Одоо нэгийгээ хөөж байна. Удахгүй хоёулаа хөөгдөх вий!

huuh758547467201506260159Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалздаг. Бараг л ардын мэргэн үг шиг энэ хэлцийг МАН, АН-ынханд хаягламаар болоод байна.

2012 оноос хойш дөрвөн жилийн мөчлөгтэй сонгууль болдог. Сонгуулиар ард түмэн тэднийг хэнийг сонгож, хэнийг нь явуулах вэ гэдгийг шийддэг гэдгийг таг мартсан мэт л байна. Жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг энэ биз ээ.

Эдийн засаг хямарч, улс орон эзэнгүй юм шиг л болов. Хоёр намын “хормой хот”-ны хэрүүл төрийн хэргээс дээр тавигдах боллоо.

Хуйвалдан байж хүчээр үүсгэсэн МАНАН-ын Засгийн газар тарах нь бараг тодорхой болж байна. МАН-д сүйн бөлзөг илгээж авчирсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл төрхөмд нь буцаах шийд гаргаад хориод хонож байгаа. Сандарсан МАН элдэв мэдэгдэл хийснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  намын дарга нарыг цуглуулж байгаад “Эвтэй байцгаа” гэв. Гээд тусыг эс олов. Баяр наадмын өмнөх өдөр АН-ынхан мэдэгдэл гаргасныг удирдлагууд нь нийтэд танилцуулсан. Тэр мэдэгдэлд нь “…Нэгэнт гарсан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн  хүчингүй болгож, МАН-тай хамт­ран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ч наадмын өмнө чуулган хаахдаа “Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуул­ган хуралдуулж, Засгийн газрын шинэ сайд нарыг томилно” гэж мэдэгдлээ. Эндээс үзэхүл  АН-ын сэтгэл нэгэнт хөрчээ. Төр баригчдын сүүлийн үеийн мэдээлэл гэвэл энэ.

Тэд ийн хэрүүл уруул хийж буйгаа төрийн ажлыг явуулж, улстөрөө амжуулж байна гэж ойлгох болоод удаж буй. Яг үнэндээ үүнээс болоод л улс орон хямарч, эдийн засаг сулраад байгаа хэ­рэг. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд, үндэсний аюулгүй байдал зэргийг яривал сайхан дүн гарахгүй. Бодит байдал энэ.

Хэдхэн сарын дараа сонгууль болно. Хэрэвзээ “хар машин”-ыг ажиллуулчихгүй бол өнөөдөр бие биеэ төрөөс хөөж байгаа энэ даварсан МАНАН ирэх сонгуулиар хоёулаа хөөгдөх вий. Сүүлийн үеийн санал асуулга, олны ам ийм л байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих