Америкийн нийслэл дэх Монголчуудын наадам
Сүүлийн жилүүдэд монголчуудын үндэсний их баяр наадам улам ч сайхан болдог болжээ. “Харцага” цолтой, 22 настай Оюунболд, Ардын хувьсгалын их баяр наадамд түрүүлж “арслан” цол хүртсэнд баярлаж бахадсан монголчуудын сэтгэлийн хөөрөл намжаагүй 7 сарын 12 ны өдөр Америкийн нийслэл Вашингтон ДС орчмын монголчуудын наадам эхэллээ. Woodbridge oрчимд хиймэл бус байгалийн зүлэг, саглагар модтой талбайд сүүлийн жилүүдэд монголчуудын наадам зохион байгуулагддаг болсон нь хүмүүсийн сэтгэлд ихэд нийцэж буй. Биднийг 12 цаг өнгөрөөгөөд очиход мөнөөх талбайд дөрвөлжин тэг үүсгэн монгол америк хийцийн асар, сүүдрэвчүүд аль хэдийн босцгоож, наадмын баяр бахадлыг хийсгэн салхинд Монголын далбаа намирна. Хүн болгон баяр хөөртэй байхыг ажих ахул, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Наадам бол монголчуудын үндэсний дархлааны вакцин юм шүү дээ” хэмээн учирлаж байсан үгс санаанд буух.
Монголын ЭСЯ, Монгол сургууль, Монгол Соёлын төв, Буддын шашны төв гэсэн бичигтэй монгол хийцийн сүрлэг асрууд нь хувь хүмүүс байгууллага, нэгдлүүд энэ “дархлаа”-ндаа ач холбогдол хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл. Сүүлийн жилүүдэд эгнээ нь өргөсөж, монголчуудын дунд зохион байгуулагдаж байгаа олон арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон мотоцикль сонирхогч залуус “Mongol Riders” бичигтэй сүүдрэвч босгосон нь бас л содон. “Bright Mongolia DC”, “Лантуун дохио” зэрэг Монголын нийгэмд эерэг хандлага үүсгэж буй залуучуудын хөдөлгөөнүүдийн салбрууд ч өөрсдийн сурталчилгаагаа байршуулан, хүүхдийн тоглоомын талбай ажиллуулж, хүмүүст “хүрч” ажиллаж байгаа нь анзаарагдсан. Зураач Цолмон өөрийн уран бүтээлүүдээ жижиг асарт байрлуулан бусдад сурталчилж байв. Наадмын төв хэсэгтээ маш том Монгол Улсын төрийн далбааг дэлгэсэн нь бас л энд ажиллаж амьдарч буй монголчуудын бүтээл. Жилээс жилд Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын баяр наадам сүрлэг хэрнээ, эмх журамтай болж байгаа нь “наадаж сурч байгаа” гэхээсээ, тэдний сэтгэл зүрхэнд монгол бахархал, омогшил бадарч байгаагийн нотолгоо. Тэд л “эх орон” гэдэг үгний үнэ цэнэ хийгээд өмөг түшгийг сэтгэл зүрхнийхээ гүнд мэдэрч байгаа хүмүүс.
…Наадмын нээлт урд жилүүдийнхээс илүү бэлтгэлтэй, сүрлэг сайхан болсон нь найруулагч Өлзийсайханы хичээл зүтгэлийн үр дүн байх. Талбайн голд байрласан хэнгэрэг бөмбрийг сур жавхлантай дэлдсэнээр өмсгөл зүүсгэлтэй монгол баатрууд, үндэсний дээл гоёл зүүсгэлтэй, “дээлтэй монгол” жагсаалаар наадам эхэллээ. Манай монгол баатруудаас харийн морь үргэж булгисан хэдий ч монгол баатрууд сүр хүчээ огтхон ч алдаагүй гэдгийг энд дурдахад таатай байна. Энэ жилийн наадмын монгол дээл гоёл, өмсгөл зүүсгэлийн гоё сайхан , тансаг чаминыг нь яана. Вашингтоны “Энэрэл” сүмийн найрал дуучид бүтэн 7 хоног Монгол Улсын төрийн дууллыг дуулахаар бэлтгэл хийсний үр дүн нь дуурийн найрал дуучид ч атаархмаар гоё дуулснаар нотлогдох буйз. Харин тэд нээлтийн “Төрийн дуулал”, хаалтын “Халуун элгэн нутаг” -ийг хамтад нь дуулсан нь цаг хугацааны хэмнэлийн “мэдрэмж” биз ээ. Морин хуурын чуулга, бүжгийн хамтлагууд бол Вашингтон ДС дэх монгол сургуулийн бүжгийн багш Дэлгэрмаа, морин хуурч Хатанболдын сургалтын үр шим. “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцож байсан эгч дүү уран нугараачид Сувдаа нар, фейсбуукээр монгол дуу дуулж “Од” болоод байгаа Louisana-аас ирсэн Trill Noel нар наадамчиддаа авьяас чадвараараа “мэндчилгээ” өргөв. Хүн болгонтой шахуу зургаа хамтдаа татуулаад байсан тэд энэ наадмын “сюрприз” байлаа. Монголоос зочилж ирсэн СТА дуучин Хандсүрэн, АЖ нэрт дуучин Түмэндэмбэрэл асантай тун адилхан эвлэгхэн хоолойгоор “Тамирын гол”-ыг үелзүүлж, наадамчдын сэтгэлийг хөвсөлзүүлж орхив доо. Ер нь төрийн хүндэтгэлийн концертоос нэг их дутахааргүй үзүүлбэр, найруулга байсан шүү.
…Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл нээж үг хэлсний дараа, морин хуурч Хатанболд, уртын дууч Отгонбаярын тэнгэрээс тасарч наранд хүрэх дуурсмал аялгуугаар наадам эхэллээ. Урьд жилүүдэд 32 бөх барилдуулчих санаатай, залуусыг “албаддаг” байсан цаг нэгэнт өнгөрч Монгол Улсын начин Д. Лхагвадорж тэргүүтэй аймаг, сум, Арлингтоны цолтой хүчит 44 бөхийн барилдаан уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн өрсөлдөв. “Орон нутгийн” чанартай “Арлингтоны заан”, “Арлингтоны начин” цолтнууд дошин дээрээ сумын цолтны зиндаанд ам авч, ам авахуулж барилдсан. Тэртээ жил Арлингтоны наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж байсан Зулхуугийн \аав нь Арлингтоны заан юм шүү дээ\ Батчулуун Америкт чөлөөт бөхийн спортоор амжилттай хичээллэж, ах нараа “айлгах” хэмжээнд хүрч байгаагаа нотлон энэ жилийн наадамд үзүүрлэв. Мэдээж “Улсын начин” Д.Лхагвадорж “араам” аараа түрүүлэлгүй яахав. Энэ хоёрын ард нь “Чөлөөт бөхийн мастер” С.Ганбаяр, шөвөгт сумын заан Д.Лхагвадорж, С.Чойжилсүрэн, Ц.Мөнхбаяр нар шалгарлаа. Ямар ч “найраа” байдаггүй бөхийн барилдаан наадамчдын уулга алдалт, “за яахав дээ хө, дажгүй барилдчихлаа шүү” гэх урам, зарим галын бооцоот шагнал, уухайн түрлэг дунд сайхан болж өнгөрсөн. 5-8 насны өсвөр 12 бөхийн барилдаанд Эрдэм түрүүлж, Зоригт үзүүрлэн, 9-12 насны өсвөр 20 бөхийн барилдаанд Төгөлдөр түрүүлж, Маргад үзүүрлэн ирээдүйн Арлингтоны цолонд ойртож буй гэдгээ нотлов.
Жил жилийн наадмын санхүүжилтыг Монголчуудын Холбооны хэд маань “халаасаа тэмтрэн”, ойр дотны хэдээ “холгон” байж гаргадаг байсан бол энэ жилийн наадмын санхүүжилтэд Вашингтон ДС орчимд үйл ажиллагаа явуулж байгаа монгол эзэдтэй олон компани, нөхөрлөлүүд дэмжлэг үзүүлжээ. “Sammy s Auto Care”, “Luxury Stone Craft”, “Sakura Mandal”, “Энэрэл сүм”, “Монгол Улсын ЭСЯ”, “Merrifield Granite”, “Bright Mongolia DC”, “Sterling Ballet Academy”, “Pyramid Granite”, Top qualite kitchen”, “Member s Granite”, ” TMG marble and granite”, “Idea Granite”, “Mongol Riders”, “Gala Enterprise Co”, иргэн Санж Алтан, Д.Намхай нар ивээн тэтгэгчээр оролцлоо. Нэг үеийг бодоход гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бизнесийн салбарт “учраа олж” байгаагийнх, бие биенээ дэмжин хамтарч ажиллаж байгаагийн сайн нөлөө юм. Бизнестээ бас сэтгэлдээ “бяртай” болж байгаагийн шинж байхаа. Жил жилийн наадамд монголчуудын оролцоо нэмэгдэж, хаа холоос ч цаг зав гарган зорьж ирж байгаа хүмүүс олширч байгаа нь монгол бахархал бас эв нэгдлийн эхлэл мэт. Монголд галын аюулаас дүүгээ авран хамтдаа түлэгдэлтийн эмчилгээ хийлгэж буй Цэрэнтогтох, Амарболд нарын эмчилгээний зардалд хандив өргөх уриалгыг наадамчид дорхноо дэмжиж, 1183 $ хандив босгоно билээ. Сайхан сэтгэлийн илч гэж…
…Наадам сайхан болсон. Хүн болгон сэтгэл дотроо баяртай, ирээдүйдээ итгэлтэй, бие биедээ халуун дотно бэлэгтэй сайхан үгс хэлэлцсэн өдөр. “Наадмын маргааш намар” гэдэгчлэн наадмын маргааш ихэнх нь ажилтай. Жил жилийн энэ өдрийг хүн болгон сэтгэлээ чилээн хүлээдэг. Хэдийгээр харийн нутагт ч гэлээ энэ өдөр “монгол хүн” гэдгээ мэдэрч, “монголоороо гоёж” өнжинө. Нэг л сайхан. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн санаашравч ажил амьдралын урсгал дунд нэг мэдэхэд дахиад л наадна. “Ямар хурдан өнгөрч байнааа, сар жилүүд” хэмээн сэтгэлдээ санаашрах авч ” Нэг л мэдэхэд нутагтаа очно доо” гэж зүрхэндээ шивнэнэ. Жил жилийн эвхээсэнд Монгол минь сэтгэлд минь ойртон ойртсоор. “Нэг л мэдэхэд”…
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: