У.Мөнх-Эрдэнэ Азийн аварга боллоо

БНСУ-ын Инчён хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээний рингэнд 64 кг-ын жинд тулалдсан Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ аваргын алтан медаль хүртлээ. Өмнө нь тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр аваргын төлөө рингний эзэн орон БНСУ-ын тамирчин Пак Сан Хьюктэй тоглож, илт илүүрхэн 21:8 /8:2; 7:2; 6:4/ харьцаатай буулган авлаа.

Азийн аваргын рингэнд эхний тулаандаа Японы боксчин Юүта Жүкүмориг 22:6 харьцаатай төвөггүй буулган авсан тэрбээр хүрэл медалийн төлөөх тулаанд Казахстаны Алмасбек Алибековыг 18:11 харьцаатай, улмаар өчигдөр Энэтхэгийн тамирчин Балвиндер Бенвалыг 22:13 харьцаагаар илүүрхсэнээр мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Ийнхүү дэлхийн аваргын хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын алтан медаль шагналын цуглуулгадаа нэмлээ.

64 кг-ын жингийн медальтнуудад Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч, Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг шагналыг нь гардуулсан бөгөөд У.Мөнх-Эрдэнэ гавьяат ийнхүү холбооныхоо ерөнхийлөгчөөс тивийн аваргын алтан медалийг зүүж,  Инчёны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.

Харин 56 кг-ын жинд тулалдсан Д.Отгондалай мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр эхний тулаандаа Японы тамирчин Шохей Журакүг 24:5 харьцаатай илт давуу буулган авч, улмаар Киргизстаны тамирчин Медер Мамакеевийг 18:16-гаар ялснаар хүрэл, БНСУ-ын И Жин Ёнг 12:9 харьцаагаар буулган авснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. Харамсалтай нь, шийдвэрлэх тулаанд Тажикистаны боксчин Анвар Юнусовт 13:10 харьцаатай ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

С.Цэлмэг


URL:

Сэтгэгдэл бичих