Монголын ард түмний төлөө зүйл Монголд байна уу?
Монгол улсын үндсэн хууль Монгол хүнийг эрхэм гэж тунхагласангүй. Монголын төр хүмүүнлэг байж Монголын төлөө улс төр, эдийн засгийн бодлого явуулсангүй. Ерөөсөө ардчилалын сүүлийн 20 жилд Монгол хүний төлөө гэсэн нэг ч зүйл хийгдсэнгүй. Хүн төрөлхтөн хөгжлийн шинэ шат өөд явж байхад Монголчууд бид өдөр хоногийг өлмөн зөлмөн өнгөрөөж, алдаатай мэдлэгээр оюунаа бантан болгуулж байна. Барууны орнуудад өрнөсөн соён гэгээрлээс хойш 300 гаруй жил өнгөрчихөөд байхад Монгол хүн соён гэгээрсэнгүй харин түнэр харанхуй дунд тэмтчисээр нэг насны амьдралаа барж байна.
Баяр хөөргүй, маргаашгүй зөвхөн өнөөдрийн хоолны төлөө маргаашийн амь зуулгын төлөө л бидний амьдралыг харах өнцөг хязгаарлагдсаар. Хэний зөв хэний буруу, үнэн бас худлыг ялгахгүйгээр зөвхөн ашиг хонжоо хайж өөрийн нэг насны амьдралаа амь зуухын төлөө л зориулах өрөвдөлтэй, ичгүүртэй хувь тавилан бидний сонгосон сонголт биш. Мухар сүсэгт автсан, мэдлэггүй, ёс суртахуунгүй, амь зуухын төлөө бусдын амьдралыг хулгайлагч арчаагүй Монгол хүнийг хэн хүснэ вэ? Өнчирсөн хүүгийн хэлмэгдсэн тавиланг, өнөөдрөөр л амь зуугч залуугийн гутранги үзэлийг, төрүүлсэн үрээ тэжээх чадваргүй эхийн нулимсыг хэн барна вэ? Ахиад нэг хүү өнчирхийг, ахиад нэг залуу архичин болохыг, ахиад нэг гол ширгэхийг хүсээгүй л бол Монгол хүн гэдгээ ухаар.
Та холоос хайгаад хэрэггүй. Яг таны хажууд тантай адил Монгол эхийн хэвлийгээс унасан таны найз нөхөр байсан, тантай хамт цэцэрлэг сургуульд сурсан тэр л Монгол хүн энэ их бузар булайг үйлдсэн. Луйварчид бидний амьдралыг там болгочихоод бусдын зовлонгоор жаргал хийж, биднээс хулгайлсан мөнгөөрөө үнэтэй машин хөлөглөж, тансаг харшид заларцгаана. Луйварчдын үйлдсэн нүгэл нь дэндүү их болхоор бидний тэдэнд доромжлогдсон, хэлмэгдсэн уур хилэнг юу ч зогсоож чадахгүй биз. Олон хүний амьдралыг хулгайлсан хүн хэзээ ч сайн сайхан амьдардаггүй гэдгийг ямагт санагтун. Ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн эрх баригч луйварчид зохих шийтгэлээ авдагийг бид мэднэ. Хийсэн хэрэгтээ таарсан шийтгэлийг авах нь зүй ёсны хэрэг.
Монголын ард түмний төлөө хэмээн ам уралдацгаан 20 жил орилсон эрх баригч луйварчид Бидэнд юу өгөв. Биднийг зах зээл нэрээр ганзагын наймаачин болгож, ардчилал нэрээр амьдралыг нь туйлдуулж, сонгууль нэрээр саналыг нь луйвардаж итгэх итгэлгүй, зорих ирээдүйгүй болгосон. Өмч хувьчлал гэсэн сайхан нэр зүүн ард түмний хэдэн арван жил хуримтлуулсан хөрөнгийг үнэгүйгээр хувьдаа завшин, төрийн албыг авилгалын үүр болгож, эх орноо лиценз нэрээр худалдсан зэрэг эрх баригч луйварчдын хийсэн гэм дэндүү их. Эрх баригч та Монгол хүн мөн л бол ард түмнээ дэндүү өрөвдөлтэй хувь тавилангаар амьдруулж тэднийг доромжилхоо зогсоо. Та ч гэсэн Монгол хүн шүү дээ.
Боловсролын тогтолцоо цэцэрлэгээсээ, их сургууль, ШУА хүртлээ дампуурсан. Энэ дампуурсан боловсролын тогтолцооноос мэдлэгтэй, оюунлаг Монгол хүн төлөвших ямар ч бололцоогүй. Мэдлэг гэсэн нэрийдэлтэй өөрийн хувийн санаагаа хүчээр тулгахаас өөрийг мэдэхгүй их мэдэгчид бидний үр хүүхдийн оюуныг дэндүү арчаагүй, дэндүү өчүүхэн болгож байна. Мухар сүсэгээр удирдуулсан Монголын их дээд сургуулиуд, ШУА Монголын нийгмийг хямрааж сүйрүүлсээр.
Өвлийн хүйтэнд гадаа даарч байхдаа, хоногийн хоолны мөнгөгүй болчихоод өлсөж байхдаа, үр хүүхдийнхээ ирээдүйг харанхуйгаар төсөөлж өнгөрсөнөө сайхан байж дээ гэж санагалзаж байхдаа та энэ бүхнийг яаж өөрчилхийг боддог уу эсвэл эвлэрхийг хүсдэг үү. Монголчуудын хүсээгүй тамын хувь тавиланг улс төрч нэртэй луйварчид цогцлоон бүтээсэн эзэд нь шүү дээ. Хэний даалгавраар хэний төлөө тэд эх орноо худалдаж элэг нэгтнүүдийнхээ хүн ёсоор амьдрах хувь тавиланг яс мэрэн амь зуух нохойны тавилангаар солино вэ. Тэд өөрийн үр хүүхдийн амьдралыг бас булшилж байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй юмсан. Гуйланчлал, замбараагүйдлээр дүүрсэн, авлигал зүй бус байдалд нэрвэгдсэн нийгэмд та үр хүүхдээ амь зуулгахыг хүсэхгүй л биздээ.
Иракийн дарангуйлагч Саддам Хусейнийг ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр хүн төрөлхтний нүдэн дээр дүүжлэн хороосон. Египетийн ерөнхийлөгч асан Х. Мубарак ард түмнийхээ эсрэг хийсэн гэмт хэргийнхээ төлөө эмнэлгийн ортойгоо шүүхийн танхимд гутамшигтайгаар шүүгдэж байна. Ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдвэл ийм л шийтгэл хүлээнэ гэдгийг Монголын эрх баригч луйварчид хэзээд санагтун. Соёлт хүн төрөлхтний түүхэнд ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн, тэдний амьдралыг хулгайлсан дарангуйлагч, эрх баригчид бүгд л шударга шүүхийн өмнө шийтгэгдсэн байдаг.
Улс төр ард түмнийхээ сайн сайхны төлөө, тэднийг мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай болгохын төлөө ажилладаг байгууллага. Улс төрчид гэж мэдлэгтэй, эрдэмтэй бусдыг хайралдаг олны төлөө амьдралаа зориулдаг хүмүүс байдаг. Түүнээс биш сонгуулиас сонгуулын хооронд амьдардаг, хувийн сонирхолоо бүхнээс дээгүүр тавьдаг луйварчдыг хэлдэггүй. Тэд Хамуг Монголчуудын юу хийхийг, юу хүсэхийг, юу бодохыг заахгүй. Хамуг Монголоос дээр юу ч үгүй. Бүхний дээр Монгол хүн л байх ёстой.
Нэгэнт биднийг доромжилж байгаа учраас бидний төлөө сайн сайхан зүйлсийг хийхгүй байгаа учраас Монголчууд бид авлигагүй, ёс суртахуунлаг цэвэр улс төрийг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл улс төр гэдэг ард түмэн бид л гэсэн үг. Үнэндээ улс төрч нэртэй луйварчдыг иргэн та л итгэл хүлээлгэн сонгосон, харин сонгогдчихоод таны төлөө ажиллахгүй бол хэрхэн тооцоо бодох нь таны хэрэг. Хувь заяандаа эзэн болохгүйгээр, хойч үеээ тамд унагах эмгэнэлт хувь тавиланг та сонгохгүй нь мэдээж. Яг одоо луйварчдаас булаагдсан хувь тавилангаа эргүүлэн авч аз жаргалаар дүүрэн шинэ Монголыг хамтдаа бүтээцгээе. Шинэ Монгол ядууралгүй, архидалтгүй, авлигагүй, Шинэ Монгол хөгжил цэцэглэлт, мэдлэг боловсрол, аз жаргалаар гэрэлтэнэ.
Өндөр технологид суурилсан мэдлэгийн нийгмийг 21-р зууны оюунлаг хүн төрөлхтөн хөгжлийн гарц хэмээн үзэж байгаа учраас шинэ Монголыг бүтээхийн тулд хоцрогдсон уул уурхай, ХАА-гаас өндөр технологид суурилсан мэдлэгийн нийгмийг бий болгох үсрэнгүй алхамыг хийх хэрэгтэй байна. Өндөр технологийг дэмжсэн хүн л шинэ Монголд шинэ ирээдүйг бэлэглэгч буянтан болно.
Монголын ард түмний төлөө Монголын иргэн та л тэмцэхээс биш хэн нэгэнд найдаад дэмий л шаналаад суугаад байх хэрэггүй. Таныг шаналан гутарч байх хугацаанд Монголын үрс эндэж, Монголын ирээдүй бүдгэрсээр байна.
Хамуг Монголын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөөх хүслээр дүүрэн, Хамуг Монголчууд босон ирж байна. Үүнийг зогсоох хүч үгүй ээ.
М. Хошууд
URL: