Увсаас хөөгдсөн компани хууль бусаар дахин алт олборлож эхлэв

Увс аймгийн Өмнөговь суманд одоогоос жилийн өмнө үймээн дэгдэж байсан билээ. Тус сумын нутаг Орлогын голын эхэнд алт олборлож байсан Хятадын хөрөнгө оруулалттай компани, нутгаа хамгаалсан иргэдийн дунд маргаан үүсч, буу шийдэмдээ тулсан үймээн дэгдсэнийг манай сонин Өмнөговь сумаас сурвалжилж хүргэсэн билээ. Тухайн үед холбогдох байгууллагууд Хятадын хөрөнгө оруулалттай “Жи Си Си Айр” компанийн үйл ажиллагааг шалгаж, тус суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцалсан. Гэтэл жилийн дараа тэд дахин очиж, зөвшөөрөлгүйгээр алт ухаж  байгаль орчин сүйтгэж эхэлжээ. “Орлого, Намир голыг хамгаалах төв” төрийн бус байгууллагын тэргүүн С.Өлзий Увс аймгийн Өмнөговь сумаас ирж манай сонинд хандлаа.

-”Жи Си Си Айр” компани өнгөрсөн жил танай сумаас бүр яваагүй байсан юм уу. Эсвэл дахиад ирчихсэн юм уу?

-Үйл ажиллагааг нь зогсоож, зөвшөөрлийг нь цуцалсны дараа удирдлагуудыг нь сумаас хөөж гаргасан. Тэд алт олборлох бүрэн зөвшөөрөлгүй байсан учраас хууль, журамд захирагдсан нь тэр.  Харин хэдэн гэрийг нь харуул манаад үлдсэн. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын дундуур тус компанийнхан ирж байна гэсэн яриа гарсан. Мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон манай төрийн бус байгууллагынхан алт олборлож байсан газарт нь очиход 27 хятад, есөн монгол иргэн ирчихсэн, тоног төхөөрөмжөө суурилуулж байсан. Хятад иргэд нь ямар ч бичиг баримт байхгүй.

-Өнгөрсөн жил хаана алт олборлож байсан билээ?

-Орлогын голын эх хэсэгт алт ухаж байсан юм. Орлогын гол бол Увс аймгийн Тариалан, Өлгий, Өмнөговь сумынхныг ундны усаар хангадаг том гол. Гэтэл хятадууд энэ жил дахин ирээд голын эхэнд том, том техникээр газар ухаж, байгаль орчин сүйтгэж эхэллээ. Тэднийг Цэрэнбат гэдэг монгол хүн ахалж байгаа. Харин хятад удирдлагууд нь ирээгүй.

-Ажилчид нь бичиг баримтгүй байгаа шалтгааныг ахалж яваа хүн тайлбарлаж байна уу?

-Цэрэнбаттай уулзахад “Би хайгуул л хийж яваа. Өнгөрсөн жил сүйтгэсэн газартаа нөхөн сэргээлт хийх болно” гэсэн. Уг нь гадаадаас ирж ажиллаж байгаа хүмүүс заавал аймгийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгүүлэх ёстой. Гэтэл нэг нь ч тэнд бүртгүүлээгүй. Тэгэхээр тэднийг оргодлууд ч гэж дүгнэж болохоор. Манай сумынхан тэдний талаар Аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудад мэдэгдсэн. Аймгаас ажлын хэсэг ирж ямар ч бичиг баримтгүй компанийн үйл ажиллагааг зогсоохоор болж, тоног төхөөрөмжийг нь лацдаад буцсан.

-Тоног, төхөөрөмжийг нь лацдачихсан юм бол алт ухахгүй биз дээ.

-Аймгийн удирдлагуудыг буцсаных нь дараа шөнө, өдөргүй алт ухаад эхэлсэн. Сүүлийн 13 хоног голын эрэгт шөнө, өдөргүй алт ухаж байна. Өөрсдөө “Тэр лац чинь сулраад уначихсан” гэж тавлаж байгаа юм. Одоо бүр замбараагаа алдсан гэсэн мэдээлэл ирж байна.

-Яаж тэр вэ?

-Намайг энд ирсний дараа Голын эргээр хашилт хийж, хавцлыг нь хаачихсан байна гэнэ. Ерөөсөө голын эхэнд хэнийг ч оруулахгүй. Сумын Засаг дарга очихоор харуул нь оруулахгүй байна. Эх нутагтаа гадныхны хараа, хяналт дор орж байгаа нь тэр юм байна.

-Нөхөн сэргээлт хийх биш алт олборлож байгаа гэсэн үг үү?

-Харуулуудаар мануулчихаад өдөр, шөнөгүй алт олборлож байна. Тэд угаасаа нөхөн сэргээлт хийх гэж ирээгүй. Увс нийслэлээс хол, хууль хяналтын байгууллагын хяналтаас зайдуу байдаг учраас хууль зөрчиж дураараа аашилж байгаа нь тэр. Цэрэнбат бүр “Манайд бичиг баримт дутуу байгаа нь үнэн. Удахгүй бүрдүүлчихнэ. Удахгүй “Урт нэртэй” хуулийг өөрчилчихнө. Түүнийг хүлээмээргүй ажилламаар байна. Хуульд өөрчлөлт оруулахаар бидэнд зөвшөөрөл өгнө” гэж ярьсан. Хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой учраас ажлаа эхэлчихсэн байгаа нь тэр. “Жи Си Си Айр” компани Орлогын голын яг эрэг дээрээс алт олборлож байна.

-Техник, тоног төхөөрөмж нь хэр олон бэ?

-20-30 тоннын даацтай дөрөв, таван машин, хоёр том усан буу тавьчихсан байна лээ. Мотор ажиллуулаад тог, цахилгаанаар хангачихсан.

-Танай сумынхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан уу?

-Хандсан. Мэргэжлийн хяналтынхан очиж шалгаад, тоног төхөөрөмжийг нь лацадсан ч нэмэр болоогүй. Ерөөсөө л манай аймгийнхан тэр компанийг дийлэхээ больсон. Өнгөрсөн жил ч тэр компанийг дийлэхээ болиод нутгийн иргэд тэмцсэн. Гэтэл 15 хүнд компанид хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, асуудал үүссэн. Сар шахам байцаагдаж байж хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тэр компани холбогдох бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас арга буюу буцаад байсан юм.

-Гар аргаар алт олборлогчид алттай газраа булаацалдаж тэр компанийнхныг эсэргүүцээд байдаг юм биш үү?

-Нинжа нарын алт ухдаг газар тэр компаниас арав гаруй км-ийн зайтай. Өмнөговь, Улаангом, Өлгий, Тариалан сумаас хүмүүс ирж гар аргаар алт олборлож байсан. Гэхдээ тэд нутаг, усаа хамгаалахын тулд өнгөрсөн жил тэмцсэн.

-Танай төрийн бус байгууллага компаниас гадна нинжа нартай тэмцэж болдоггүй юм уу. Тэд ч бас байгаль орчин сүйтгэж байгаа биз дээ?

-Бид Орлого багийн өдөрлөгт оролцож, гар аргаар алт олборлогчидтой уулзсан. Тэгэхдээ Орлогын голыг хамгаалах зорилготой байгаагаа тайлбарлахад бүгд дэмжсэн. Мөн нинжа нар тусдаа, дур дураараа алт ухахгүйгээр баялгаа зөв зохистой ашиглая гэж санал нийлсэн.

-Зөв зохистой ашиглана гэдгээ тайлбарлаач?

-Бичил уурхайн зохион байгуулалтаар хэсэг бүлгээрээ нөхөрлөл болж голын саваас 200 метрийн зайд алт олборлоно. Дараа нь нөхөрлөлөөрөө нөхөн сэргээлт хийгээд явах талаар ярилцсан.

-Хятадын компани алт ухаж эхэлснээс хойш голын ус татарч байна уу?

-Яг усны ундрага саарч, мал хордсон зүйл гараагүй байна. Цаашид байгаль орчинд аюул нүүрлэх нь тодорхой. Тэр компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө аваад, голын сав газраас хол алт олборловол бид ингэж эсэргүүцэхгүй байсан.

-Улсын мэргэжлийн хяналтын газарт хандсан уу?

-Хол учраас амжаагүй байна. Одоо хандана.

-Тэр компани төрийн байгууллагуудад дийлдэхгүй бол яах вэ. Өнгөрсөн жилийнх шиг үймээн дэгдээх үү?

-Бид үймээн самуун гаргахгүй байхын тулд байна. Тэмцлээ гэхэд бид буруутан болдог юм билээ. Тиймээс хуулийн байгууллагад л сайн мэдэгдэнэ. Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох үүрэг хуулийнханд бий.

-Танай төрийн бус байгууллагад хэдэн гишүүн байна вэ?

-100 гаруй хүн бүртгэлтэй байдаг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих