Харин ганцхан биднийг үл тоомсорлохыг л бид тэвчихгүй…
Монгол Улс өнөөдөр газрын гүний баялгийнхаа ачаар дэлхийн анхааралд дахин ороод байна. Энэхүү их баялгаас хувь хүртэхийн төлөөх үндэстэн дамнасан корпорациудын өрсөлдөөн өнөөдрийн Монголын амьдралыг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй биз. Гэхдээ газрын баялаг маань тодорхой цаг хугацааны дараа дуусах нь маргаангүй
үнэн. Газрын гүнд байгаа тэрхүү баялгийг сорон авч гадагш нь гаргаж зарах өдөр нэг л өдөр дуусч гадны компаниуд нутаг буцах цаг ирж таараа. Монголчууд бид, бидний үр хүүхдүүд хэдэн зуунаар энэ л газар нутаг дээрээ үлдэж гадны чинээлэг бизнесменүүд бидний баялгаар халаасаа түнтийлгээд нутаг буцна гэсэн үг. Гэхдээ Африкын орнууд шиг элэгдсэн газар нутагтай, харанхуй бүдүүлэг чигээрээ үлдэж хоцрохгүйн тулд баялгийн эзэд бид сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлж тусгаар улсын иргэд шиг байх эрхтэй.
Монголын төр засаг иргэдээ хөгжүүлэх чиглэлээр чамгүй ажил хийж байна. Ингэхдээ манай баялгийг ашиглаж буй гадны нөхдүүдтэй хамтран урт хугацаанд иргэдээ ажлын байраар хангах ажлуудыг анхаарч байна.
Харин энд гадны компаниуд ард иргэд, төр засгийн итгэл найдвар, хүлээлтийг хэрхэн хүлээж авч хариуцлагаа үүрч байна вэ гэдэг асуулт тавигдана. Эсвэл тэд бидний нүдийг хуурах төдий өнгөцхөн ажлууд хийж байна уу?
Оюутолгой төслийн үйл ажиллагаа нүд хуурсан үйл ажиллагаа болжээ гэдэг дүгнэлт сүүлийн үед олон хүн хийх боллоо. Дэлхийд данстай томоохон ордыг ашиглахаар үйл ажиллагаа явуулж буй энэ төслийн гол тендерүүдийг гадны тэр дундаа Хятадын компаниуд шалгаран гүйцэтгэж, Хятад ажилчид ажиллаж, Хятадын бараа материалаар агуулах саваа дүүргэжээ. Харин Монголчуудыг мэдлэг мэргэжил огт шаардахгүй, цалин багатай борог ажлаар хуурч байна. Зарим Монголчууд нь кемп нэртэй гэрээсээ огт гаралгүй байж байгаад цалин авдаг гэж байгаа. Оюутолгойн удирдлага энэ байдлыг мэддэг хэрнээ мэдээгүй мэт нүдээ анин хажуугаар нь өнгөрөөд зогсохгүй төр засгийн удирдлагуудад Монголчуудыг дэлхийн энэтэй томоохон төсөлд ажиллуулж сургаж байна хэмээн өөрсдийгөө магтацгаах нь гэм биш зан болжээ. Уг нь Монголчууд бид эцэг дээдсээс өвлөсөн баялгийнхаа эзэн нь, үр шимийг нь хүртэх бүрэн эрхтэй юмсан.
Оюутолгойн дарга нарын ивээлд багтсан Хятад компаниуд хэдэн арав, зуун тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалтын ажлаас шавайгаа ханатал хүртэж байна. Монголын компаниудыг тендерт оролцохоор материалаа өгөхөд нь Оюутолгойн гэрээт Флур компани дэлхийн жишигт нийцсэн байх ёстой гэсэн амьдралд нийцэхгүй шаардлага тавьж ядарсан Монголчуудыг тавлан инээж сууна. Зүй нь тэд Монгол компаниудыг ажлаар ханган сургаж дадлагажуулан цаашид ийм том ажлыг бие даан хийхэд сургах ёстой баймаар. Гэтэл үүнийг нь Оюутолгойн удирдлагууд, төслийн талбай хариуцсан захирлууд аанай л зүй ёсны мэт хүлээж авч буй нь даанч гайхмаар. Энэ оны 4 дүгээр сард нэг тендер зарлагдсан боловч тэрийг хэн ч мэдээгүй. Монголын компаниуд дэлхийн жишигт хүрэх арай л болоогүй нь дэндүү тодорхой. Энэ байдлыг нэн даруй засч залруулахгүй бол Монголын компаниуд тэр дундаа барилгын компаниуд хохирч үлдэх нь дамжиггүй. Монголчуудаар дандаа жижиг хэмжээний ур чадвар төдийлөн шаардахгүй ажлууд хийлгэж хийлгэсний эцэст Монголчууд өсч хөгждөггүй, ур чадваргүй хэмээн өөлж дараа дараагийн томоохон бүтээн байгуулалтуудад оролцохгүй байх замыг нь тэд өнөөдөр засч байна.
Оюутолгой нь социализмын жилүүдээс хойш манай улсад хэрэгжиж буй хамгийн том төслийн хувьд Монголчуудад, барилгын салбарт ихээхэн өгөөж өгнө хэмээн бид найдвар тавин харж байгаа. Монгол компаниуд Оюутолгойд ажилласнаар өөрсдийгөө чадваржуулж өсч хөгжих мэргэших учиртай юм. Ингэж чадвал компаниа томруулж ажлын байр нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах олон ажлын эхлэлийг тавих ёстой.
Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харахад энэ бүхэн мөрөөдөл төдий л байх бололтой. Оюутолгойн удирдлага, төслийн талбайн захиргаа, гол гэрээт компани болох Флурын үйл ажиллагаанаас энэ бүхэн дэндүү тодорхой байна.Магадгүй Монголчуудыг дэмжихгүй гэсэн далд бодлого ч энд явж байж мэднэ.
Монгол компаниуд, Монголчууд одоо л суралцаж одоо л өөрсдийгөө бэлдэж авахгүй бол ойрын жилүүдэд хэрэгжих томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож чадахгүй өдөр хоногоо аргацаасан хэвээр үлдэх бизээ. Тавантолгой, шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд урт дараалал хөвөрнө. Харин Монголчууд бид үүнээс хүртэж чадах уу гэдэг нь дахиад л асуултын тэмдэг хэвээр байна. Дахиад л ур чадваргүй, дадлага туршлагагүй нэрийдлээр Монголчууд хоосон хоцорсоор байх уу? Дахиад л Хятад компаниуд хятад ажилчид бидний ажлыг хамар доороос маань авсаар байх уу? Бид үүнийг цаашид тэвчихгүй.
Монголчууд бид өөрсдийгөө хөгжүүлж энэ бүх бүтээн байгуулалтыг гардан хийх ёстой. Оюутолгойн 34% эзэмшдэгийн хувьд бид тэдний удирдлагуудыг Монголын компаниудад ажил олгох, сургаж дадлагажуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахыг шаардах нь зүйн хэрэг билээ. Ингэж гэмээн манай компаниуд өрсөлдөх чадвартай болж баялгийн жинхэнэ эзэд гэдгээ баталгаажуулах юм.
Газрын баялаг маань эцэг дээдэс маань хэдэн зууны турш амь насаараа хамгаалан байж бидэнд өвлөж үлдээсэн ариун эрдэнэс юм. Энэ эрдэнэс хэн нэгэн гадны компаний халаасыг түнтийлгэх гэж бидний үеийг хүртэл хадгалагдаагүй юм. Тэр тусмаа хөрөнгө мөнгөтэй, дэлхийд валютын нөөцөөрөө тэргүүлж буй хятадын компаниудад бүр ч хамаагүй. Гадны компанийн туршлага, технологи, ноу хауг ашиглахыг бид үгүйсгээгүй. Бид хамтарч ашиглана гэхдээ харилцан ашигтай хамтран ашиглах ёстой.
Энэ бүхний цаана нэг асуулт үлдэж байна. Яагаад Оюутолгой түүний гол гэрээт гүйцэтгэгч Флур Монголчуудыг, Монгол компаниудыг дэмжих ямар ч алхам хийхгүй байна вэ? Арай цаана нь ямар нэг ноцтой шалтгаан байгаа юм биш биз? Яагаад гол гол тендерүүдийг Хятадуудад өгсөн хэрнээ Монголын Засгийн газарт гол ажлуудыг Монголчууд нугалж байна гэж дүр эсгэнэ вэ? Магадгүй хэн нэгэн гадны этгээд Хятадуудад гэрээ өгч хувьдаа ашиг олдог байж ч болох юм. Тэгээд үүнийгээ хаацайлахын тулд юу ч золиослохоос буцахаа байсан байж ч болно. Бодох тусам л олон яагаад гэдэг асуулт урган гарна.
Бид Оюутолгойгоос яагаад Монголчуудыг дэмжихгүй байна? Яагаад гол гол тендерүүдийг Хятадууд авч байна? Хэн энэ бүх шийдвэрийг гаргадаг юм? Эсвэл Оюутолгой гадны компанийг дэмжих албан ёсны бодлоготой юм уу? гэдэг энэ олон асуултын хариуг нэхэх цаг болсон.
Монголчууд удахгүй хөгжинө л гэдэг. Гэтэл улс оронд маань хэрэгжиж буй энэ том төслөөс хүртэхгүйгээр, энэ том төсөлд ажиллахгүйгээр хөгжинө гэдэг үнэмшилгүй. Нөгөө талаас дэлхийд данстай ордыг маань ашиглахаар ажиллаж буй энэ төслийн удирдлага, гэрээт гүйцэтгэгч нь биднийг гэсэн сэтгэлгүй мэт. Монголчууд цөөхүүлээ. Тэр хэрээрээ муу үг муу үйлдэл амархан тардаг. Муу үг модон улаатай ч гэгддэг. Оюутолгойг тойрсон олон л зүйл яригддаг. Хэн мөнгө идэж байна, хэн хэнийг дэмждэг вэ гээд л бүгд л алган дээр тавьсан мэт ил.
Гэхдээ бид Монголчууд, бид Монгол Улсад амьдарч байна. Бид дөнгөж үүцээ задалж буй энэ их баялгаасаа хувь хүртэх, үр хүүхэд ирээдүйдээ сайхан ирээдүйг нь бэлдэж өгөх эрхтэй үүрэгтэй улс. Дахиад хэлье. Бид гадныхантай хамтрахыг үгүйсгээгүй. Бид Хятадуудад зарим нэг гэрээгээ өгөхөөс дургүйцээгүй. Харин ганцхан биднийг үл тоомсорлохыг л бид тэвчихгүй. Бид агуу түүхтэй, агуу ирээдүйтэй ард түмэн. Бид суу зальт Чингисийн үр удам. Чингис богд хэзээ ч өөрийн ард иргэдийг доромжлохыг зүгээр хараад суухгүй байсан. Бид хүртэх ёстой зүйлээ хүртэх л учиртай.
Олхонууд Амирлан
URL: