Хуушуурын зөвшөөрөл ба хурган дарга нарын хуудуу

Наадмаар хуушуур хийж үзэх санаатай Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийг зорив. Шаардсан материалуудыг нь бүрэн бүрдүүлж өгөөд Мэргэжилтэн Октябраас – Өөр юу бүрдүүлэх вэ, дутуу хүтүү юу байна гэж асуухад, – Ингээд болсон гэж хариулав. – Зөвшөөрөл хэзээ, яаж гарах вэ? гэхэд – Хурлаар шийднэ, шалгарсан хүмүүс, аж ахуйн нэрсийг жагсаалтаар гадаа гаргаад тавьчихна гэлээ.
 527-143658353111694904_949557741771258_2861900463135551590_n 18394_1639010026342018_7031411038386354579_n
Ингээд 10 шахам хоног хүлээлгэсний эцэст бидний хэдэн азгүй, танилгүй, мөнгөгүй хүмүүс ханан дээрх жагсаалтаас нүдээ бүлтийтэл ширтэвч өөрсдийн нэрсийг олж эс үзэв.
Материал өгсөн мэргэжилтнээсээ –Ямар шаардлага, шалгуурыг баримтлаж шалгаруулсан бэ? – Юу нь болохгүй болоод, яагаад зөвшөөрөл өгөөгүй вэ? гэхэд хурлаар шийдсэн гэв. Тэр хурал чинь яаж шалгаруулдаг юм бэ гэхэд, би мэдэхгүй гэсэн хариу өгөв. – Та материал хүлээж авсан, та бидэнд хариу өгөх ёстой, иргэддээ үйлчлэх ёстой шүү дээ гэхэд, би яаж мэдэх юм бэ гэв.
Төрийн албаны тухай хуулийн 4.1-т шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.2-т ил тод байх, 4.2.3-т ард түмэнд үйлчлэх гэж тусгай зарчмыг зааж өгсөн байдгаас үзэхэд төрийн ямар ч албан тушаалтан, албан хаагч иргэдэд ил тод, тэгш, шуурхай, ойлгомжтой үйлчлэх үүрэгтэй.
Энэ талаарх гомдлоо Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын тусгай утсанд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9.4-т “Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу гаргасан боловч “-Төрийн албан хаагчтай холбоотой гомдлыг манайх авахгүй, дээд шатны албан тушаалтанд нь ханд” гэсэн ажлаа хялбарчлах гэж авлига гарч болох нөхцөл боломж бүрдсэнтэй холбоотой гомдлыг эс хайхарсан нэгэн албан тушаалтны хариуг сонсов.
Авлигын эсрэг хуулийн 6.1-д төрийн байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах нийтлэг үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Үүнд:
“6.1.2. тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах; 6.1.3.төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах; 6.1.5. тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах; 6.1.10.төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх; 6.1.12.бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;” гэжээ. Мөн дээрх хуулийн дагуу 18 дугаар зүйлд Авлигатай тэмцэх газар нь  авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах чиг үүрэгтэй болохыг дурдаад, 18.4.2-т “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах”, 18.4.6-д “авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;” гэж бүрэн эрхийг нь заасан байдаг.
Авлигатай тэмцэх газар нь ачаалал ихтэй, эсхүл өөр ямар нэг шалтгааны үүднээс шалгадаггүй, гомдлыг хүлээж авдаггүй юм бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандая гэж шийдээд цахим хуудаснаас нь “1800-1284 /Санал гомдлын утас/” гэсэн дугаарыг олж ярив. Гэтэл утас авсан ажилтан – Наад гомдлоо бичгээр эс гаргаваас хүлээн авах боломжгүй гэв. Энэ албан тушаалтан 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагийн орчимд залгаж “Зөвхөн миний бус олон нийтийн эрх ашиг яригдаж байгаа, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэхэд танай газар оролцох ёстой, би мэдээлэл өглөө, танайх санаачилгаараа шалгах ёстой” гэж хэлсэн нэгэн иргэний яриаг эргэн нэг санаад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дэх “Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно.”, Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1 дэх “өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих”, 15.1.12 дахь “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх”, 15.1.14 дэх “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хяналт шалгалт хийх болон өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар гадаад улсын болон олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох” гэсэн заалтуудыг сэргээн нэг уншаад, шударга ёсны төлөө зүтгэх ёстой гэдгээ дахин нэг бодох биз ээ.
Хуушуур хийж, зарахын төлөө авлига өгнө гэж бодсон “хэтэрхий мэргэн түшмэдүүд” байгаа бол, би та бүхэнд – Бүү горьд гэж хэлье.
Эх сурвалжийн мэдээ
Энэ нь зөвхөн энэ жил биш, улам бүр урхагшиж байгаа авлигын нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзэж болохоор хурган дарга нарын хуудуутай бизнес гэж хардахаар асуудал болохыг дараах эх сурвалжууд, бусад мэдээллээс үзэж болох юм. Үүнд:
http://www.wikimon.mn/content/29251.shtml Хуушуурын зөвшөөрөл 500 мянгад хүрэв. 2012 оны 7 сарын 9, http://chuhal.mn/r/38829 Хуушуурын зөвшөөрөл гэх “хөлгүй” бизнес, http://www.olloo.mn/n/3506.html Хуушуурын зөвшөөрөл 400-600 мянган төгрөг. 2014-07-10, http://www.my-zar.mn/zar/239195.htm
http://read.dorgio.mn/99940.html Хуушуурын зөвшөөрөл хувь хүнд хүртээлгүй гэсэн нийтлэл дахь “Үнэндээ хуушуур хийж зарах зөвшөөрөл олж авна гэдэг дүүрэгт томоохон албан тушаал хашдаг дарга болоод танилгүй бол ёстой хэзээ ч бүтэшгүй үлгэр юм гэнэ. Дээгүүрээ хувааж аваад ах дүү, хамаатан садандаа өгчихдөг гэдгийг ч баттай эх сурвалж хэлэв. Ийм хүртээмжгүй, хүртээлгүй, амь зууж амьдрах гэж байгаа жирийн иргэдийг хохироодог хотын дарга болоод дүүргийн хэлтсийн дарга нар байдаг юм байна. Дүүрэг болгон дээр олон иргэн ямар ч зөвшөөрөл олж авч чадаагүй хохирчээ.” гэснийг болон бусад мэдээллийг уншиж болно.
Асуудлыг хэрхэн зохицуулах вэ? 
Хөөрхий хэсэг ядарсан иргэд хуушуур хийхийн төлөө дарга нарт ийн “зусардаж”, үүний дараа худалдан авагч иргэд “зөвшөөрөл”-ийн нэмэгдэл шингэсэн үнэтэй хуушуур иддэг гаж тогтолцоог хэрхэн халах вэ? Сэтгэл, зүтгэл байвал янз бүрийн аргаар, амархан шийдвэрлэж болно.
Хамгийн энгийн нэг арга зам нь хуушуурын зөвшөөрөл өгөхдөө үйлчилгээ эрхлэгчдийг сонгон шалгаруулах шаардлага, шалгуур, нөхцөлөө маш тодорхой урьдчилан зарлах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл ийм нөхцөлийг илүү сайн хангасан иргэн, аж ахуйн нэгжид, ийм байршилд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно гэж доод тал нь 14 хоногийн өмнө олон нийтэд зарлаж байх нь зүйтэй юм.
Шаардлага
Цаашид иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, илт тод хүргэх үүднээс энэхүү нийтлэлийн мөрөөр холбогдох байгууллагууд нь хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч нийтэд эргэн мэдээлэхийг хүсье.
Энэ нь зөвхөн миний бус олон нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөөх үйл, нийгэмд шударга ёс оршин тогтноход өчүүхэн ч гэсэн нэмэр болох ажил тул төрийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар хянан шалгаж энэхүү сайтаар дамжуулан мэдээлнэ үү.
Баянзүрх дүүргийн иргэн. 2015.7.10

URL:

Сэтгэгдэл бичих