ерөнхийлөгчийн айлчлалд ашиглах, яриа хэлэлцээнд нь санаа авахуулах зүйлсийг бид урьдчилж бэлтгэн илгээгээд сүүлд нь айлчлалын явц дахь Ерөнхийлөгчийн яриа хэлэлцээ, уулзалтын явцаас анзаарч ажиглахад далаас наян хувийг нь чадамгай ашиглаж байж билээ.
Энэ бол мэргэжилтнүүдийн үг яриа, үндэслэлд тэрбээр баттай тулгуурлаж чадаж буйн баталгаа. Улсын Ерөнхийлөгч хүний амнаас нэг ширхэг сул үг унагадаггүйн тод жишээ, холбогдох материал, мэдээ мэдээлэлтэй, туйлын нягт нямбай ажиллаж сурсны баримт мөн гэлтэй. Хийгүй хэмээх өнөөх алдарт тодотголын бодит илэрхийлэл лавтайяа мөн.
Багабандийг яасан их магтах юм бэ гэж уншигчдын зарим нь надад дургүйцэж болно. Өөлбөл түүнд гажиг согог байлгүй яахав. Эв эрүүл энхийн цагаан тагтаа хараахан биш. Ерөнхийдөө зожигдуу талдаа. Хүн бүртэй хэлхэлдээд, сүжирхээд сүүлэрхээд явахгүй. Хэрэгтэй хүнтэйгээ л найзлана, нөхөрлөнө. Эрхэлж хашиж ирсэн алба тушаал нь ийм болгоход нөлөөлсөн буй заа гэж бодном. Яхир бас хахир гэж нэмж хэлье.
Юм бүгдэд тооцоо судалгаатай хандана. Ийм хүнийг дотроо бодолтой, дороо суурьтай гэж монголчууд хэлдэг дээ. Муу нь ч юу байх билээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаа, капитиализм чинь өөрөө тэр чигээрээ тооцоо судалгаа, толгойн өвчин мөн шүү дээ. Социализмын үеийн “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн зарчим энд үйлчлэхгүй.
Түүнийг бүрмөсөн мартах хэрэгтэй. Энэ мэт жижиг сажиг зүйлд нь эвгүйцэж дургүйцэж эмзгэлдэг юмуу яадаг юм бүү мэд түүний төрсөн нутгийнхан буюу Завхан аймгийн Яруу сумынхан Багабандид сэтгүүлч Цэнддоогоос ч бага санал өгч байсан удаатай. МАХН-ыг хоёр хувааж хүчгүйдүүлэхэд идэвхтэй оролцсон гэж зарим нэг нь Багабандийг шүүмжилдэг.
Ингэж хэлж ил тодоор Энхбаяр, Багабанди хоёрыг “Өдрийн сонин”-д нэр зааж шүүмжилсэн хүн гэвэл зохиолч сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Л.Одончимэдээс эхлээд нэг биш бий. Уг нь тэр хоёр /Н.Багабанди, Н.Энхбаяр/ монголын улстөрийн тайзан дээр гар гараасаа барилцан хөтлөлцөж гарч ирсэн хоёр юм шүү дээ. Ямар хар муур дундуур нь гүйж, чөтгөр шулам нь шүглэчихээр эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ хараад суучихдаг юм бүү мэд.
Харин би хувьдаа түүнийг Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажилласныг нь ердөө ч таашаадаггүй. Очиж очиж Оюутолгой шүү. Очоод очоод ашиг орлогоо дээшлүүлж дэвжүүлж чадахгүйгээс хойш. Ард түмэн ажиглан хүлээж байгаа шүү дээ. Монгол Улсын Их Хурлын даргаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдож Монголын түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн тийм том хүн тэгтлээ доошилж, бас халтирч яасан ч болохгүй байсан юм.
Сү.Батболд хэмээх олигархи хэнээтний олиггүй мэхэнд унаж урхинд нь углагдчихвуу л гэж дотроо хардаж бас харамсдаг. Хийгүй хэмээх энэ хүнээс хэзээ ч гарамгүй алдаатай алхам. Ингэхийг нь хараад “Багабанди бага хүн биш” гэсэн гарчигтай нийтлэлийг ерээд оны дундуур бичиж байснаа эргэж санан ичих шиг болсон шүү Бага л хүн байж дээ гэж бодогдчих гээд болохгүй байгаа юм.
“Титэм” хэмээх номынх нь гол агуулгатай ч илт зөрчилдсөн гэлтэй. ТV-5 телевизээр өдөр бүрийн оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн өмнө Далай ламтны алтан сургаал адил ишлэн уншдаг тэр номыг ер нь уншигч та нэг удаа ч болохноо гүйлгээд харчихад гэмгүй шүү. Хийгүй Ерөнхийлөгчийн хийгүй үгс дурайтал бичээстэй байгаа.
Сүүлийн жилүүдэд бид уулзалдаж тааралдах нь бүр цөөрчээ. “Балдорж сан”-гаас жилд нэг удаа зохион байгуулдаг арга хэмжээн дээр л хааяа тааралдах юм. Балдорж, Багабанди хоёр бол үй зайгүй андууд. Нийгмийн Ухааны Академид хамт суралцаж байсан хоёр. Ц.Балдоржийг бурхан болоход Багабанди шиг гашуудаж харамссан нь тун цөөхөн биз. Асгартал уйлж байгаад сэтгэлийн үгээ хэлж байсан нь санаанд тодхон үлджээ.
Үерхэж нөхөрлөж үг хэлдэг нь цөөрөөд ирэхээр хүн алдах, онох нь ихэсдэг ч байж болох юм. Багабанди бол бусдын хэлсэн хэрэгтэй үгийг шүүрээд л авдаг хүн. Ерөнхийлөгч болсныхоо дараахан билүү дээ, хэзээ ч билээ он сарыг мартжээ, Багабанди эхнэрээ дагуулаад алтны уурхай дээр очдог болжээ гэсэн эвгүй мэдээлэл чих дэлсэв. Намын Удирдах зөвлөлийн хурал дээр би тэсэлгүй түүнийг шүүмжиллээ. Авгайгаа гадаадад айлчлахдаа л дагуулж явдаг юм байгаа биз дээ. Ганц удаа аймаг, орон нутагт хамт авч явсан гэж би сонсоогүй юм байна.
Тэгсэн атлаа “Эрэл”-ийн Эрдэнэбат дээр авгайтайгаа очдогийн учир юу билээ. Хүмүүс үүнийг чинь буруугаар ойлгоно. Үтэр түргэн болиулах хэрэгтэй. Намайг ингэж хэлж байна гэж цаадахдаа хэл. Энэ бол Тамгын газрынх нь дарга чиний нэг үндсэн үүрэг мөн гэж би Санжийн Баярт хатуухан үг хаяж билээ. С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Бас Намын Удирдах Зөвлөлийн гишүүн.
Ахиж Н.Багабанди авгайтайгаа алтны уурхай дээр очсон гэж сонсоогүй юм байна. Орон нутагт явахдаа харин Оюунбилэгийг дагуулж явсан удаатай. Овоо доо, оюутныхаа андын үгийг авчдээ гэж би дотроо ихэд баярлаад өнгөрч билээ. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг үнэн юм билээ.
ХОХИРОГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ
Нацагийн Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож МАХН-ын даргын суудлыг Намбарын Энхбаярт найр тавин хүлээлгэж өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар нам бус байх учиртай. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болж хувирдаг учраас тэр. Үнэндээ өөр лидер тэр үед МАХН дотор байгаагүй юм. Намын даргаар ногоон гэрлээр сонгогдсон Намбарын Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч болох нь анхнаасаа тодорхой байлаа.
2000 оны сонгуульд бяр зааж үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН-ын дарга Намбарын Энхбаяр эхлээд Ерөнхий сайд болсон. Сүүлийн хорин таван жилд бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлж харьцангуй тогтвортой ажиллаж чадсан хоёрхон засгийн газрын нэг. “Мянгуужингийн үлгэр” хочийг Баабараас хүртсэн “Мянганы зам” яг энэ үед хэрэгжиж эхэлсэн.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдаж, өмч хувьчлал үргэлжилж газар өмчлөл, орон сууцны өмчлөл бодит дүр төрх, биеллээ олж эхэлсэн. Хамгийн гайхалтай бөгөөд гайхамшигтай том үйл явдал болох Оросод төлөх 11 тэрбум орчим ам.доллартай тэнцэх “Их өр”-ийн асуудал яг энэ он жилүүдэд шийдэгдсэн байдаг. Хүссэн ч хүсээгүй ч энэ нь монголын түүхэнд том үсгээр бичигдэж үлдэнэ. Үлдэх үлдэхдээ Намбарын Энхбаяр гэсэн нэртэй хамт бичигдэнэ.
Ахин Монголын түүхэнд ийм юм болохгүй. Эрч хүчтэй эрэмгий тэмүүлэлтэйгээр урагшилж байсан он жилүүд гэж цохон тэмдэглэж онцлон нэрлэхийг би хүсч байна. Зөвхөн “Их өр”-ийг тэглүүлснийх нь төлөө Намбарын Энхбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол өгсөн ч багадана гэж би “Дэлхийн дэлдгэр чихийг дэлдийлгэж чадах уу монголчууд бид” хэмээх тэмдэглэлдээ тэр үед бичиж байснаа мартаагүй байна.
Өнөөдөр ч эл бодол санаа минь өөрчлөгдөөгүй хэвээрээ. Гавьяа байгуулсан хүнийг шагнаж урамшуулж байдаг, гай тарьсан нэгнийг буруушааж шийтгэж ч чаддаг байх ёстой юм, монголын төр. Харамсалтай нь тэгж чадахаа больжээ. Ямар ч байсан Намбарын Энхбаярын Засгийн газар монголын түүхэнд тэмдэглэгдэх зүйлээр багагүй байсан гэдгийг хэлье.
Залгуулаад тэрбээр Улсын Их хурлын дарга, улмаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хүн. Монголын төрийн дээд гурван өндөрлөгийн буюу Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Намбарын Энхбаяр гэдэг хүн ажиллаж үзжээ. Намтар түүхэндээ ингэж бичүүлэх хүн шинэ Монголын түүхэнд өөр байхгүй. Ганцхан энэ баримт л гайгүй олон зүйлийг хэлээд өгч байх шиг надад санагддаг.
Арван жилдээ орос хэлийг төгс эзэмшиж, хуучин монгол үсгээрээ хуулан бичиж ухварлан бодож, ургуулан сэтгэх эрдэмд чамгүй сайн суралцаад, улмаар Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэн орж орчуулагчийн мэргэжлээр дүүргэж, зав зайндаа ярианы болоод бичгийн англи хэлийг гараас гаргаж дэлхийн сонгодог уран зохиолын дээжээс эх хэл рүүгээ орчуулж эхэлсэн энэ хөвгүүн хэдийдээ яаж яваад ийнхүү монгол төрийн өндөрлөгт гарч улстөрийн амьдралтай хувь заяагаа тайлагдашгүйгээр холбож орхисныг тайлж уншихад бэрх.
Эртний болоод орчин цагийн монголын уран зохиолоос олж авсан ухаарал болоод сэхээрэл, “Бурхан багшийн сургаал”, “Очироор огтлогч судар” тэргүүтнийг монгол хэл рүү анх түрүүнд хөрвүүлсэнтэй нь ч холбоотой байж мэдэх юм. Тэнд бидний ойлгож ухаараагүй, олж мэдэхгүй юм даанч олон бий.
МАХН1996 оны УИХ-ын сонгуульд ялагдаад түүхэндээ анх удаа парламентад цөөнх болж намын цагаан байшингаар орж гарах хүмүүсийн тоо хумигдаж, машин тэргээр зайгүй чигжээстэй байдаг гаднах ил талбай нь эл хульхан болж эзгүйрч эхэлсэн үеэс миний бие Н.Энхбаяр Ө.Энхтүвшин гэдэг шижигнэсэн хоёр залуутай хамт ажиллах хувь тавилан тохиосон билээ. Тийм болохоор аль алийг нь сайн мэднэ.
Ажилсаг, хурд сайтай, итгэл тэмүүллээр дүүрэн залуус байсан. Хамт ажиллахад урамтай, бас түшигтэй. Хүмүүсийн үг шүүмжлэлд хүндэтгэлтэй хандана. Харин Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацааны ихэнхийг нь миний бие харь оронд өнгөрүүлжээ.
“Хаан” байсан гэж хүмүүс ярилцах юм билээ. Нүдээрээ хараагүй болохоор хэлэх юм алга. Мэдээж эрх мэдлийн оройд гарсан нь ойлгомжтой юм. Тэглээ тэглээ гээд тэгтлээ төрөл арилжсан нь юу л бол. Энхбаяр хүнд их итгэмтгий, бусдыг таньж мэдрэх чадвараар баахан дутмаг юм шиг санагддаг байсныг нуугаад яахав.
Үүнийг нь ч би өөрт нь хэлдэг байсан, “Журмын нөхөддөө итгэх хэрэгтэй шүү дээ” гээд л инээгээд өнгөрдөг байж билээ. Журмын нөхөд дотор нь жудаггүй, хүний үнэргүй, хүйтэн дотортой мөсгүй амьтад олон байсан байх аа. Энэ нь ч нэг их удалгүй батлагдсан юм даг. Тэднийгээ сүүлд тэрээр өөрөө “бөгс долоогчид” гэж нэрлээд дөрөв таван хүнийг ил тод зарлахыг Монголын ард түмэн цэнхэр дэлгэцээр харцгаасан. Хэн хэн болохыг бүгдээрээ андахгүй мэднэ.
Тэднээс би ганцхан хүнийг нэр цохож тодотгоё. Энэ бөгс долоогч бол Сү.Батболд. Хэтэвчээрээ эрх мэдлийн оройд хэрхэн яаж гарч болдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан хүн гэж хүмүүс ярилцдаг. Ортой байж мэднэ. Нам дамжсан урвагч гэдгийг нь МАХН-ын XXII их хурал дээр хотын намын хорооны төлөөлөгч Г.Лувсанцэрэн палхийтэл хэлж байж билээ.
Н.Энхбаяр түүнийг улаан цээжээрээ өмгөөлж хамгаалаад л авч үлдэж байсан. Удалгүй дээш дээш нь дэвшүүлж мандуулсан даа. Ийм мөнгөний “найзууд” түүнд нэг биш байсан биз гэж бодогддог. Тэднээр өөрийгөө хүрээлүүлж байсан болохоор тэр өөрөө бас л мөнгөнд дуртай байсан байж таарна. Мөнгөнд дургүй хүн ч гэж хаана байхав.
Гэхдээ хэмжээ хязгаар гэж юм бий. Үүнийг тэрээр ухаарч ойлгосон юм байна гэж бодогдсон. Яруу найрагч Б.Лхагвасүрэн, сэтгүүлч П.Анужин нарын хөтлөн явуулдаг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох явцдаа Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойн нүүрсний уурхайгаас Монголын ард түмэн голлох ашиг хүртэх эрхтэй гэсэн байр сууриа хэрхэн яаж хамгаалж байснаа ярихдаа Сү.Батболд “Хувааж идэцгээе” гэж шуудхан санал болгосныг дурдан хэлж байна лээ.
Хуваалцаад идэлцсэн бол, хуйвалдаад нэгдчихсэн бол өдийд Намбарын Энхбаяр ямаршуухан байдалтай явах байсан бол гэж бодогдож л байна. Ямар ч байсан шорон оронд лав орохгүй байсан биз. Хаан хэвээрээ байдаггүй юмаа гэхэд хатавчнаас дээш л сууж байх байсан болов уу. Гэрээсээ л лав хөөгдөж гарахгүй, гэмтэн болж ад үзэгдэхгүй.
Гэвч тэр тийм замыг сонгосонгүй. Ард түмнийхээ талд баттай зогсоно гэж шийдвэрлэжээ. Нам дамжсан намнаачид, улс орон дамнасан олигархиудыг сөрж босчээ. Энэ нь Монгол орны дотор талд ч, гадна талд ч олон хүнд таашаагдсангүй. Нуга даруулжээ. Нийлж байгаад нэвширтэл нь занчсан байна. Амьд мэнд үлдсэн нь их юм гэж өнөөдөр олон хүн хэлж байна, Үнэний хувьтай байж мэдэх юм.
Монголын өнгөрсөн түүхээс харахад, төр засгийн өндөрлөгүүд хоорондын тэмцэл тэрсэлдээнээс үзэхэд зөвийг бодол хийлсэн бүгд нь буруудаж төгсдөг, муу муухайг бодож сэдэн боловсруулж нам нийлж сэм хуйвалдсан нь хэсэгхэнтээ дүрэлзэн бадарч явсан байдаг юм билээ. Хамгийн сүүлчийн хөдөлшгүй баримт нь Юмжаагийн Цэдэнбал, Намбарын Энхбаяр нарын биеэр туулсан эмгэнэлт амьдрал мөн.
Цэдэнбал гуай ч мөн ялгаагүй хамтран зүтгэгчиддээ хязгааргүй ихээр итгэдэг байсан юм гэнэ билээ. Итгэж найдахгүйгээр бүтээж босгоно гэдэг бэрх л дээ. Намбарын Энхбаярт бас тийм чанар нэвт шингээстэй байжээ. Н.Багабандитай зөрөлддөг зүйл бишгүй байж. Тэгсэн атлаа түүний оронд Ерөнхийлөгчөөр сонгогдож очоод өмнөх зөвлөхүүдээс нэгийг нь ч солиогүй шахам байдаг юм. Итгэж найдсан хэрэг.
С.Баяр, У.Хүрэлсүх нартай таарч тохирохгүй зүйл, санал нийлэхгүй нь цөөнгүй байсан гэдэг. Тийм юмуу гэтэл гол төлөв тэдний амаар явж, санал болгосон хүмүүсийг нь дэвшүүлж өөрийнхөө Тамгын газрын дарга, Хэвлэл мэдээллийн албаны даргаар хүртэл тохоон томилж сонгуулиа удирдуулж ажиллуулсан байдаг юм. Ажил албанаас болж ам мурийх юу ч биш хэмээн боддог байсан бололтой.
Өөлж баалж өөнтөглөгч зарим нь түүний эхнэр Цолмонгийн ааш ариншинг гайхаж Анастасия Ивановна-Цэдэнбал Филатоватай адилтган зүйрлэж байхыг би сонссон. Авгай хэцүү ааштай, түүнийг тойрон хүрээлэгч бүхэл бүтэн баг ялангуяа Монголын соёл урлагийн салбарт бүрэлдэн буй болоод цөөнгүй хүнийг ажил алба, алдар хүндээр нь хохироож байсныг сайн мэднэ.
Тэр он жилүүдэд би соёлын салбарыг удирдалцаж байсан юм. Хэдий тийм ч Анастасия Ивановна гуай ажил хийдэг хүн байсаан. Өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө, тодотговол Монголын хүүхэд залуусын төлөө чамгүй зүйлийг хийж бүтээж ул мөрөө үлдээсэн хүн. Олон улсын “Найрамдал” зуслан, нийслэл хотын төв дэх Хуримын ордноос эхлээд аймаг, сумууд дахь сургууль, цэцэрлэг бишгүйг нэрлэж болно.
Цолмонд тэгж нэрлэх зүйл байхгүй байж мэднээ. Цаг үе нь өөр өөр байсан болохоор. Олон улс орны практик, түүний дотор Монголын сүүлийн жилүүдийн жишгээс харахад тэргүүн хатагтай нар гол төлөв буяны ажил үйлсийг л санаачилж хэрэгжүүлдэг бололтой юм. Цолмон ч тэдний л нэг байсан байлгүй. Харин өндөр боловсрол, эзэмшсэн соёлынхоо ялгаагаар тэр бүсгүй онцгойрон ялгарч байхыг ажигласан.
Юм үзэж нүд тайлсан нь, өрнө дорнын гүн ухаан, сонгодог урлаг, уран зохиолтой нэвтэрхий танилцаж чадсан нь үг ярианаас нь мэдрэгдээд байдаг юм билээ. Тийм хүн бусдыг голомтгой байдаг, түүнд нь дургүйцэгчид байхыг үгүйсгэхгүй. Үүнээс өөрийг би хэлж чадахгүй. Ойртож дотносож хамтдаа ажиллаж үзээгүй учраас үнэндээ сайн мэдэхгүй юм.
Сүүлийн үед зарим нь Намбарын Энхбаярыг хүнд итгэхээ болилоо, хар санаатай гэдэг нь хэмээн шүүмжлэх нь ихэсчээ. Халуун элгэн нугагтаа хөл тавьж чадахгүй, хилийн чанадад “хоригдож” байгаа түүнийг ингэж зэмлээд яах ч юм билээ. Амь амьдрал, итгэл үнэмшлээрээ дэнчин тавин итгэж найдаж явсан журмын зарим “нөхөд” нь түүнийг худалдаж орхисон шүү дээ. Хутгалчихсан.
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ наймаалцсан сайдууд
Хормой хормой мөнгөөр
Хотлыгоо худалдсан ноёдууд гэж ардын дуунд гардаг байхаа.
Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор Т.Баасансүрэн
/Үргэлжлэл бий/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв юм бичсэн бна. Яг үнэндээ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭБИ. СҮ. БАЯР. бууний нохой Нямдорж. гүйцэтгэгч Дорлигжав. туслагч Сайханбилэг Баярцогт шүү дээ. 3 сая биш юмаа гэхэд 1 сая хүний зэвүүцэл дор эдний үр хүүхэд л зөв ш дээ. Сайн юм хийвэл сэтгэл амар муу юм хийвэл дан гай дайрч явдаг юм даа…
зөв биш зовно ш дээ
Нэг нөхөр Ардчилал, эрх чөлөө ярьж ЭХ ОРНОО ӨРӨНД ХИЙНЭ, Нэг нь ялтан болж ЭХ ОРНОО ӨРНӨӨС НЬ ГАРГАСАН. ХЭН НЬ ЖИНХЭН ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ДОО??? МОНГОЛЧУУДЫН ХОЙЧ ҮЕ МААНЬ Л ТҮҮХИЙН НОМНООС ҮНЭН, ХУДАЛЫГ ДЭНСЛЭХ УЧИРТАЙ ЮМ БАЙХ ДӨӨ