“Сэтгүүлчийг сулла” тайван жагсаал болсон ч тодорхой үр дүнд хүрч чадсангүй

1437115864__dsc0251

Монголын сэтгүүлчдийн төлөөлөл өнөөдөр дүүргийн нэгдүгээр шүүхийн өмнө тайван жагсаал хийлээ. Сэтгүүлч С.Баттулгыг тус дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар долоодугаар сарын 9-ний өдөр цагдан хориод байгаа. Энэ үйл явцыг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа бөгөөд “Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан” хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс өнөөдөр 11 цагт шүүхийн байрны өмнө лоозон барин жагссан. Тэд “Сэтгүүлчийг сулла” уриатай тайван жагсаалд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд, “Глоб Интернэшнл” ТББ болон телевиз, сонин, сайтын сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо. Мөн сэтгүүлчид ийнхүү жагсаж байгаа нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн ямар нэгэн оролдлого биш. Гагцхүү цагдан хорих, таслан сэргийлэх тухай шүүгчийн шийдвэрийг эргэн харж, өөрчлөх асуудлыг хөндөж байгаа гэдгийг онцолсон юм.

МСНЭ- ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар: Бид дэлхийн нүүр царайг яаж харах вэ

-Сэтгүүлчийг хорьж байгаа нь анх удаагийнх биш. Сэтгүүлчийг эх сурвалжтай нь, долоодугаар сарын 10-ны өдөр цагдан хорьсон. Энэ өдөр маш олон гэмт хэрэг хийсэн хүмүүсийг сулладаг. Гэтэл яг тэр өдөр сэтгүүлчийг дарах зорилготой юм шиг үйлдэл хийсэн. Би Монголын сэтгүүлчдийн  нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгч, мөн би өөрөө саяхан давж заалдах шатны шүүхээр ороод, ял сонсоод явж байгаа хүний хувьд энэ байдлыг илүү мэдэрч, харамсаж байна. Монгол Улс олон улсын өмнө, дэлхийн нүүрийг яаж харах юм бэ. Энэ хүмүүс өөрсдийгөө сэтгүүлчдийг ингээд хорьчихож болж л байна гэж бодож байгаа байх. Сэтгүүлчийг шүүх хуралд саад болсон юм шиг ярьж, хэлж байгаа. Энэ бол Монгол Улсын байгаа нүүр царай. Энэ бол зөвхөн өнөөдөр С.Баттулга, өчигдөр М.Наранбаатарт тохиолдсон үйл явдал биш. Маргааш бидний хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийг зориуд харлуулж, бүгдээрээ авлигачид, хөлсний бичээч маягаар ингэж харуулж болохгүй.

Л.Мөнхтуяа: Шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан
  Дүүргийн нэгдүгээр шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа шүүгчийн захирамжийн талаар тайлбар хийлээ.  

-Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон шийдвэрийг шүүх ямар үндэслэлээр гаргасан бэ. Өнөөдрийн тавьж байгаа шаардлагыг шүүгч нар хэрхэн хүлээн авч байна вэ?

-Баяндүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан байдаг. Үүнээс хойш шүүх хуралдаан маань нийт долоон удаа хойшлогдоод, хамгийн сүүлд 2015 оны долоодугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад оргон зайлж болзошгүй, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорьсон.

-Захирамжийг өөрчлөх ямар нэгэн боломж байгаа юу?

-Та бүхний шаардлагыг хүлээн авсан байгаа. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг цуцлах эсэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал.

 

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 July 2015

Hun gutgevel huulitai bdag bugdiig ni suulga

Сэтгэгдэл бичих