Л.Гансүх нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ
“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдсон, тухайн үед Ерөнхий сайд байсан Г.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, ийнхүү шүүхэд шилжүүлжээ.
Л.Гансүх нарын арван хүнийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар хэргийг шалгаж дуусаад “MGLSBD” компанийн захирал, Л.Гансүхийн туслах Н.Даваахүү, Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд болох “MGLSBD” компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нарын гурван хүнийг төрийн албан тушаалтан хүн албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт буруутай байж болзошгүй хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн билээ.
-ТЭДЭНД 5-8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ-
Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан буюу төрийн албан тушаалтан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.
Харин тус хуулийн 1662.2т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
URL: