Ц.Шинэбаяр: Тавантолгойг шийдээгүй цагт МАН засгаас гарах уу

527-14371079437-17-5_700x700Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН  ирэх сарын 3-нд эхлэх ээлжит бус чуулганаар  МАН-ыг засгаас гаргах асуудлыг өргөн барина гэсэн. Парламентад суудалгүй намууд үйл явдалд ямар дүгнэлт хийж байна?
-Дэлхийн  түүхэнд байхгүй сөрөг хүчингүй парламент бүрдсэн. Бүгдээрээ засагт нэгдээд орчихсон. Тэгээд юу хийж байгааг нь хар л даа. Сөрөг хүчингүй учраас Ерөнхий сайд нь гадаадад  очиж ажил хийчихээд ирээд онгоцны буудал дээр би ийм юм хийсэн гэж ярьдаг болчихоод байгаа шүү дээ, манайд.  Хэзээ Ерөнхий сайд нь гадаад томилолтын асуудлаа танхимаараа хэлэлцүүлэхгүй, Уул уурхайн сайдаа унтаж байхад нь хаяад явчихдаг, тэгээд өөрөө явж ирээд онгоцны буудал дээр юу хийсэн тухайгаа ярьдаг байсан юм бэ. Сөрөг хүчингүй учраас АН, МАН хоёр засгаас хэн түрүүлж гарах тухай тоглолт хийж сууна. Миний харж байгаагаар бол  АН нь Тавантолгойн асуудлыг эргүүлэн татуулсан. Тэгвэл Тавантолгойн асуудлыг шийдээгүй цагт МАН засгаас гарч чадахгүй. Тэдний засагт орсон зорилго нь тэр шүү дээ. Өмнөх МАНАН-г эргээд харъя л даа. Оюутолгойн гэрээг батлуулахын тулд засагт хамтарсан. Тэр зорилгоо биелүүлчихээд гарсан биз дээ.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг  УИХ-ын төвшинд ярьж байгаа. Энэ талаар?
-Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг явуулах тухай удаа дараа ярьсан. Гэсэн ч  хуулийн өөрчлөлтийн тухай  үндсэн төсөл нь намын дарга нарын гар дээр ирээ ч үгүй  байхад  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж   ийм хуулийн төсөл байгаа гээд хавар анх ам нээсэн шүү дээ.  Тэр үед албан ёсны вэб сайтад нь тавигдаагүй байсан, сүүлд л  оруулсан байх.  Ер нь бол  Ерөнхийлөгчийн яриад байгаа хуулийн төслийн санаа нь Монголд улс төрийн намын институцийг үндсэнд нь устгахаар, ач холбогдлыг нь бууруулахаар, нам гэдэг үндсэн нэр томъёоллын ач холбогдлыг алдуулах  хуулийн төслийн тухай ярьж байна лээ. Тухайлбал, улс төрийн намыг Дээд шүүх бүртгэхээ болино. Хэдэн гишүүнтэй гэдгээ зарлачихад л болчих юм шиг ярьж байна. Ингэвэл Зүүн Европын орнууд шиг 200, 300 намтай болдог, улс орон нь хоёр гурван намын дарангуйлалд ордог систем рүү явах нь. Тиймээс бид Зүүн Европын орнуудын дампуурлаас сургамж авч, ийм замаас гарах ёстой байтал түүн рүү оруулах тухай ярьж байгаа нь нэг том асуудал. Хоёрдугаарт, намын хатуу гишүүнчлэлийг хэвээр үлдээж байна. Тэр байтугай бүр баталгаажуулж байна. Улс төрийн намын гишүүн “Намын гишүүн”, “Дэмжигч”  гэсэн хоёр статустай байх гэнэ. Тэгээд төрийн албан хаагч намын гишүүн байж болно гэж байна. Одоо байгаа 180 мянган төрийн албан хаагч аль намд ирэх вэ. 31 гишүүнтэй намд орох уу, одоо эрх барьж байгаа намын гишүүн болох уу. Болохгүй гэвэл ажлаа өгнө шүү дээ. Тиймээс энэ асуудал улс орныг дотор нь хоёр хуваачихаж байна. Үндэсний эв нэгдлийг ингэж хагалан бутаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төсөл  Ерөнхийлөгчийн санаачилсан  төсөл гэж харагдаагүй.  Тэр бол гадаадын захиалга. Яаж ч бодсон монгол хүний оюун санаанаас гарсан хуулийн төсөл биш. Гадаадаас оруулж ирсэн, нэр бүхий хоёр нам Ерөнхийлөгчийг барьцаалж хоёр талаас нь шахаж сууж байгаад албаар дуугаргаж байгаа асуудал гэж бодож байна.
-Парламентад  суудалгүй  намууд   хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн дараа  парламентад суудалтай намуудыг  авсан саналын дүнгээр санхүүжүүлнэ гэж байгаа. Хэрэв Улс төрийн намын тухай хууль Ерөнхийлөгчийн ярьснаар хэлэлцэгдэж батлагдаад явчихвал, Монголд маш олон нам бий болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчдыг намдаа элсүүлсэн хоёр намд л ашигтай болж цаашид хоёр намын байнгын, мөнхийн эрхийг баталгаажуулах  өөрсдөдөө зориулсан  ийм л хуулийн төслийг гадаадад захиалж хийлгээд Ерөнхийлөгчөөр хэлүүлж байна шүү дээ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд та юу хэлэх вэ?
-Хаврын чуулган завсарлачихсан.  Намрын чуулганы хугацаа богино. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төслийг  ч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг  ч үндсэндээ хэлэлцэж  амжихгүй, хийе гэвэл ээлжит бус чуулган зарлахаас өөр гарцгүй гэж  харж байлаа. Одоо ээлжит бус чуулган хийх нь тодорхой болж  хугацаа нь зарлагдчихлаа,  тэгэхээр хэлэлцүүлэх байлгүй дээ. Хэрэв хэлэлцүүлэхгүйгээр хийе гэвэл хуйвалдаад явуулчихаж магадгүй. Гэхдээ тиймдээ тулбал  Монголын ард түмэн  дуугүй байж байгаад хийлгэчихгүй байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих