“Оюутолгой”-н олборлолтын тухай мэдээлэл хийлээ
ВАНКУВЕР. /Turquoisehill/. “Оюутолгой” ордын 2015 оны хоёрдугаар улирлын олборлолтын тухай тайланг “Туркойз Хилл Ресурс” гаргалаа.
“Оюутолгой”-н ашигт малтмалын чанар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнээр энэ оны хоёрдугаар улирлын олборлолт маш сайн байлаа. Ордын үйл ажиллагаа эхэлснээс хойших баяжмалын үйлдвэрлэл хамгийн өндөр байсан нь энэ үе байлаа” гэж “Туркойз Хилл Ресурс”-ын захирал Жефф Тайгесен мэдэгдэв.
Ашигт малтмалын чанар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж 20.1 хувиар нэмэгдсэнээр 2015 оны хоёрдугаар улирлын баяжмалын олборлолт өнгөрсөн улирлын үзүүлэлтээс 64.6 хувиар өссөн байна. “Оюутолгой” ордын үйл ажиллагаа эхэлснээс хойших хамгийн өндөр хөдөлмөрийн бүтээмж гарсан улирал бол энэ улирал байлаа. Хоёрдугаар улирлын зэс болон алтны баяжмалын олборлолт өмнөх улирлын үзүүлэлтээс 64.5 болон 178.1 хувиар тус тус өссөн байна.
2015 оны хоёрдугаар улиралд “Оюутолгой” орд өндөр чанартай судалд орсон байна. Өндөр чанартай төмрийн хүдрийн олборлолт энэ оны хоёрдугаар хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд “Туркойз Хилл Ресурс” 2015 онд 600-700 мянган унц алт, 175-195 мянган тонн зэс олборлохоор төлөвлөжээ.
Одоогоор, “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоног зогсоогоод байна.
Өнгөрсөн тавдугаар сард тус ордын далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ болон санхүүжилтийн төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурснаар “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани төслийн санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулж, далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг шинэчилж байна. Компани төслийн санхүүжилттэй холбоотой гэрээг энэ онд багтаан байгуулахаар төлөвлөжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: