Үйлчлүүлэгчээ хамгаалж чаддаггүй Г.Батбаяр өмгөөлөгч гэж хэн бэ?

batbayar-600x348Info.mn сайтын захирал, сэтгүүлч С.Баттулгыг дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх  нь төлөө цагдан хорьсон  шүүгчийн шийдвэрийг сэтгүүлчид эрс эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд өчигдөр дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал  хийлээ. Сэтгүүлчдийн тэмцлийн үр дүнд шүүх хуралдааны бичлэгийг олон нийтэд дэлгэж, үнэнийг олж харах боломж бүрдсэн юм.

Бичлэгээс харахад Г.Буяндорж тэргүүтэй хариуцагчдыг цагдан хорих шийдвэр гаргасан шүүх хуралдаан 20 орчим минут үргэлжилсэн  байна. Үүнээс хохирогчийн өмгөөлөгчид 10 орчим минут ярьж, тус яриандаа удаа дараалан шүүх хурал хойшилж байгааг хариуцагч талын өмгөөлөгчдөөс хамаарсан гэв. Дээр нь  хохирогчийн өмгөөлөгч эмэгтэй өмнөх шүүгч Зоригтыг шүүхийн үйл ажиллагааг шударга явуулж чадаагүй, илт Г.Буяндоржийн талд үйлчилсэн хэмээн буруутгаж, 30 гаруй жил хуулийн системд ажилласан гэдгээ зарлан “сүр далайлган” дайрав.

Үүний хариуд хариуцагч Г.Буяндорж 4 минут орчим хугацаанд өөрийгөө хамгаалан үг хэлж цагдан хорих үндэслэл гаргаагүй гэдгээ тайлбарласан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар ямар нэгэн хариу тайлбар хийлгүй, хийх оролдлого ч гаргалгүй шүүх хурлыг дуусгаж байгаа харагдах юм. Хохирогчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг цагдан хорих хүсэлт шүүхэд бичгээр гаргаснаа мэдэгдсээр байхад юу ч хийлгүй байсаар үйлчлүүлэгчээ ийнхүү  хориулчихаж байгаа нь харамсалтай.

Сэтгүүлч С.Баттулгын өмгөөлөгчөөр Г.Батбаяр  ажиллажээ. Энэ хүнийг дуулиант Г.Сарангэрэл охины өмгөөлөгчөөр ажиллаж байхаас сэтгүүлчид болон олон нийт гадарлах болсон.

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр байн байн гарч том “од” болоод байгаа Г.Батбаяр өмгөөлөгч гэж хэн бэ? Хэвлэлд ярилцлага өгөхөөрөө хуулийн олон зүйл анги өрж тавиад, бөөн хууль ёс ярьж сүржигнэдэг атлаа шүүх хуралдаан дээр эсрэг талын өмгөөлөгчийнхээ тайлбарын эсрэг юу ч хэлэлгүй, бүлх залгисан юм шиг суусаар байгаад үйлчлүүлэгчээ ганц худаг руу тавиад туучихдаг энэ хүнийг ямар өмгөөлөгч гэх вэ?

Тэрээр өмнө нь  Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдсон Г.Сарангэрэл охиныг сайн өмгөөлж чадалгүй ял өгүүлсэн гэж үзэх хүмүүс ч таардаг. Учраа мэдэхгүй жаахан охиныг өмгөөлөх үүрэг хүлээчихээд эцэс төгсгөлгүй ТВ шоунд оролцож байгаа мэт телевиз болгоны эфирт залраад эгээтэй л шүүх дээр гарцаагүй ялчих гэж байгаа юм шиг аашлаад байсан ч эцэст нь орь залуухан охин ял аваад л явсан. Олон нийт  Г.Сарангэрэлийн шүүх хурлыг даанч үзээгүй.

Сэтгүүлч эх сурвалжтай нийтлэлийг хэвлэснийхээ төлөө яллагдаж, улмаар цагдан хоригдох эгзэгтэй байдалд орчихоод байхад ямар ч үйлдэл хийхгүй харж сууж байгаад хориулчихсаныг шүүх хурлын бичлэгээс бид олж мэдлээ. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хоригдсоных нь дараа хэвлэлээр баахан тайлбар хийх юм. Үйлчлүүлэгчийнхээ төлөө ярьж байгаа нь сайн хэрэг.  Гэхдээ хэвлэлээр олон нийтэд хийсэн өмгөөлөгчийн ярилцлагаар хэргийг шийдэхгүй. Шүүх хурлын танхимд үйлчлүүлэгчээ өмгөөлж хэлсэн хууль ёсны тайлбар, логик гаргалгаа, үндэслэл бүхий зөвтгөлөөр хэрэг шийдэгдэнэ.

Сүүлийн үед өөрийгөө хэт өргөмжилсөн, олон нийтэд ямар хамаагүй аргаар танигдах гэсэн сүржин төрхтэй, даржин чадвартай өмгөөлөгч нар олширсон гэх шүүмжлэл хуульчдын дунд газар авах болсон. Сэтгүүлч С.Баттулга, иргэн Г.Сарангэрэл нарын хэрэг дээр ажилласан Г.Батбаяр гэдэг энэ өмгөөлөгчийн бидэнд мэдэгдэж байгаа баримт, бодит үйл явдлаас харахад тэдний л нэг гэж дүгнэхэд хүргэж байна

Хурлын байдлыг ажиглаад байхад өмгөөлөгч Г.Батбаяр  үйлчлүүлэгчээ хамгаалах гээд байна уу, хориулах гээд байна уу гэдэг нь  ойлгогдсонгүй.

Дашрамд дурьдахад сэтгүүлчийг хорьсон асуудлыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллынхан  бид тууштай эсэргүүцэн тэмцэх бөгөөд цаашид сэтгүүлчийг бичсэн зүйлийнх нь төлөө ялладаг энэ гаж тогтолцоог засахын төлөө тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдье.

Ц.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих