Нийслэл хот жорлон болохыг ХҮЛЭЭГЭЭД СУУХ УУ

412hghГэртээ, хашаандаа жорлонгүй айл байна гээд бодоод үзье. Ер төсөөлөгдөхгүй нь мэдээж. Харин нийслэл хотын бохирыг цэвэрлэдэг ганц байгууламж нь өнөө маргаашийн л амьтай болсон учраас өнгөрсөн сарын 13-нд засвар хийж “гал унтраасан” билээ. Түр зуурын “амьсгалын аппарат” зүүсэн гэсэн үг. Хэзээ эвдрэх нь бас тодорхойгүй. Магадгүй маргааш өглөө сэрэхэд бие засах боломжгүй болчихсон байвал гайхах хэрэггүй бололтой.

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид хийсэн засварын талаар УСУГ-аас “Анхдагч дөрвөн тунгаагуурын бетонон хийцийг засварлаж, нэг болон гуравдугаар тунгаагуурын шибер хаалтыг шинээр сольж, дөрөвдүгээр тунгаагуурын шибер хаалтын цөмөрсөн хэсгийг засварласан. Мөн элс баригчийн дөрвөн коридорт тогтсон 15 тонн элс, хогийг цэвэрлэсэн. Биологийн
цэвэрлэгээний аэротенкийн цоорсон 240 ам метр хэсгийг бөглөж засвар хийлээ” гэж мэдээлсэн билээ. УСУГ-ын дарга С.Үнэн “Засварыг сайн хийсэн хэдий ч дахиад юу нь эвдэрч, гэмтэхийг хэлж мэдэхгүй. Олон жил болсон байгууламж учраас хэзээ ч эвдэрч мэднэ” гэв.

А.ГАНТУЛГА: ИХ ЗАСВАР ХИЙЧИХВЭЛ ШИНЭ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХҮРТЭЛ 6-7 ЖИЛ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ХАРСАН
Төв цэвэрлэхийн засварыг “Линкс Поверкор” компани, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын аврах гал унтраах 26 дугаар анги хамтран хийжээ. “Линкс Поверкор” компанийн ерөнхий захирал А.Гантулга “Манай компанийн хувьд бетонон байгууламжийн цоорч, цуурсан хэсгийг нь нөхсөн. Нэг газар нь нөхөж, засварлаж байхад нөгөө газар нь эмтэрч унаж байсан. Энэ ажлыг 24 цагт багтаан хийх ёстой учраас бохирын хясалтаа, хүчил, өөх тос, хлор зэрэг химийн нэгдэлд тэсвэртэй хоёр цагийн дотор бэхждэг тусгай цементен бетон ашигласан. Хөөсөрсөн усны дундуур онцгой байдлын завьтай явж хоёр байгууламжийн 30 гаруй нүх, эвдрэлийг засварласан. Байгууламж нэлэнхүйдээ элэгдчихсэн байгаа юм. Уг нь анх барихдаа олон улсын жишигт нийцэхүйц сайн барилга барьсан юм байна лээ. Дахин их засвар хийвэл дараагийн шинэ байгууламжаа барих хүртэл 6-7 жил хэвийн ажиллах боломжтой гэж харсан” гэв. Хэрвээ тийм бол санхүүгээ шийдээд шинэ байгууламжаа барих хүртэл торгоох боломж байгаа л юм байна.

Засвар хийх явцад Туул руу 70900 шоо метр усыг 60-аад хувийн цэвэршилттэй, хэт ягаан туяа болон хлороор давхар халдваргүйжүүлэн нийлүүлжээ. Энэ талаар Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Төв цэвэрлэх байгууламжид засвар хийгээгүй үед ч 40-60 хувийн цэвэршилттэй бохир усыг Туул голд нийлүүлдэг. Засварын үед бохир усанд биологийн цэвэрлэгээ хийхгүйгээр механик цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар ариутгаад голд нийлүүлсэн. Энэ үеэр бохирдуулагч үйлдвэрүүдийн усыг хаасан учраас хэмжээний хувьд багассан. Засвар хийлээ гээд Туул руу нийлүүлдэг бохир ус багасахгүй. Бас цэвэршилт нь ч нэмэгдэхгүй” гэсэн юм.

БОНХАЖЯ-ны харьяа Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, Налайхын цаад талаас буюу Городокоос Алтанбулаг сум хүртэл Туул голын арван цэгээс усны дээж авч, шинжилгээ хийдэг байна. Уг шинжилгээг сар болгон хийдэг. “Сонгины дээд” нь төв цэвэрлэхээс гарч байгаа бохир ус Туул руу орохоос өмнөх цэг. Туулд нийлсний дараах цэг нь “Сонгины доод” хэсэг юм байна. Нэг ёсондоо бохирыг энэ хоёр цэгийн яг голоор нь Туулд нийлүүлдэг аж. Тавдугаар сарын шинжилгээгээр “Сонгины доод” цэгт хүчилтөрөгчийн горим алдагдсан байна. Харин зургаадугаар сарын 11-нд хотоос доошоо авсан усны дээжийн шинжилгээгээр усан дахь хүчилтөрөгчийн горим алдагдаагүй боловч “Сонгины доод” цэгээс авсан усны дээжинд хүчилтөрөгч нь 4.65 милиграмм байсан гэсэн. Зуны улиралд гадаргын усанд хүчилтөрөгч зургаан милиграмм литрээс дээш байх ёстой. Үүнээс харахад төв цэвэрлэхийн бохир усаа нийпүүлдэг цэгээс баруун тийш хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай бус байгаа юм. Засварын үед Туул голд нийлүүлж буй бохир уснаас дээж авах байсан боловч мөнгө санхүүгийн асуудлаас болоод чадаагүй гэсэн. Засварын үеэр сорьц авч чадаагүй. Харин долоодугаар сарын 2-ны өдөр сорьц авахад “Сонгины доод” хэсгээс доошоо цэгүүдэд стандарт хэмжээнээс доогуур гарсан байна. Тэгэхээр бохирын төвшин нэмэгдсэн гэсэн үг.

Өмнө нь Туулд цутгадаг бохир усыг хлоржуулдаг байв. Хлор нь сөрөг нөлөө ихтэй учраас хлоржуулахаа болиод хэт ягаан туяагаар халдваргүйжүүлээд Туул руу цутгадаг болсон гэх. Төв цэвэрлэх байгууламжийн бохир хальж, эсвэл доогуураа юу болж байгаа нь мэдэгдэхгүй, бетон нь хүчин чадлаа дийлэхгүй задарч мэдэхээр байгаа жишээг дурдахад ийм байна. Амралтын өдрүүдээр гол руу орох боломжтой бүх газраар нь машин битүү эгнэчихнэ. Зарим нь бүр замын хажуугаар машинаа зогсоогоод гол руу алхацгааж байна. Бас шорлог хийж зараад иргэд амралтад байгаа юм шиг л голдоо сэлж байгаа ийм л дүр зураг. Мөн төв цэвэрлэхийн засварын хэд хоногг Нисэхийн болон Толгойтын иргэд “Энэ хавийн үнэр танар ойрын хэдэн өдөр арай дэндүү байлаа. Орон сууцны айлууд бол салхивчаахаагаад сэнс ажиллуулж байна. Өмнө нь өмхий үнэр гардаг байсан. Гэхдээ ойрын хэдэн өдөр илүү үнэртэж байна” гэсэн юм. Ингэлээ гээд иргэд гомдол нэхээгүй. Засвар маш чухал гэдгийг ойлгосон болохоор тэр биз. Ганц байдаг цэвэрлэх байгууламж нь нурж, нийслэл маань өнөө маргаашгүй дэлхийн хамгийн том “жорлон” болохгүй гэх баталгаа алга. Түр засвараар амь зошосоор байх уу. Нэг л өдөр бохир нь түрээд гараад ирвэл хот өмхий үнэр, хог новшондоо дарагдаж, Хатан Туул маань бохироор урсах нь. Цаашдаа яах талаар тодорхой мэдээлэл байхгүй. Удирдах албан тушаалтан нь хүртэл “Хэзээ дахин эвдрэл гарахыг хэлж мэдэхгүй” гэж байгаа нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрчихсөн мэт. Зөвхөн С.Үнэн дарга ч биш хотын дарга, УИХ, Засгийн газар энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Нийслэлд ганц байдаг учраас улсын хэмжээнд авч хэлэлцэх асуудлын нэг яах аргагүй мөн. Мэдээж санхүү, эдийн засгаас эхлээд олон асуудал ярих нь тодорхой. Тэгж яриад ч хамаагүй энэ асуудлаа шийдвэрлэх дараагийн арга замыг яг одооноос эрж олохгүй бол цэвэрлэх байгууламж нь нурсны дараа хэн юу ч гээд ямар ч нэмэргүй.

Гал сөнөөгчид хүртэл галыг унтраагаад голомтыг нь орхидоггүй. Гэтэл манайхан голомтыг нь орхичихлоо. Удахгүй дахиад “гал авалцан” гэдгийг мэдсээр байж дув дуугүй л байна. “Наадмын маргааш намар” гээд ургац хураалт, өвлийн бэлтгэл хийнэ. Энэ мэтээр төв цэвэрлэхийн асуудпыг хойшлуулсаар байгаад улсын нийт хүн амын олонхи нь суурыцдаг нийслэл хот жорлон болохыг хүлээгээд суух уу.

 

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих