Богд уулыг хэнд хувьчилна гэсэн бэ?
Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар нутаг бол Богдхан уул хэмээн бид цээжээ дэлддэг ч өдгөө “тусгай хамгаалалт” бүхий дархан эрхтэй хэсэг бүлэг хүмүүсийн эзэмшил нутаг болчихож гэж хэлмээр. Онгон дарханаараа үлдсэн нэг ч ам Богдхан уулнаа үлдсэнгүй. Бүр дэндэхдээ энэ ам тэрнийх, энэ ам минийх гэх. Нэг л өглөө босоход Арцатын аманд 30 га талбайг хашаалаад авна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш. Мөнгөтэй болоод хуулиас дээгүүр эрх мэдэлтэй нэгний хийж буй ажил л гэхээс. Бас болоогүй ээ. Хууль бус аргаар бүхэл бүтэн хороолол сүндэрлүүлсэн эрхмүүд өдгөө төрийн хууль тогтоох байгууллагад тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан, өргөн барьж байх шиг. Тус хуулийн төслөөр бол тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарагдах газар нутгийн хилийг дотогш нь хумьж, зөвшөөрөлгүй буусан том толгойтнууд хууль зөрчсөн гэж цоллуулахаас мултарна гэж хөөрч байгаа.
Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Батбаяр нар энэ сарын 11-нд УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хуулийн төслөө өргөн барьж. Дэмжиж буй төрийн түшээд ч түүнээс олон байгаа гэнэ. Хэрэв тийм бол бүгдээрээ л хууль зөрчин байж, ам бүхэнд хаус сүндэрлүүлсэн гэдэг нь үнэн бололтой. Энэ байдлаа ч эвтэйхэн тайлбарлаж байна. “Нэг, хоёр хүмүүсийн асуудал биш, нэлээдгүй иргэдийн асуудал хөндөгдөж буй нь тодорхой. Нэгэнт хөрөнгө мөнгөө үрэн байж барьсан эд хөрөнгийг нь нураалтай нь биш. Тэгээд ч нэг байгаль хамгаалагч бүхэл бүтэн амыг хамгаалж чадахгүйгээс хойш, иргэдэд эзэмшүүлэх зарчмаар байгалиа хамгаалдаг жишиг бусад улс оронд нэлээд түгээмэл. Энэ жишгийг бид ч мөрдөж яагаад болохгүй гэж” гэх мэтээр төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэвлэлийнхэнд тайлбарлав. Тэдний хамгийн том халхавч нь Яармаг, Зайсан, Төмөр замын иргэд, албан байгууллагуудад Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх хууль ёсны боломж нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлага гэж байгаа. Яг үнэндээ давхар сонирхол нь Зайсан болоод түүнээс цаашхи амуудын тусгай хамгаалалтын заагийг дотогш хумих. Үнэхээр л тийм байсан юм бол энгийн ардууд бид гэр хорооллынхон хэмээн ад үзэгдэж байхын оронд Богдхан уулын аль нэг аманд хууль нь гууль болохыг мэдсэнсэн бол эртхэн шиг томхон хашаа дугуйлж аваад, суучихдаг л байж л дээ.
Бүр дэндэхдээ, боловсруулсан хуулийн төслийг нь дагаад, УИХ-аас гаргах тогтоолын ерөнхий чиглэл буюу аль амны газрыг чөлөөлөх талаар бэлдээд тавьсан байна гээд бод доо. “Зайсангийн ам, Хүүшийн ам, Арцатын задгай, Нүхтийн ам, Ташгайн ам, Залаатын зүүн богинын ам, Залаатын ам, Их Тэнгэрийн ам, Чулуутын ам, Арцатын ам, Багатэнгэрийн ам, Хүрэл тогоот, Хүрхрээгийн амыг, тус тус чөлөөлсүгэй. Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс чөлөөлөгдөж буй газрын хилийн заагт орж буй өөрчлөлтийн солбилцлыг хавсралтаар баталсугай” гэх тогтоолын төсөл УИХ-ын чуулган хуралдаагүй байх энэ цаг үед бэлхнээ бий болж, цагаан цаасан дээр хараар дурайж байх юм. Богдхан уулын эдгээр амуудад бор гэрээ дугуйлж, нүүрс, түлээгээ өдөр бүхэнд зөөдөг ядарсан айл байгаа бил үү. Цөм үнэ ханш, өнгө мөнгөөр уралдаж босгосон хаус, орд харшууд гэмээр барилгууд л тэнд сүндэрлээстэй. Мөн нөгөө талаар, нийслэлд агаарын бохирдол хэрээс хэтэрч, хүн амын эрүүл мэндэд хор хохирол учруулах хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан хууль зөрчиж, тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт амьдрах болсон тэдний буруу биш гэх үндэслэлийг хуулийн төсөлд оруулчихсан байх юм билээ.
Үнэхээр л хүн амынхаа эрүүл мэнд, амьдрах орчинд санаа тавьж байгаа бол бусдыг нь яа гээв. Чадсандаа бус ядарсандаа л голын эргийн далан дотор, хогон дунд, өндөр хүчдэлийн шонгийн доор хаяа хатгаж, бор гэрийнхээ хана дугуйлсан нэгнийг зөвшөөрөлгүй газар буулаа гэж хөөж, туухын оронд түмний үрсийг алаг үзэлгүй адилхан л газрын зөвшөөрлийг нь олгочихвол яасан юм бэ.
URL: