ХХЕГ-аас ОХУ-д сургахаар явуулсан хоёр оюутан голд живж амиа алджээ
Хил хамгаалах Ерөнхий газраас /ХХЕГ/ улсын зардлаар жил бүр ОХУ-ын Кургон, Калининград хот руу сонсогчдоо явуулдаг. Сонсогчид 5 жил суралцаж төгсөөд эх орондоо ирж ажилладаг юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмаар ОХУ-д нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, ХХЕГ-аас томилогдон ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд суралцаж байсан хоёр оюутан усанд живж амиа алдсан хэрэг гарсан байна. Талийгаачид энэ сарын 13-ны өдөр баяр наадмын өдөр таарсан учир голын эрэгт амарч байжээ. Улмаар нэг нь голд сэлж байгаад живж, нөгөөх нь аврахаар ороод ийнхүү хоёулаа осолдсон байна. Осолдсон сонсогчид дэд түрүүч, түрүүч цолтой. Энэ жил дөрөвдүгээр курсээ төгсөн ирэх намар 5 курст орох байсан аж. ХХЕГ-аас Ажлын хэсэг томилогдон Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийг зориод байна.
Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд суралцаж буй сонсогчдод хараа хяналт сул байдгийг эх сурвалж мэдээлж байна. Учир нь ХХЕГ-аас офицер томилогдон ажилладаггүй. Суралцаж буй монгол сонсогчдыг орос офицерууд хяналт тавин ажилладаг байна.
URL: http://www.fact.mn/225920.html