Салаа зам дээрх МОНГОЛ
Хатуу хучилттай зам байсаар байтал хажуугаар нь олон салаа шороон зам гарган хурдалдаг хэнэггүй сэтгэхүйнд сэглэгдсэн хөдөөгийн замтай агаар нэг байдлаар хүн болгон өөрийн жимийг залах болов.
Шинэ цагийн монголчууд түүхэндээ гуравхан л удаа эвлэлдэн нэгджээ. Эхнийх нь бүх нийтээрээ дуу нэгтэйгээр саналаа өгч тусгаар тогтнолоо зарлаж байсан 1945 оны үе. Удаах нь ардчиллын салхи сэвэлзсэн 1990 оны хувьсгал. Сүүлд Бээжингийн зуны олимпийн тэнгэрт Монгол төрийн соёмбот далбаа мандах тэр мөчид. Тэгэхэд хүн бүрийн сэтгэлд үлдсэн хар толбо ой тойнд нь одоо ч хадаатай явдаг долоодугаар сарын 1-ний үймээний цог унтраагүй байхад тал нутгийн хүүгийн энгэрт бараг 50 жил хүлээсэн алтан медаль гялалзсан нь элдэв туйлшрал, улс төрийн тогтворгүй байдлаас үл хамааралтайгаар монголчуудыгэвлэлдэн нэгдүүлж чадсан. Мэдээж энэ гурван жишээнээс өөр эвлэлдэн нэгдсэн түүх бидэнд бишгүй л байгаа байх. Гагцхүү нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэл, нэг бахархлын дор элдэв амбицгүйгээр, нийт монголчууд “баг”-аа тайлж, нэгдэж чадсанаараа түүхэнд тодоор тэмдэглэгдсэн учир дээрх гурван жишээг онцолж тодотгосон хэрэг.
Гэвч өчигдрийн бидний дүр төрх өнөөдөр хувирч, маргааш буцалдаг болжээ. Магадгүй цаг цагаараа байдаггүй гэдгийн утга агуулга нь энэ байж болох. Нэг үгээр хэлбэл, өчигдөр нэгдсэн монголчууд өнөөдөр нь талцаж, маргааш нь барьцалддаг жишиг өнөөдрийн нийгэмд хэдийнэ тогтжээ. Тэр тусмаа улс төрд.
Бүр сүүлдээ хатуу хучилттай зам байсаар байтал хажуугаар нь олон салаа шороон зам гарган хурдалдаг хэнэггүй сэтгэхүйнд сэглэгдсэн хөдөөгийн замтай агаар нэг байдлаар хүн болгон өөрийн жимийг залах болов. Улс төрд өрнөж буй процедураас харвал хатуу хучилтгай зам нь Засгийн газар, хажуугаар жирийх олон салаа нь УИХ, түүн дээгүүр зорчигч нь ард түмэн болж байх шиг. Уг нь хөдөө яваа жолооч олон салаалсан овон довонтой зам бус хатуу хучилттайгаар нь зорьсон газартаа хүрэхийг илүүд үзнэ. Өөрт нь ч амар, машинд нь ч элдэв нөлөөгүй. Харин хатуу хучилттай замыг эвдрээгүй байхад нь хаачихаад засаад байвал хажуугийн олон салаа замаас нэгийг нь сонгож явахаас өөр аргагүйд хүрэх нь мэдээж. Гэтэл хатуу хужилттай зам бүрийг хааж, хажуугийн овон товонтойг нь санал болгодог хатуу гэмээр жишиг энэ парламентад хэдийнэ бий боджээ.
Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл бүр УИХ дээр очоод хэлэлцэх шатандаа унаж байгаа нь үүний тод илрэл. Жишээ нь, Гацууртын орд байна. Тус ордод олборлолт явуулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх үеэр хэчнээн гишүүн Ноён ууланд “хайр” зарлаж, эх орончийн дүрд тоглов. Бараг бүгдээрээ археологич болсон. Тухайн үед амтай болгон “эх оронч” үзэлдээ хөтлөгдөж Засгийн газрынхаа хажуугаар өөрсдийн замыг зурах гэж оролдож байсан нь саяхны үйл явдал. Эцэстээ чуулганы хуралдаанаар оруулсан Гацууртыг хоёронтоо унагааж төсөл санаачлагчдын шүүгээ РҮҮ буцаасан. Үр дүнд нь Ноён уулын хэвлий рүү үе үе дайрдаг нинжа нарыг албадан тараадаг дүр төрхтэйгөөр өнөөдрийг хүрч байна. Өнөөх эх оронч гишүүд ч Ноён уулын бэлээр гаргасан олон салаа замтайгаа хамт замхарч одов.
Тавантолгойг ч энд дурдаж болно. Яамгүй сайдын албан тушаалыг хүртэл бий болгон байж урагшлуулсан энэ төсөл УИХ дээр очоод гацсан. Гацсан гэхээс уначихаад байгаа Тавантолгой тойрсон асуудал хэвлэл мэдээлэл, хүн бүхний хамгийн “сайн” мэддэг сэдэв болсон учраас энд илүүг нурших гэсэнгүй. Харин Тавантолгой хэмээх хатуу хучилттай замыг тойрсон олон салаа зам өдрөөс өдөрт тодорч бас овон товонтой болсоор буй нь түүгээр зорчих жолоочид улам саад бэрхшээлийг дагуулж байх шиг. М.Энхсайхан сайдаар эхлүүлсэн энэ төсөл Л.Эрдэнэчимэг гишүүнээр үргэлжилж эцэстээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарт очсон нь бүгдээрээ нэгдээд нэг ч шийдвэр гаргаж чадахаа больтлоо талцсаны илрэл. Нэг үгээр хэлбэл, хамтарсан Засгийн газрын үед бий болсон яамгүй сайдын үр дүнг зургаан сарын хугацаа өнгөрсөн ч үзэж чадсангүй. Энэ байдал намжаагүй байхад хөрөнгө оруулалт татахаар хөрш орнуудаа зорьсон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг эзгүй хойгуур танхимынх нь зургаан сайдыг огцруулж “шүд сугалах” гэнэтийн шийдвэрээр бэлэг барив.
Зуны халуунтай зэрэгцэн дээд цэгтээ тулсан улс төрийн энэхүү уур амьсгал өндрөө авахаас урьтаж төрийн тэргүүн нь хүртэл уулзалт зохион байгуулсан нь хоёр хоногийн өмнөхөн. Тэрбээр, “Ерөнхий сайд болон намуудын дарга нараа бид нар нэгдмэл байр сууринд хүрлээ гэж ойлгож байна. Итгэлийн гэрлийг бүү унтраа” хэмээх үгийг зэрэгцэж суусан шийдвэр гаргагчдад дайсан нь яах аргагүй цагаа олсон үг байв. Үнэхээр ч тийм. Үнэндээ бид өнгөрсөн хугацаанд олон салаа зам гаргаж явснаас бус нэгдээд нэг шулуун замаар явж чадалгүй 25 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд гарт баригдаж, газарт буусан зүйл олон байж болох ч өнөөдрийн хэмжээнд шулуун замаа сонгохоос өөө сонголт үлдсэнгүй. Засагт хамтарсан намууд нь ч нэгэндээ тунирхаж байхаар танхимынхаа тэргүүний үзэглэсэн гэрээ, хэлэлцээрийн үр дүнг үзэх нь чухал. Гадаадын жуулчид Монголд ирээд засмал замын хажуугаар тархсан олон салаа замыг харчихаад гайхширсандаа жолоочоос нь асуудаг гэнэ лээ.
Харин өнөөдрийн улс төрд үүссэн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг даллах биш гадаадаас ирсэн жуулчид шиг гайхшируулж бас эргэлзээ төрүүлж байна. АН нь МАН-ыгаа явуулах, МАН нь өөрсдөө гарах гэсэн сонголтыг хийчихээд байгаа нь ч тэдэнд нэгийг бодогдуулж байгаа болов уу.
Эцэст нь хэлэхэд бидэнд тусгаар тогтнолоо тунхагласан 1945, ардчилсан хувьсгал хийсэн 1990, нам эвсэл харгалзахгүйгээр хүн бүр гараа атгалцсан 2008 оных шиг нэгдэл хэрэгтэй байна. Үхэр хүртэл гаргасан жимээрээ явдаг атал улстөржилтөндөө хөтлөгдсөн монголчууд өөр, өөрсдийн замыг цаашид гаргасаар байх уу. Олон салаа замаар туучсаар дуу орсон, хагарсан дугуйтай машинтай магадгүй муудсан гуталтай үлдсэн ард түмэн ямар замыг сонгож явсандаа дүгнэлт хийж тохирсон дүнг нь тавьж л таараа. Тэр үед улстөрчид, нам, эсвлүүд гишгэсэн мөрөө эргэж харахад хэтэрхий оройтсон байхыг үгүйсгэх аргагүй.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: