ВИНОГ СОГТОХ ГЭЖ БУС ТААШААЖ УУХ НЬ ЗӨВ
Улс орноор аялан явж байхад чинь чиний нөгөө л мэддэг вино тааралдахгүй нь ойлгомтой. Уух дуртай виноогоороо дагнах амар ч сонголтоо зоригтойгоор өөрчилж сур. Шинэхэн вино амтлах бүрт мэдрэмж чинь сайжирч, цоо шинэ ертөнц нээгддэг мэт болдог. Тиймээс Амтал, Үнэрлэ, мэдрэмжээ дээшлүүлж бүгдийг туршиж үз.!
Итали эмэгтэйчүүд паста, пицца гэх мэт гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг ч маш гоолиг харагддаг шүү дээ. Энэ нь газар зүй, цаг уурын онцлогтой холбоотойгоос гадна зөв хооллох хэвшил болон хоолоо шингээх гэж уух 100 грамм вино чухал нөлөө үзүүлдэг. Вино нь Итали эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ. Тэд виног бараг цай шиг л өдөр тутам хэрэглэдэг. Вино хүчиллэг чанартай учраас хоолыг маш хурдан шингээнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй юм.
Магадгүй та өдөр тутам виног их хэмжээгээр хэрэглэх нь архидалт гэж ойлгож байгаа биз.
Виног согтууруулах ундаа гэхээсээ илүү цэвэр усан үзэмний ундаа гэж хэлэхэд тохиромжтой. Архи, шар айргийг хүмүүс согтох гэж уудаг. Харин виног согтох гэж уудаггүй. Европчууд виног согтох гэж биш, хоолныхоо амтыг илүү тодруулж, хоолоо шингээж таашаал авах гэж уудаг. Бүсгүйчүүдээ хэрэглээ болон согтууруулах ундааг ялгаж, ашиг тусыг таниж зөв хооллолтыг өөртөө хэвшүүлээрэй.
ЯМАР ВИНОГ ЧАНАРТАЙ, САЙН ВИНО ГЭХ ВЭ?
Цагаан виноны хувьд он залуу байх тусмаа сайнд тооцогддог. Харин улаан виног удаан хадгалсан байх тусам үнэ цэнэтэй. Виног бөглөөнөөс салгахад жимснээс гадна резин юм уу, үйсэн бөглөөний элдэв үнэр үнэртвэл хадгалалтын горим болон үйлдвэрлэлийн технологи алдагдсан гэсэн үг. Эргэдэг бөглөөтэй вино хэзээ ч сайн чанартайд тооцогддоггүй. Сайн чанартай улаан вино өтгөн, хүрэн улаан өнгөтэй байдаг бол он залуу нь цайвар улаан байх жишээтэй. Хамгийн гол нь эхлээд хар, үнэрлэ, амтал, тэгээд уу.
ХУУРАМЧ ВИНО ГЗЖ БАЙДАГ УУ?
Сайн эсвэл дээд чанарын вино л Италид худалдаалагддаг байна. Хуурамч вино зарна гэсэн ойлголт Италичуудад байдаггүй. Гэтэл Монголд хуурамч дарсны зах зээл хүчээ авчээ. Хуурамч виног таних хамгийн анхны мэдэгдэхүүнээс хуваалцъя л даа. Нэг лонх вино 1кг усан үзэмнээс бага үнэтэй худалдаалагдах учиргүй. Нэг шил виног гаргаж авахын тулд 1кг-аас дээш усан үзэм ашигладаг шүү дээ. Сайн чанарын вино Италид 12-20 евро байдаг. Харин дээд зэргийн дарс үүнээс илүү үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр манай Монголд сайн чанарын вино арван мянган төгрөгнөөс доош байж боломжгүй юм.
ДАРСНЫ НЭР, ТӨРЛИЙГ ХҮН БҮР ТОГГООЖ ЧАДДАГГҮЙ. ЯАЖ ЯЛГАЖ СУРАХ ВЭ?
Энгийн хүн виног үнэрлээд л танихад хэцүү. Нэр, шошгыг цээжлэхийн оронд тухайн винонд орсон усан үзмийн сортыг мэдэж байхад л хангалттай. Аль ч улс орноор явсан нөгөө л чиний мэддэг шошготой вино тааралдахгүй шүү дээ. Үүний оронд дуртай сортынхоо усан үзэмний виног л мэддэг байхад болно.
Э.Намуун
URL: