Наадмын шүлгэнд мөнхөрсөн сайхан бүсгүйчүүд ээ гэж…

10577Би нэгийн даваанд дэвж үзсэн биш, би ямар хурдан морины тохом сэвж үзсэн биш, би ямар арван зургаан хясаа шимж үзсэн биш, би ямар даргар нум эвшээлгэх чадалтай ч биш гэхдээн би наадамчин. Жил жилийн наадмыг хүлээж  догдолдог бас эхнэрээсээ нууж нулимс гаргаж энэ л наадмыг үздэг эр хүн дээ.

Монгол наадам хаяанд ирсэн ч тэсэлгүй наадмын тухай үлгэр шиг хууч сонсож, наадмын тухай яруу найраг уншиж сууна. Миний өмнө Д. Нацагдоржийн шагналт, яруу найрагч, Дорноговийн Улаанбадрах сумын наадамч Арлааны Эрдэнэ-Очирын эмхтгэсэн “Нар зөв монгол наадам” хэмээх сайн хоёр хуруу зузаан сайхан ном байна. Гарчигнаасаа эхлээд нар, наадам, айраг, тогоо дүүрэн буцлах хонины гэдэс бас хөх хомоол дээр уугих агь ганга, арц тэгээд хөлстэй тохом, унаач бандийн сөөм ташуур, далбин таваг дүүрэн хольсон тос хэдэн ааруул, ганц хоёр тагш хатуу юм энэ бүхнийг  номоос харж сууна.

А. Эрдэнэ-Очир номынхоо өмнөтгөл үгэндээ “…сайхан бүсгүйчүүд, хайр дурлал… наадам  болгонд бий” гэсэн нь үнэн юм байнаа. Би энэ номноос яруу найрагчдын наадам болгонд харсан, хайрласан бүсгүйчүүдээс ганц нэгийг сэмхээн танд уншиж  өгъе.

Хөдөлмөрийн баатар,АУЗ, Төрийн шагналт, Өвөрхангай Бүрд сумын наадамч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Сумын наадам” дээрээ,

… Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд асаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү…

гэж санааширч суусан бол,
МУАУЗ, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт,Баянхонгорын Заг сумын наадамч Тангадын Галсан гуай сумынхаа “1963 оны наадам” дээр

…Хүдэр эрчүүдийн том том харц
Хүүхнүүд алгасч чам дээр байна
Ичимхий охидын сэм сэм харц
Эрчүүд алгасч над дээр байна
Энхрий хайрт минь юутай сайхан бэ
Энэ зун: чи-Нансалмаа, би-Юндэн байна… гэж гуч гаруй насандаа  наадам дээр гайхуулж явж.

Төрийн шагналт яруу найрагч, Хэнтий аймгийн Батширээтийн уугуул Нямбуугийн Нямдорж  амбуугай их л залуухандаа наадсан “Бяцхан толгойн наадам”-ыг үе үехэн дурсаж ингэж бичсэн байдаг.

…”Би гэдэг нас арван наймтай ч
Бие сэтгэлээ барих эр тэвчээр султай
Өвгөн Бадамын Хандаа сэтгэл дунд уяатай
Өөрийн санаа гэвэл хамт наадамчлахын хүслэнтэй
Бяцхан толгой наадам чилийсэн уртыг яанаа

Бардам бардам хөвгүүдээс Хандаагаа харамлаж
Уртхан цагаан Хурхын мойлтой бургасан дунд
Одод тонгойтол бидэн хоёр хайрандаа ивэлсээн…”  гэсэн бол,

Монгол Улсын Ардын Уран зохиолч, Төрийн шагналт Сормууниршийн Дашдооров Дундговийн Дэлгэрхангайн наадам дээр, зүүн голын Эгиймаатай  дөрөө харшуулж явчихаад “Хойтон жилийн наадам”-ыг санааширч ингэж тэрлэсэн байна.

…”Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байх даа
Учрахсан гэж яарнам
Хойтон жилийн наадам
Хол байна даа, хол байна…” гэжээ.

Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай Төв аймгийн Баянжаргалан сумын наадмыг ихэл залуудаа үзээд ингэж хуучилсан гэдэг,

…”Их наадмын олон, эрээн мяраанаар алаглана
Энэтээ тэртээ дэнжид асар майхан алаглана
Эгчмэд ганган хүүхнүүдийн торгон алчуур алаглана
Эргэн тойрон ердөө тэр аяраа алаглана…” гэж 11-ний өдрийг хэлсэн бол, 12-ны үдээс хойших наадмыг ингэж хэлсэн байх юм.

Майхны хаяагаар мөлхөж хөөрхөн Хоролыг өвөртөлсөн
Мантгар Дамиа заан гурван өдөр согтуу
Нэгийн даваанд унадаг гэж хүүхнүүд түүнийг шоолоод
Нээрээн байж суулгахын аргагүй хор хөдөлгөх нь адгуу

Агент Доржийн гадаа Найдан өвгөн унассаныг
Арван зургаатай Сувдааг начин Гочио айлгасныг
Арын бригадын нэг залуу эмээлтэй морио алдсаныг
Авч хэлэлцэхгүй л бол, агсан согтуу алив гажуу энд гарсангүй ээ…” гэж хөөржээ.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо Өвөрхангайн Тарагт сумын наадам дээр Хөшөөтийн хархүүг “харамлаж” ингэж бичсэн байдаг юм.

…”Тэр өдөр-
Эрхийн хээ ээдрүүлсэн гал задлах сумаа шившиж
Эрчлэх нумын хөвчинд ахын сэтгэл сэргэсэнсэн
Энэ наадамд өвдөг шороодоогүй
Хөшөөтийн хотын хархүү
Хүний нүд булаасан жороо морь хөтөлж
Хөөрхөн Гэнэмаатай дөрөө харшуулан одсонсон…” гэж одоо ч дурсдаг гэнэлээ.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва Дундговийн “Хулдын наадам” дээр сумынхаа бүсгүйчүүдийг хэнээс ч юм бүү мэд харамлаж ингэж бичсэн байдаг.

…”Гангарч хатирах морьтон бүсгүйн суман хар үсэнд
Галбын нар шунан дурлаж алтан зэлээ алдмаар
Залуу цагаан цомирлог охидын хонгор инээд нь
Залгаа сумдын залуусын сэтгэлийн гижиг хөдөлгөх

Миний Хулдын наадам аа…” гэтэл сумынхаа наадам дээр очоод юу болоод өнгөрснийг одоо ч бодоод олдоггүй нэгэн байх юмаа. Тэр бол Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч эл номын зохиогч Дорноговийн наадамч Арлааны Эрдэнэ-Очир юм. Хөөрхий тэр “Улаанбадрахын наадам” дээр байсан нь үнэн юу болсныг санадаггүй гэдэг. Тэгээд л шүлгэнд бичсэн нь:

…” Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам дээр
Сумандаа ганцхан тэр минь
Нөхөртэй болчихоод ирлээ
Үеийнх нь сайхан хархүү
Заяаных нь юм шиг санагдаад
Үймэж гунисан би л
Наадам дунд ганцаардлаа
Ардын дууны нугалаанаас
Морьдын хөлс ханхалдагсан
Тэгэв үү, үгүй юү
Мэдсэнгүй
Аймгийн заан Дашдэндэв
Зүүний магнайд гардагсан
Ирсэн үү, үгүй юу
Харсангүй
Монголын гурав хоног
Айраг залгилан өнждөгсөн
Анзаарсангүй
Сумандаа ганцхан тэр минь
Нөхөртэйгээ дөрөө харшуулаад
Сугарч үлдэх тоосоо
Надад орхиод явчихлаа
Улаабадрахын наадам дээр
Жирэмний сураа тасартал
Олмоон чангалсаар үлдлээ…” гэжээ, хөөрхий дөө чааваас. Энэ жилийн наадам дээрээс илүү сайхныг олж аваарай гэж ах нь хэлье.

Монгол яруу найрагч бүхний “наадам” танан шигтгээ шиг ганц ганцхан бүсгүйчүүдтэй. Өөрөөс нь асуувал миний эхнэр мөөн л гэдэг. Жаахан халхаараа тэр чинь найрагчийн зүрхэнд ургасан сувдан сондор байхгүй юу гэдэг. Үнэн юм билээ, СГЗ, МЗЭ-ийн шагналт, манай Шагдарсүрэнгийн Гүрбазар,

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж…
Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтлоо дэргүүлэхэд…гээд л “Дугуй хээтэй наадам” –даа тодоос тод хайлсан байдаг.

За ингээд болъё. Тэр бүхнийг танд хэлъе гэвэл сонинд үл багтана  тэгээд ч Улсын наадам өнгөрөх нээ, Гэхдээ ганцхан мэдээ хэлъе.

Соёлын гавъяат, яруу найрагч Баянхонгорын Баян-Овоотийн наадамч Данзангийн Нямаа хэлэхдээ: “найз нь, олон жилийн  наадам болгоноор харсан, хайрласан, харамласан бүсгүйчүүдээ нэг мөсөн бөөндөж ланжгар юм гаргана, миний бүсгүйчүүд сайхаан, сайхан” гэсэн шүү.

Тиймээ, мөнх тэнгэрийн доорх монгол наадам, монголын яруу найрагт монголын бүсгүйчүүд шигтгээ болон гялалзаж байг.
Хойтон жилийн наадмаар хичнээн сайхан бүсгүйчүүд яруу найрагчийн зүрхийг түших болоо. Хол байна даа, хол байна хойтон жилийн наадам.

Монголын Радиогийн сэтгүүлч М. Олонхаад


URL:

Сэтгэгдэл бичих