“Оргил рашаан сувилал” -ыг аврахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гуйлаа!

 147050-23092014-1411467136-105754329-orgil_erunhii

Эрхэм Ерөнхийлөгчөө

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” УИХ-аар  батлагдлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтанд “Оргил рашаан сувилал” ТӨХК багтжээ.

Рашаан сувиллын салбарт тэргүүлэх үүрэгтэй, эдийн засгийн хувьд ашигтай ажилладаг эрүүл мэндийн байгууллага юм.

“Оргил” рашаан сувилал нь нүүрсхүчлийн хий, төмөр агуулсан гидрокарбонат кальци, магнийн төрлийн рашааны ордыг түшиглэн 1934 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй  (1974 онд одоогийн сувиллын байранд орсон)  Монгол улсын хамгийн том, тэргүүлэх сувилал юм.

Тус сувилал нь улсын хэмжээнд  ажиллаж байгаа 100 гаруй сувиллуудыг  мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж, “Монгол орны рашааны судалгаа” “Байгаль монголын муж дахь рашааны нөөцийн судалгаа” зэрэг  үндэсний хэмжээний томоохон судалгаа, эрдэм шинжилгээний ажиллуудад эмч, судлаач мэргэжилтнүүд нь оролцдог рашаан сувилал, сэргээн засах эмчилгээний эмч мэргэжилтэнг үндэсний хэмжээнд бэлтгэдэг гол  байгууллага билээ.

“Оргил” рашаан сувилал нь 2006 оноос хойш ТӨХК болон өөрчлөгдөн ажилласнаас хойш тасралтгүй ашигтай ажиллаж, татвараа төлж ирсэн бөгөөд улсын эдийн засаг, төсөвт  ачаалал дарамтгүй ажиллаж байгаа “төрийн мэдлийн рашаан сувилал” болно.  2012 онд 646,2 сая,  2013 онд 812,7 сая, 2014 онд 485,9 сая төгрөгний цэвэр ашигтай ажиллаж иржээ.

Сувилалд эрүүл мэндийн үйлчилгээ авагчийн 80 гаруй хувь нь тэтгэвэрийнхэн болон ахмад настнууд байна.

Оргил рашаан сувилал ТӨХК-д жилдээ дунджаар 10 гаруй мянган хүн эмчлүүлдэгээс 70-80 хувь нь тэтгэврийн насныхан, ахмадууд байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээгүй байдалтай байгаа өнөө үед нийгмийн зорилтот бүлэг ахмад настнуудад харьцангуй хямд үнээр,  нийслэл дотроо үйлчилдэг цорын ганц сувиллыг хувьчилснаар үнэ тариф өөрчлөгдөн үйлчилгээ, тусламж нь ямар түвшинд байх бол гэж монголын мянга, мянган ахмадууд сэтгэл зовниж, олон жилийн туршид эрүүл мэндийн үйлчилгээ  авч ирсэн энэ сувиллыг хувьчлах шийдвэрийг эсэргүүцэж байна.

Байгалийн эмчилгээний нөөц түшиглэсэн рашаан сувилал дэлхийн жишгээр хөгжих боломжтой цаг үедүндэсний төвийнүүрэг гүйцэтгэж байгаа цорын ганц төрийн сувиллаа хувьчлах нь зөв шийдвэр болж чадахгүй.

Дэлхий олон орнуудад эмийн хэрэглээнээс зайлсхийн байгалийн хүчин зүйл, эмийн бус аргаар эрүүлжин чийрэгжих чиг хандлагыг эрүүл мэндийн салбарынхаа тэргүүлэх чиглэлээ болгон энэ салбарын хөгжлийг төрийн бодлогодоо тусган ажиллаж байна.

2005 оноос хойш төрийн мэдлийн сувиллууд бүгд хувьчлагдан өнөөдөр тэдгээрийн эмчилгээ, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжраагүй, сувилал хөгжөөгүй гашуун туршлага бидэнд бий.

Рашаан сувиллын салбарын эмчилгээний техник, технологийг шинэчлэх, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, хөгжүүлэхэд жишиг болгон, улсын хэмжээний рашаан сувиллыг мэргэжил арга зүйгээр удирдан чиглүүлэх эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын төв байгууллага болгон хөгжүүлэх нь өнөөгийн Монгол Улсад нэн хэрэгтэй үйл болохыг эрхэм Ерөнхийлөгч та мэргэн оюундаа тунгааж УИХ-ын тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд эргэн харж нягтлан үзэхийг хичээнгүйлэн хүсье.

Оргилрашаан сувиллын хамт олон

Монголын ахмадын холбоо

Монголын рашаан сувилал нийгэмлэг


URL:

Сэтгэгдэл бичих