Байгаль орчин сүйтгэсэн компани заавал хариуцлага хүлээнэ
Сүүлийн үед ундны усны эх үүсвэр багасаж, усны хомсдолд орж байгаа гэх. Дөрвөн жилд нэг удаа байдаг усны тооллогын үеэр ч энэ байдал батлагддаг. Үүнтэй холбоотойгоор Усны газрын Усны кадастрын хяналтын хэлтсийн дарга Мөнх-Эрдэмээс зарим зүйлийг тодрууллаа.
-Усны тооллого дуусах шатандаа байгаа талаар сонслоо?
-Тиймээ. Одоогийн байдлаар усны тооллогын ажил улсын хэмжээнд 95 хувьтай байна. Ирэх аравдугаар cap хүртэл нэгтгэгдэж дүнг нь танилцуулна.
-2007 оны тооллогоор ширгэсэн, татарсан голын тоо тийм бага тоо гараагүй. Цаг агаарын дулаарлаас гадна хүний буруутай үйлдлээс буюу уул уурхайгаас багагүй нөлөөлсөн байх?
-2003 оноос хойш 32 гол горхи уул уурхайн нөлөөллөөс болж бохирдсон гэсэн тoo байсан. Энэ тоо 11 болсон. Яг уул уурхайгаас энэ гол ширгэчихлээ гэвэл бас өрөөсгөл болчихно л доо. Ер нь уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн гэж байгаа юм. Бохирдож байна, голдирол нь солигдож байна, чанар нь алдагдлаа гээд асуудлууд бий.
-Ширгэж байгаа, ноцтой байдалд хүрсэн ямар гол байна?
-Хараа гол, Орхон гол байна. Хамгийн их анхаарлын төвд байдаг. Уул уурхайгаар нэлээд эвдэгдсэн уул уурхайн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болчихсон голууд. Урт нэртэй хууль гэж яриад байгаа хуулиар Орхон Хараа гээд томоохон голуудын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бүх
компаниудын лиценз цуцлагдчихсан. Тэгэхлээр энэ лиценз нэгэнт цуцлагдсан юм чинь энэ хамгаалалтын бүсэд ямар ч уул уурхайн компаний үйл ажиллагааг оруулахгүйгээр явах ёстой. Үүнд холбогдох албадууд нь ажиллаж байгаа байх. Ингэвэл гол усны бохирдол уул уурхайгаас боллоо гэдэг яриа байхгүй болно. Тиймээс дээрх хуулиар лицензүүд нь цуцлагдсан учраас уул уурхайн нөлөөллөөр гэдэг зүйл байхгүй болно гэж бодож байна.
-Дээрх гол горхи ширгээх болсон гол буруутан гэгдэх компаниудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа болов уу?
-Байгаль орчинг хамгаалах хуулиар нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд дээр уул уурхайн компаниудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Улсын мөрдөн байцаах газрын харьяанд даатгаад өгчихлөө. Энэ ажлууд ч хийгдэж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гэхэд уул уурхайн компаний хаягдсан талбайд тооллого явуулж, түүндээ экологийн дүгнэлтүүд гаргаад явж байгаа. Хэдий хэмжээгээр доройтсон бэ, хэдий хэмжээгээр бохирдож гээд, экологийн аргачлалаар нь тооцоод үнэлгээ гаргаад ирнэ.
Мөн энэ талбайг нөхөн сэргээхэд тэдэн төгрөг орно гэдгийг нь ч экологийнх нь аргачлалаар гаргаад ирнэ шүү дээ. Ингээд тухайн газрыг эзэмшиж байсан компанийг Мэргэжлийн хяналтын газар, мөрдөн байцаах газар нь олчихож байгаа юм. Эргээд тэдэнд нь хариуцлага тооцно. Тиймээс байгаль сүйтгээд явсан компани нь олдохгүй биш олдоно. Олдохоороо хариуцлага хүлээлгэх асуудал нь нэг дор шийдэгдээд явах юм.
-Манай орон нутгийн иргэд байгаль орчноо хамгаалах хууль эрх зүйн орчин нь хэр байдаг юм бол?
-Шинэ хуулиар энэ байдал нээгдэж байгаа. Өмнө нь зөвхөн сумын засаг дарга нь л гомдол гаргадаг байсан. Харин одоо бол тухайн орон нутгийн харьяанд даатгаад өгчихсөн болохоор эрх нээгдэж байна гэсэн үг. Тодруулбал орон нутгийн иргэд оролцсон Төрийн бус байгууллагууд шүүхэд гомдол гаргаж болно. Манай орон нутаг энэ компанийн буруутай үйлдлээс болоод байгаль орчин ингэж сүйтгэгдлээ гэж болох юм.
-Энэ жилийн усны тооллогын Ерөнхий дүр зураг харагдаж байна уу?
-Ерөнхий дүр зураг гээд хэлэхэд хэцүү л дээ. Бүх аймаг орон нутгуудад явуулж байгаа болохоор эхнээсээ дүн нь ирж байна. Тэр бүгд тус тусдаа чиглэл чиглэлээрээ нэгтгэгдэнэ. Гэхдээ энэ жил харьцангуй хур тунадас элбэгтэй байлаа. Ширгэсэн татарсан гол горхи сэргээгдсэн. Мөн говийн бүсийн нутгууд буюу Монгол улсын 47-р өргөрөгөөс урагш цөлжих хандлагатай байгаа. Говийн аймгуудын нутгаар гадаргуун усаар тэжээгддэг байсан нуур цөөрмүүд бүгд ширгэсэн гэхэд болно.
Г.Отгонтуяа
URL: