Сүйрэл далласан хөгжил бидэнд хэрэгтэй гэж үү?

Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад үзүүлж буй нөлөөллийг хэрхэн бууруулах талаар дэлхий нийтээр ам уралдан ярьж байна. Эгзэгтэй энэ үед дэлхийн дулаарлын нөлөөг хамгийн их амсаж байгаа бүс нутаг бол төв Азийн гол хэсэг бөгөөд эрчимтэй явагдаж буй цөлжилтийн бүс энэ нутагт Монгол орон оршиж байна.

Биднийг өнөөдөр улс төр, мөнгө, эдийн засгийн өсөлт, үйлдвэржилт, уул уурхай ярьж байх хооронд хангай, говь хосолсон өргөн уудам нутаг бүхий эх орон минь удахгүй дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох цөлийн бүс нутагт хамаарах болох нь ээ.

НҮБ-ын судалгааны тайланд “Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь мал ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байна. Энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тооцогдох экологийн доройтлыг үүсгэж, ирэх хэдэн арван жилд нийт газар нутгийнх нь 80 хувь нь бүрэн цөлжилтөнд өртөж энэ нь тус орны усны хомсдолын гол шалтгаан болно” гэжээ.

Цэвэр агаар, хөрс, усаар баялаг, ургамал мод нь жигдэрч хүн малын зоо тэнэгэр хэдэн зуунаар оршсоор ирсэн Монгол орон маань хэдхэн арван жилийн дотор бүрэн цөлжилтөнд өртсөн улс болбол бид яах вэ? Бидний ирээдүй яах вэ? Тиймээс бид өнөөдөр л энэ байдлыг өөрчлөх алхмыг бодитоор хийж ухамсар сэтгэхүй үйл үйлдлээ өөрчлөхгүй бол хэзээ ч эргэн нөхөн сэргэхгүй их гамшгийг даллаж, өөрсдийн гараар дэлхийд ховор, гайхамшигт, дахин хэзээ ч давтагдашгүй, байгалийн өвөрмөц тогтоцтой Монгол орныхоо байгаль экологио устгаж сүйрүүлэх нь ээ.

Монголчууд бид өнөөдөр ногоон хөгжлийн цогц бодлогогүйгээр зөвхөн өнөөдрөөрөө амьдарч үр хойчоо бодолгүй, өнгө мөнгө шүтсэн амьдралаар амьдран экологио сүйрүүлэх, эсвэл зөв бодлого, эрүүл ногоон сэтгэлгээгээр өнөөгийн бодит нөхцөл байдалдаа хурдан үнэлгээ өгч, нэн даруй ногоон хөгжлийн үндэс суурийг тавих шаардлагатай, хариуцлагатай байх гэсэн хоёр салаа замын уулзвар дээр зогсож байна.

УУЛ УУРХАЙ-МӨНГӨ-ХӨГЖИЛ эсвэл БАЙГАЛЬ ЭКОЛОГИ-ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН-ЭРҮҮЛ НОГООН ХЭРЭГЛЭЭ гэсэн сонголтын аль нэгийг нь хийхийг нэн даруй хариуцлагатайгаар шийдэх ёстой болчихоод байна.

Монгол орны экологийн доройтлын талаарх бодит мэдээ баримтаас:

Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд 1970 оноос хойш ажиглагдаж эхэлжээ. Үүнийг илэрхийлэх гол үзүүлэлт болох агаарын дундаж хэмийн дулаарал 1985 онд 0 градус байсан бол 2005 онд +10С, 2011 онд +20С буюу дэлхийн дулаарлын дундаж хэмийн өсөлтөөс 0,5-1 хэм илүү байгаа нь экологич эрдэмтдийн сэтгэлийг ихээр түгшүүлж байна. Энэ янзаар явбал 2012 он гэхэд +30С – +40С болно гэсэн таамаглал байгаа бөгөөд манай орны хувьд +10С-ийн нэмэгдэл дулаан нь ХАА-н салбарт 10 хувь ургац алдахад нөлөөлж, бэлчээрийн 20 хувь нь шууд устаж үгүй болж цөлжих юм байна.

Агаарын хэмийн тухайд: Монгол орны агаарын температурын жилийн дундаж XXI зууны дунд үе гэхэд дунджаар +2.1- +3.00С. Зууны сүүлээр +3.1 – + 5.00С-аар дулаарч XX зууны дулааралтын эрчээс ойролцоогоор 2-3 дахин илүү байна. Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 -2008 оны хооронд 2.140С-ээр дулаарсан. Дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 онд 0.740С-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад манай оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байна.

-Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна.
-Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим хувиар багасчээ.

Элсний нүүдэл: Манай орны хувьд сүүлийн 60 жилд цөлжилт эрс нэмэгдэж элсний нүүдэл 350-450 км-ээр хойш нүүсэн байна. Иймэрхүү янзаар цаашид цөлжилтийн шинж тэмдэг элсний нүүдэл 20 жил тутамд 150 км-эр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл 20-40 жилийн дараа Монгол орны нийт газар нутаг элсний нүүдэлд дарагдах нь ээ.

Хөрсний элэгдэл, бэлчээрийн хомсдол: Цөлжилтийн гол нөлөөлөл нь Монгол орны ирээдүйн нутаг бэлчээр болон хөдөө аж ахуй газар тариалангийн бүс нутгуудад нөлөөлж байгаа ба ирэх хэдэн аравхан жилд дэлхийн дулаарал цөлжилтийн нөлөөллөөр 2040 онд 44,4 сая тн ургац алдаж, нийт бэлчээрийн 80 хувь доройтолд орон малаа тэжээх чадваргүй болох юм байна. +20С-ийн нэмэгдэл нь усны ууршилтийг эрчимжүүлж усны хомсдол нүүрлэх ба сүүлийн 40 жилд манай орны шимт хөрсний үржил шим 2-3 дахин буурч, хөрсний элэгдэлд нийт газар нутгийн 90 хувь өртөөд байна.

Уул уурхай, малын зохисгүй өсөлтийн тоо толгой бүхий сүргийн бүтцийн өөрчлөлтөөс хамаарсан сөрөг нөлөө: Манай орны нийт 38 сая хол давсан тооны мал, тэр дундаа 44 хувийн ямаан сүргийн толгойноос шалтгаалж бэлчээрийн талхагдалт дээд цэгтээ хүрсэн бөгөөд уул уурхайгаас үүдэн нийт гадаргын усны нөөцийн 28 хувь бүрэн ширгэж, ойн сангийн 42 хувь бүрэн устаад байна.

Усны нөөцийн нөхөн сэргээлт: Энэ янзаараа явбал нийт газар нутгийн 80 хувь цөлийн бүсд удахгүй тооцогдох болоод байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар гүний усны хэрэглээ нийт усны хэрэглээний 90 хувь нь байна. Усны зохистой хэрэглээгээр гадаргын усны хэрэглээ 90 хувь байх ёстой бөгөөд манай улс 2012 он гэхэд гүний гадаргын усны хэрэглээг 50:50 болгоно гэсэн зорилт тавьж байна.

Энэ хэтэрхий удаан арга хэмжээ юм. Гүний ус 200,000-1 сая жилд бий болж нөхөн сэргээгддэг гэж бодоход бид гүний усны нөөцөө иймэрхүү байдлаар зүй зохисгүй хэрэглэн хэдхэн жилийн дотор барвал Монгол орны нутаг дэвсгэр дээр амьдран ирээдүй хойч маань хэдэн зуун мянган жил уух усны нөөцгүй амьдрах болох нь ээ.

Ундны усны нөөцийг бүрдүүлж гүний болон гадаргын усны хэмжээг барьж экологийн тэнцвэрийг хадгалж байдаг Монгол орны нийт газар нутгийн хөрсний доорх мөнх цэвдгийн хайлалт 10 жилд 4 м-ээр буурч байгаа талаар сэтгэл сэртхийлгэм мэдээ гарчээ. Мөнх цэвдгийн хайлалт нь гүний, хөрсний,  гадаргын усны нөөцүүдийн хомсдол, усны экосистемын тогтоц алдагдах гол үндэс болж байгаа бөгөөд гадаргын усны ширгэлтийн гол шалтгааны нэг юм. Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байдаг ба

-Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс
-35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс
-24.6 хувь нь ус түгээх байр, худгаас,
-9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна.

Усны тэнцвэргүй хэрэглээ: Манай орны усны нийт нөөц 608.000 сая шоо м ба бид жилд 500 сая шоо м ус хэрэглэж байгаа өнөөдрийн хэрэглээн дээр суурилан тооцвол бид нийт усны хэрэглээнийхээ 91 хувийг гүний усны нөөцөөсөө хэрэглэж байна. Ийм байдлаар явбал 20 жилийн дараа гүний усны нөөцөө бүрэн дуусч, уул уурхайг хөгжүүлж усыг ихээр, одоогийн байгаагаас ихээр ашиглах юм бол гүний болон гадаргын усны нөөцөө 10, бараг түүнээс ч бага жилийн дотор бүрэн барж, усны нөөцийн хомсдолтой болох эмгэнэлт хувь заяа хүлээж байна.

Хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Сүүлийн 20 жилд бид уул уурхай, аж үйлдвэрийн зориулалтаар гүний усны нөөцийг хайр гамгүй үрж байна. Үүний үр дүнд ингэж зарцуулбал бид 10 жилийн дараа усны нөөцгүй болох нь….

2007 оны бүртгэлээр Монгол орны хэмжээнд гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн байна.

Усны өдөр тутмын хэрэглээний 80 хувь нь ахуйн хэрэглээнд, 20 хувь нь бусад хэрэглээнд зарцуулагддаг юм байна. Үүнээс уух усны зориулалтаар өдөрт хэрэглэж буй усны зөвхөн 10 хувь хүрэхгүйг зарцуулж байна. Үүнээс үүдэн бид өнөөдрөөс эхлэн ахуйн хэрэглээний усны хэрэглээг огцом бууруулах, хэмнэх, дахин ашиглах зайлшгүй шаардлагатай байна.

Агаарын хэмийн өөрчлөлт мөстлөгийн хайлалт:
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршиц буюу усан гадаргын ууршил Монгол орны хэмжээнд дараах байдлаар нөлөөлөх нь. Үүнд:

-2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм тус тус нэмэгдэх ба агаарын температурын нэмэгдэх явцтай уялдан мөстлөгийн хайлалт эрчимтэй нэмэгдэнэ.
-2040 он гэхэд 50 м зузаан мөстөл, 2050-2060 онд 100 м зузаан мөстөл хайлж дуусч болзошгүй байна. Энэ нь усны нөөцийн хомсдолд хүргэж Африкийн орнуудын адил усгүй ирээдүй биднийг угтах нь. Усгүй бол хүнсгүй, усны нөөцийн хомсдолыг даган өлсгөлөн зайлшгүй нүүрлэх нь байгалийн хууль.Хур тунадасны хэмжээ:
-Эрдэмтдийн тооцоогоор дулааралт нь хуурайшилт, цөлжилтийг улам идэвхжүүлж, гадаргын ууршилт нь хур тунадасны бага хэмжээний өсөлтөөс даруй 6-10 дахин их байхаар байна.
-Дулааралтын улмаас цэвдэг, өндөр уулын мөстөлийн хайлалт улам идэвхижих болно.
-Цамбагарав уулын мөстлийн зузаан 2040 оны үед 50 м-ээр, 2050-2060 оны үед 100 м-ээр, 2070-2080 оны орчимд 200 м-ээр тус тус хайлах төлөвтэй байна.
-Цэвдэгт мандлын элэгдлийн улмаас Алтай, Хангайн нурууны ар хажуугаас эх авдаг голуудын усны нөөц зууны эхний хагаст нэмэгдэх магадлалтай боловч цаашид улам бүр багасаж ширгэж усны нөөцгүй болно.

Усны ууршилт шороон шуурга:
-1961 оноос хойш газрын гадаргын ууршиц 118.1 мм-ээр ихэссэн байна.
-Ургамлын ургалтын хугацаанд ордог хур борооны хэмжээ 33.0 мм-ээр буурсан.
-Хавар цас ханзрах хугацаа бараг нэг сараар урагшилж, хөрс цасан бүрхүүлгүй болон ургамал бүрхэвчгүй байх хугацаа уртассан нь салхинд газрын хөрс элэгдэх байдлыг нэмэгдүүлж 1960-аад оноос хойш шороон шуургатай өдрийн тоо нийт нутгийн хэмжээнд 3-4 дахин ихэссэн байна.

Хүлэмжийн хийн ялгаралт Монголд: Монгол улсын ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн нийт ялгаралтын 88,5 хувийг мал аж ахуй, эрчим хүчний салбар үлдсэн 11,5 хувийг газар ашиглалт, ойн талбайн өөрчлөлт, үйлдвэр, хог хаягдлын зэрэг салбар тус тус эзэлж байна. Иймд манай улс дэлхийн хэмжээнд ялгарч буй хүлэмжийн хийн гол хий буюу дэлхийн дулаарлын 80 хувь шалтгаан болсон метаны хийн ялгаруулалтаар нэлээд хувь нэмэр оруулж байгаа юм.

Ган зуд, өвчний эрсдэл:
-Зундаа их халж хуурайшин, жилийн хүйтэн улиралд ордог цасны хэмжээ нэмэгдсэнээр зудын эрсдэл улам нэмэгдэж, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх байгалийн нөхцөл нэн хүндэрч болзошгүй.
-Газар тариалангийн төв бүсэд улаан буудайн ургац 2011-2030 онуудад дунджаар 15 хувиар буурч болзошгүй байна.
-Дулааралтын улмаас Монгол оронд урьд өмнө ажиглагдаж байгаагүй дулаан орны шинэ өвчин дамжуулагчид тархах, хүнсний аюулгүй байдал алдагдаж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна.

Энэхүү олон гамшиг сүйрлээс бид өөрсдийгөө хэрхэн хамгаалж, цаашид хэрхэн хөгжих вэ?

-Байгалийн үзэсгэлэнт газруудыг нэн даруй дархан цаазтай болгож уул уурхай эрхлэхийг зогсоох
-Бүс нутагтаа тогтвортой, байгаль орчинд ээлтэй цэвэр, ногоон үйлдвэрлэл эрхэлж
-Органик газар тариаланг хөгжүүлэх шаардлагатай байна.

”Органик Монгол” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Д.Онон


URL:

Сэтгэгдэл бичих