“Made in Mongolia” буюу Жон Толкиен, Карл Марксын энэ цагийн дүрүүд
Өчигдөр, уржигдархан даа, цахим ертөнцөөр “…Хөвсгөл явсан оркууд ирлээ” гэсэн “мэдээ”-нүүд хөврөв. Үүндээ ихээхэн сэтгэл ханамжтай, Хөвсгөлөөс наашлагсдыг доромжлох аястай.
Жилийн өмнөх бас нэг мэдээллийг олж үзлээ. “…Муусайн оркууд машин унадаг болчихож. Замаар нэг бэлчээд л ” гэсэн байна. Хөдөөгийнхнийг хэлжээ. Бодвол бүдүүлэг, хотын соёлгүй гэж байгаа бололтой.
Хэдэн жилийн өмнө Петер Жексоны найруулсан “Бөгжний эзэн” киног манайхан үзэх дуртай. Олоон жилийн өмнө Английн зохиолч Жон Роналд Рэүл Толкиен гуайн бичсэн зохиол кино болсон нь энэ. Энэ кинонд оркууд гэх нэр гарчээ. Оркууд аймаар. Хүнтэй төстэй. Ууртай догшин, айхтар царай муутай, майга хөлтэй, урт гартай, хар гэзэгтэй амьтан гэжээ.
Хамгийн аймшигтай нь тэд хүний махан хүнстэнгүүд. Ердөө л тэднийг үзэшгүй муухай мангасууд бас хорт зэвүүн дайснууд болгон дүрсэлсэн байна.
Өөрсдийн хачин эвгүй аялгаар ойлголцдог. Тэд дургүй нь хүрвэл нэгнээ хүртэл алахаас сийхгүй.
Орчин үеийн Англи хэлний толь бичигт орк гэдэг маань “чөтгөрийн төрөл” гэсэн тайлбартайгаар бичигдсэн байдаг аж. Жон Толкиений зохиосон элф хэлнээ бол чөтгөр, мангас гэсэн утгатай юм байна.
Эндээс үзэхүл Улаанбаатарт хөдөөнийхөн орж ирэхээр оркууд шиг харагддаг гэсэн санаагаар ийн нэрлээд байх шиг. Гэхдээ хөдөө төрсөн, эсвэл хотод төрснөөрөө орк, хүн гэсэн хоёр ангид хуваагдана гэвэл эндүүрэл. Ерөөс өнөөдөр Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцож, нийгмийн харилцаанд оролцож буй хүн бүрээс орк маягийн араншин гардаг болсон нь үнэн.
Баяр наадмын үеэр Төв аймагт 11 настай охиныг эмээ, өвөөтэй нь хамт буудаад хөнөөчихжээ. Цагдаа нар гэмт этгээдийг барьсан гэнэ. Жилийн өмнө эхнэр нөхөр хоёр нийлж байгаад нөхрийнхөө дагавар жаахан охиныг зодоод алчихсан. Саяхан шүүх тэднийг шийтгэсэн. Хоёр жилийн өмнө хоёр бүсгүйг хөнөөж толгойг нь таслаад ууланд булчихсан байсныг Баянзүрхийн нутгаас цагдаа нар олж байв. Энэ мэтчилэнгээр хүний санаанаас гарамгүй жинхэнэ оркуудын л хийж чадах гэмт хэрэг Монголд гардаг болов. Монгол хүн ийм харгис болжээ гэсэн үг. Үүнийг өнөөгийн нийгмийн сэтгэлзүй, болж бүтэхгүй байгаатай холбож ойлгоё л доо.
Гэхдээ машин тэрэг унаад зорчихоороо оркууд шиг загнахгүй байж болох… Өнгөрсөн өвөл байх аа, цас орсны дараахан. Хуучивтар “Соната” гулгаж очоод “Ланд-100”-ийн араас наалдчихлаа. “Ланд” яахав дээ, яах ч үгүй. “Ланд”-аас лантайсан бүдүүн залуу гарч ирээд өнөө муу “Соната”-г пивоны лааз шиг шамшийлгахнээ, янз нь. Балбаж гарлаа. Тэгж тэгж дотроос нь өвгөжөөр эр гарч ирээд өнөө залуугаас зуураад авлаа. Харахад хүч тэнцвэргүй хоёр. Харин хэн хэндээ дийлдэхгүй гээд үзэж гарав. Амаараа бол биеэ биеэ алаад хаячихаж байна. Ойрхон байсан замын цагдаа салгаагүй бол өвгөн, залуу хоёр юу болох байсан юм, бүү мэд. Ер нь манайд машин унах хэцүү. Хэдэн буудал газар явахад хэдэн ч удаа хараалгаж магад. Дохио өгөлгүй өмнүүр дайрчихаад, оруулахгүй сандаргалаа гэж хараана. Туслах замаас орох гэдэг бөөн асуудал. Төв замыг хоосорсон хойно л хараалгаж загнуулалгүй, амьтны уур баралгүй орж болно. Дээрээс нь манай явган зорчигчид гэж бас л оркууд даа. Холын замд явж байхад үхэр гэж нэг “аймшиг” байдаг даа. Зам дээр хөндөлсчихөөд хөдөлнө гэж үгүй. Яг л тэр. Үхэр, явган зорчигч хоёртой тулгарах бүртээ урд хөршүүд маань биднийг үхэр монголчууд гэж яагаад нэрлэснийг төвөггүй ойлгож болмоор. Харин гадаадын иргэд манай замаар явган гарах гэж юу болдог гэж санана. Юм хөгжсөн, гадаадад мэдээлэл цацагддаг. Эсвэл зөн совингоороо тэгж айдаг юм шиг байгаа юм. Ногоон гэрлээр, гарцаар гарахдаа ч гөрөөс шиг сэртэгнээд л… Доромжлоод ч байгаа юм шиг. Заримдаа тэдний зөв ч юм шиг. Нэг их дүрэм журмаар зорчих гэж байж хэн нэг согтуу, эсвэл бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй нөхөрт мөргүүлж, дугуйны нөхөөс болвол яана. Гэтэл манайхан улаан гэрэл асаад байхад ч үхэр шиг л хөдөлж ядсаар гарна. Ийм л ялгаа байгаа юм. Манайд жолооч ч, явган зорчигч ч оркууд шиг л аашилна. За тэгээд, кинотеатр, барааны зах, дэлгүүр, цайны газар хаана ч тэр, “Бөгжний эзэн”-ий оркууд л үзэгддэг болсон нь нууц биш. Тиймээс зун голдуу аялдаг гадныхан манайд ирэхдээ ихээхэн болгоомжтой байхыг хичээдэг гэж байгаа. Гэтэл манайхан андуураад л. Дэлхийд бараг л хамгийн амгалан тайван нь Монгол гэсэн гээд л рекламдана. Энэ бол эндүүрэл. Өдөр, цаг, минут тутам оркуудтай таарч, өөрсдөө ч орк маягаар аашилдаг болохоор мэддэггүй байж мэднэ. Жинхэнэ оркууд хэчнээн аймшигтай вэ. Гаднаас бид тэгж л харагдаж байгаа байх.
Аливаа бурууг заавал бусдаас хайдаг монгол зан маань монгол оркууд яагаад бий болов гэдгийг нийгмийн сэтгэлзүйн бухимдал руу чихэж үзлээ. Гэхдээ ийм их бухимдалтай нийгэм яагаад бий болчихов оо?!
Хариулт нь бас л шинэ соргог нэр томъёогоор илэрхийлэгдэж байна. Монгол люмпен гэдэг нэр томъёог нийтлэлч Баабар, одоогийн Хотын мэр Э.Бат-Үүл нар хэдэн жилийн өмнө гаргажээ. Баабар бичихдээ “…Долдугаар сарын 1-д талбай дээр сонгуулийн дүнд дургүйцэж бухимдсан хүмүүс цугласан. Энэ бол нийгмийн ихээхэн ухамсаржсан хэсэг. Тэд тэгсхийгээд тарсан, гэрийн зүг яваад өгсөн. Дээрэм тонуул галдан шатаалтыг люмпэнгүүд хийсэн. Баасан дээр шавах ялаа мэт, сэгэн дээр цуглах хэрээ мэт тэд сүүлд нь ирсэн. Цагдаа баривчилсны дараа 90 хувь нь огт сонгууль өгөөгүй хүмүүс болох нь батлагдсан. Тэдэнд сонгуулийн ямар ч бухимдал байгаагүй, дүн яаж гарсныг ч мэдээгүй, сонирхоо ч үгүй. Тэдэнд шал өөр сонирхол л байсан. …Люмпэн хэзээд юунд ч бэлэн байдаг. Үймээн самуун дээрэм тонуул болон өөр ямар ч үйл хөдлөлөө цагаатгах шалтаг тэд хаанаас л бол олно. Тэдэнд тэр байтугай шалтгаан ч хэрэггүй. Шалтаг байхад л хангалттай. Тэгээд мэдээж санхүүжүүлэгч. Тэд хэний ч тал биш, гагцхүү тухайн үеийн санхүүжүүлэгчийн түр зуурын холбоотон. Тогтворжоогүй, ёс суртахуунгүй нийгэмд санхүүжүүлэгч ч мөн л элбэг олддог бололтой. Люмпэнд танхайрал тонуул эмх замбараагүй зах цадиггүй дураар авирлал хэрэгтэй, Харин санхүүжүүлэгчид улам их мөнгө хэрэгтэй” гэсэн. Харин Э.Бат-Үүл “….Л. Тэдэнд байгалиас зарчим жудаг заяагаагүй учраас ийм байдаг. Түүгээр барахгүй урвах бол люмпэнгийн хувьд эрх мэдэл, эд хөрөнгө олж авах бизнес юм. Өнөөдөр манайд, сэтгэлд нь нийцэхүйц албан тушаал хөрөнгө мөнгө амлавал баргийн эр үзлээсээ, нөхдөөсөө, бүлгээсээ, фракцаасаа, намаасаа урвах нь бүр ёс болсон. Урвасан бусдыгаа муугаар нь дуудаж явсан нөхөр цаг нь болохоор өөрөө жишим ч үгүй урвана. Хажуудах чинь урваж мэднэ шүү гэдэг афоризм өнөө цагийн үг мөн” гэв.
Үнэндээ люмпен гэдэг нь “ноорхой хувцас” гэсэн латин үгнээс гаралтай ойлголт бөгөөд мэргэжил боловсрол мэдлэг чадамжийн сул дорой байдал болон сэтгэл зүйн тэнхээ зэрэг хүчин зүйлийн улмаас нийгэмд өөрийн байр сууриа олж чадаагүй хүмүүсийг илэрхийлсэн ойлголт юм. XIX зуунд улс төрийн нэр томъёо болон орж иржээ.Карл Марксын онол болгон дээхнэ үеийн намч-улстөрчдөд сайтар суулгаж өгсөн байдаг. Марксын онолыг одоочилбол Баабарын ч, Хотын мэрийн ч хэдэн жилийн өмнө оноож байсан люмпенүүд өнөөдөр Төрийн ордон, яам тамгын газраар дүүрчээ.
Тэд урваж шарваж, ард түмний сонголтыг үгүй хийж байна. Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө ичиж нэрэлхэлгүй тэмцэж байна. Улаан цэнхэр хоёр тугтай, баруун зүүний хоёр үзэлтэй нам нийлж аваад МАН үүсгэнэ. Ард түмэн тэр мананд нь төөрнө. МАН-аас АН руу орно. Үзэл бодол нь зүүн байснаа баруун болно. Хамгийн айхтар нь тэдний хэн нь ч нийгмийг урагшлуулах хүч чадал үгүй ажээ. Улам бүр доройтож буй Монголын эдийн засгийг сэргээх зүтгүүр тэдний дунд алга. Тиймээс л люмпенүүдийн байгуулсан төр оркуудыг бэлдээд байгаа хэрэг. Тиймээс Жон Толкиен, Карл Марксын хэдэн арав, зуун жилийн өмнөх энэ цагийн дүрүүд Монголд минь бий болсон байна. “Made in Mongolia” хэмээн дэлхийг айлгаж, бас дэлхийд шоолуулж байна
Эх сурвалж: www.zuuniimedee.mn
URL: