Даварсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг яах вэ

Photo150709_001-Муудсан хэрчсэн гурилны түүх-

Өчигдөр миний бие ажлаа тараад харих замдаа гэрийнхээ ойролцоох нэгэн дэлгүүрээс мах, төмс, лууван, 2 ш хэрчсэн гурил авч хоол хийсэн юм. Нэг удаагийн хоол хийх материал л даа. Ингэж авах болсон учир нь манайх зусланд гарсных.

Хааяа хол зуслан явахаас залхуурхаараа хотод хонож иймэрхүү маягаар ходоодоо аргадчаад унтна. Бас өчигдөр миний 3 настай охин болон түүнийг хардаг хамаатны нэг дүү маань гэрт ирсэн байсан юм. Өмнөх өдөр нь бууз жигнээд өгчихсөн болохоор, энэ удаад шөлтэй хоол хийж өгье гэж бодов. Харин гурилтай шөл хийхээр мах, ногоогоо буцлаад болоод ирэнгүүт гурилаа хийтэл шууд иссэн үнэр хамар цоргиж хоол дуршилтэр даруй унав. Гэсэн ч өлссөндөө жаахан амсч, басхүү аягалаад хамаатны дүү хэд халбагадсанаа энэ арай бишээ исчихсэн байна гэв.

Ингээд хэрчсэн гурилын он, сар, өдрийг хайв. Тэгсэн уутныхаа амсар дээр наасан цагаан цаасан дээр 2015-07-05 гэсэн байв. Мөн хадгалах хугацаа 3 хоног гэсэн байв. Өчигдөр 7 сарын 8 байсан бөгөөд хадгалах хугацаа нь хэтэрсэн байсан юм. Ингээд утасны дугаараас өөр тодорхой хаяггүй уг гурилын уутан дээрх дугаар луу залгалаа. Тэгсэн нэг эгч “Чи 900 төгрөгөөр гурил авчаад юун сүртэй юм бэ. Чамайг юм олж долоохыг чинь харна аа. Явдаг газраараа яв манайх шинжилгээний бичиг нтр бүх юм нь байгаа. Өгдөг газар нь өгөхөөс дөө одоо” гэв. Дэлгүүр болгонд л харагдаж байдаг энэ гурилын нэр нь “ТУГ” бөгөөд компани биш хувь хүн хийдэг аж.

Залуу хүн болоод ч тэр үү хааяа залхуурч, урьд нь зөндөө л хэрчсэн гурил авч хэрэглэж байлаа. Ийм асуудал л ч гарч байгаагүй юм. Мэдээж хүмүүс аливаа бүтээгдэхүүний он сарыг харж авах нь тийм ч их дэлгэрсэн асуудал биш. Тэгээд ч худалдагчид хөргөгчинд байгаа юм зүгээр, ганц нэг өдөр хэтрэхэд яавал гэж өмнөөс бараг загнах шахна. Уутныхаа баруун дээд талд “ТУГ” хэмээн бичсэн дээгүүр, доогуураа улаан, ногоон өнгөтэй гялгар уутанд савласан энэхүү гурилыг хувь хүн хийдэг хэмээн дээр хэлсэн тэр нь гурилын ард бичсэн БГД 10-р хороолол 6-р хороо иргэн С.Оюунгэрэл бололтой. Надтай ярьсан хүн ч энэ бололтой.

С.Оюунгэрэл бололтой 96654743 дугаарын цаанаас эмэгтэй хүн “Юм олж долоохыг чинь харна. Залуу хүн байж 900 төгрөгний гурил авчаад” хэмээн зандарсан. Дараа нь мөн л энэ дугаарын адил гурилын уутны ард талын нэгэн дугаараас нэгэн эрэгтэй “Би борлуулагч нь байна. Чиний авсан дэлгүүр дээр ирчихлээ. Гурил зүгээр л байна ш дээ. Эр хүний замын хүзүү урт” гэж бараг занах нь холгүй юм болов. Үүнээс өмнө авсан дэлгүүр дээрээ очиж худалдагчид хэлтэл гурил үйлдвэрлэгчдээс шал өөр юм ярьж “Тэднийх нэг хоноод зарагдаагүй гурилнууддаа буцаалт хийдэг нь шал худлаа. Хадгалалтын 3 хоног өнгөрөөд 4 дэх хоног дээрээ ирж авдаг” гэв.

Тэгэхээр 7 сарын 5-нд үйлдвэрлэсэн гэх энэ гурилыг хадгалалтын хугацаа хэтэрснээс 1 хоногийн дараа буюу 7 сарын 9, өнөөдөр авах байж л дээ. Би 7 сарын 8-нд авахад иссэн байв. Уг нь их халж буй энэ зун хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ хадгалалтын хугацааг наашлуулмаар. Эс тэгвээс над шиг иссэн, муудсан бүтээгдэхүүн хэрэглэх хүмүүс олширч, бага зэрэг иссэнийг нь тоохгүй өнгөрч байгаа. Уг энэ гурилан дээр MNS 5760:2007 гэсэн Монгол Улсын Стандарчилал, Хэмжилзүйн газрын аюулгүй, баталгаатай гэх чанарын индекс байхын.

Даан ч харамсалтай нь, Монгол хүний үнэ цэнэ алдагдаж, хэн ч тоохоо больж дээ. Энэ мэт хүнсний үйлдвэрлэгчид Засгийн газрын байгууллагуудын аюулгүй хэмээн худал баталгаажуулсан нэрийн дор ард түмнийг хордуулж, халаасаа түнтийлгэж байна. Тэр эгчийн хэлснээр би тэр өдөр түүний “ТУГ” хэмээх гурилнаас 2 ширхгийг биш 20 бүр 200 ширхгийг авч хэрэглэж байж л дээ.

Тэгсэн бол намайг тоох байсан байх. Нөгөө талаас хэрчсэн гурилыг ямархуу нөхцөлд хийдгийг миний бие гадарлана. Тэгээд бүр хувь хүн хийдэг гэхээр бүр биш санагдаад явчихлаа. Энэ гурилыг зарж байсан худалдагч “Өө эднийх чинь компани юм байх гэсэн чинь хувь хүн байсан юм уу. Мэдээгүй юм байна. Их л сүртэй авчирч өгдийшдээ” гэв. Мөн “Эднийх урьд нь гурилныхаа уутан дээр он сараа цоолох маягаар хийдэг байсан. Одоо болохоор савласан гурилан дээрээ он сар бичсэн цагаан цаас наагаад байгаа. Хэзээ ч үйлдвэрлэсэн гурилан дээр 7 сарын 5 гэж бичиж болно шүү дээ”  гэв.

Ингээд би гэдэг хүн хоол идэх гэсэн биш бүгдийг нь асгаж, гурилаас гадна мах, төмс, луувангийн мөнгөөр шатаад үлдэв. Дээр нь гэдэс өлсч хоол авч идсэн дээ. Одоо тэгээд  БГД 10-р хороолол 6-р хороо иргэн С.Оюунгэрэлийн үйлдвэрлэдэг “ТУГ” хэмээх гурилыг хэрхэн үйлдвэрлэж, хадгалж, зөөвөрлөдгийг шалгадаг газрууд нь шалгах цаг нь болсон гэж санах юм. Энэ мэт хэрэглэгчдээ доромжилж, басамжилдаг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, компаниудыг шалгаж хариуцлага тооцох, хохирсон хэрэглэгчдийг гомдолгүй болгодог газрууд манайд уг нь байдаг л санагдах юм даа. Түүнчлэн гурил авсан дэлгүүртээ очиход 3 ширхэг гурил байсан бөгөөд 7 сарын 5-нд үйлдвэрлэсэн гэх хугацаатай байв. Би наад гурилууд чинь иссэн байна лангуунаасаа ав хэмээгээд нэг гурилыг шинжилгээнд өгч, 7 сарын 5-наас өмнө үйлдвэрлэсэн эсэх, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгуулахаар авч үлдсэн юм.

top.mn

 


URL:

Нэр: ): Огноо: 12 July 2015

Тэр дэлгүүр нтр дарамтлаад байдаг хэдэн ажилгүй байцаагч нар нь ажлаал хийх ёстойшдээ!

Нэр: Anonymous Огноо: 13 July 2015

bugd hugatsaan duusan baraa zaraj bgaa shuu gadaadaas ylanguya amerikaas oruulj bgaa baraanuud bugd hudlaa shuu ard irged min ee

Сэтгэгдэл бичих