Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэсний баяр наадмаа дээдлэн сайхан наадахыг хүсэн ерөөлөө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.
Ерөнхий сайд Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүдэд ярилцлага өгч, дэлхийд гайхуулсан соёлын арвин өв сангаа Үндэсний их баяр наадмаа дээдлэн дэлгэрүүлж, сайхан наадахыг ард түмэндээ ерөөлөө.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо энэ жилийн наадмыг шинэлэг байдлаар зохион байгуулж, олон нийтийг хамруулах тал дээр түлхүү анхаарсан гэдгийг ярилцлага өгөх үеэрээ онцоллоо. Төрийн хүндэтгэлийн тоглолтыг гадаа талбайд зохион байгуулснаар өмнөх жилүүдийнхээс олон хүн үзэж сонирхох боломжийг олголоо. Баяр наадмын нээлтийн ажиллагаанд урьд өмнө оролцож байгаагүй олон хүнийг хамруулсан шинэлэг, содон нээлт боллоо гэж Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбараас гадна түүх, ёс заншил, соёл урлагаараа дамжуулан сурталчилбал илүү үр дүнд хүрч, манай орныг зорих хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэлээ.
Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмын эхний энэ өдөр Хүй долоон худагт зарим уяачдын галаар зочиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: