Иргэд “Монгол төрийнхөө далбаа” -г мэддэггүй юу!!!
Баяр наадам ойртсон энэ өдрүүдэд гудамж, зах дээр “Төрийн далбаа”-г худалдаалж эхэлжээ. Тэгвэл жилийн жилд сөхөгддөг нэг асуудал бол хуурамч төрийн далбааг оруулж ирэн худалдаалж буй явдал.
Энэ асуудлыг ярилцаж, хэлэлцдэг ч эрээнээс буруу хийсэн “Монгол төрийн далбаа”-г ганзагын наймаачид оруулж ирсээр байгаа нь асуудлын гол болоод байгаа билээ.
Хэрэв зээ уг хуурамч төрийн далбааг наймаачид оруулж ирэхгүй байвал болчихмоор. Гэтэл иргэд үүнийг нь худалдан авч байгаа нь тэднийг өөгшүүлж буй хэрэг. Угтаа бол төрийн далбаагаа мэддэг хүмүүс нь авахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэсэн хэдий ч хуурамч төрийн далбааг худалдан авагчид байгаа болохоор наймаачид урьд хөршөөс буруу хийгдэж бүтээгдсэн төрийнхөө далбааг зарж борлуулах нь буурахгүй байгаа юм.
Эх орныхоо жижиг дунд үйлдвэрлэлд оёх эрхийг нь төрөөс өгчихөж болдоггүй юм уу гэсэн асуултыг дэшүүлье. Тэрхүү оёх эрхийг нь авсан үйлдвэр нь стандарт, хуулийнхан дагуу төрийн далбаагаа үйлдвэрлэж дотооддоо хөрөнгө оруулалт хиймээр байх юм. Хоёр хоногийн дараа буюу энэ сарын 10-ны өдөр Төрийн далбааны өдөр тохионо. Энэ өдрөөр байгууллага, аж ахуй нэгжүүд төрийн далбаагаараа бахархаж гаднаа байршуулдаг. Гэтэл төрийнхөө хуурамч далбааг намируулсан байх нь олонтаа. Ганц үүгээр ч зогсохгүй төрийн томоохон айлчлалын үеэр Монгол улсын төрийн далбааны гал, дөлийг буруу зөрүү хийсэн асуудал гарч байдаг нь эмгэнэл болсон.
Иргэдийн хувьд Монгол төрийнхөө далбааг мэддэггүй, эсхүл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Учир юу гэхээр худалдаалж байгаа төрийн далбаа байна гээд авах биш. Харин төрийн далбаагаа стандартын шаардлага хангаж уу гэдгийг эхлээд харчих хэрэгтэй.Хамгийн наад зах нь соёмбо тэмдэг, дөл нь зөв байгаа эсэхийг л мэдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хуурамч төрийн далбаагаа залах ирээдүй биднийг тосож байж ч мэдэх нь ээ.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: