“Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна”

c9d2e28d5503d974df20879932faccc9original (1)

Үндэсний их баяр наадам болох ойртох тусам нь Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах вэ гэсэн маргаан улам хурцдаж байна. Энэ сэдэв нийгмийг хагаралдуулаад байгаа бөгөөд  хоёр бөхийн хэрүүлээс болж, наадам наадам биш болчихвий гэсэн эмзэглэл  ард түмний дунд байгаа юм.

Баяр наадмыг тэмдэглэх үндэсний хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэн нь зүүний магнайд гарахыг хуулийн дагуу шийдэхийг Монгол бөхийн холбоонд үүрэгдсэн. Үүний дагуу өнөөдөр Монгол бөхийн холбооноос мэдээлэл хийж, хуулийн дагуу Г.Өсөхбаяр зүүн жигүүрийг магнайлна гэв.

Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Баяр наадмыг тэмдэглэх үндэсний хороо хуралдаж, Монголын бөхийн холбоог хуулийн дагуу хоёр бөхийн маргаантай асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Хуулиараа бол Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэж байгаа.

Г.Өсөхбаяр нь даян аварга байхдаа А.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг байсан.  Мөн улсын наадамд  гурван удаа найм давж, үзүүрлэсэн гээд амжилтынхаа чансаагаар А.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг” гэсэн юм.  Харин өчигдөр А.Сүхбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийж,  “Наадамд барилдана, эрэмбээ бууруулахгүйгээр барилдана” гэдгээ дуулгасан юм.

Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих