Ноён ууланд “нинжа”-нууд алт олборлож байна
Ноён уул буюу Гацууртын уурхай ашиглалтанд орвол сум орон нутгийн иргэд төдийгүй олон гэрээт байгууллагууд хөл дээрээ зогсоно. Харамсалтай нь төрийн түшээд маань эзэмших хувиа дотооддоо эцэслэн шийдэж чадахгүй байгаагаас тус ордыг одоог хүртэл ашиглаж чадахгүй байгаа. Гэтэл энэ үеэр гар аргаар алт олборлогчид дур мэдэн “Ноён” ууланд оржээ.
Мандал сумын Түнхэл тосгоны дэргэд байрлах Гацууртын уурхай урт нэртэй хуулинд багтдаг байсан. Харин 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн УИХ-ын 11 дүгээр тогтоолоор Гацууртын уурхай урт нэртэй хуулиас гарч, стратегийн ордод бүртгэгдсэн байдаг. Одоогоор энэ уурхайн үндсэн ордын ашиглалтын лицензийг “Сентерра гоулд Монголиа” компани эзэмшдэг бөгөөд олборлох тал дээр хэрхэн ашиглаж, хэдэн хувиар хуваахаа МУ-ын Засгийн газартай тохиролцох шатан дээрээ явж байна. Энэ үед “Ноён уулаа аврах” хөдөлгөөн нэртэй иргэний хөдөлгөөн байгуулагдаж Гацууртын уурхайг ашиглахыг эрчимтэй эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд тус хөдөлгөөнийхөн сумын удирдлагуудад ноён ууланд байрлах “Сентерра гоулд Монголиа” компанийн хамгаалалтыг буулгахыг шаардсан өргөх бичгийг хүргэжээ. Энэ шаардлагын дагуу “Сентерра гоулд Монголиа” компани сумын иргэдийн Ноён уулаа тахин шүтэх эрхийг нь нээлттэй байлгах үүднээс хамгаалалтаа татсан байна.
Гэтэл энэ байдлыг ашиглан гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нар зөвшөөрөлгүйгээр Ноён ууланд буюу лицензтэй талбайд алт олборлож эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр бол Ноён ууланд 200 орчим “нинжа” алт олборлож байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны баруун талд Гацууртын уурхай байрладаг. Анхны эзэмшигч нь “Гацуурт” компани бөгөөд шороон ордыг нь ашиглаж дуусаад үндсэн ордын лицензийг “Сентерра гоулд Монголиа” компанид худалдсан байдаг. Ингээд “Сентерра гоулд Монголиа” компани өөрийн хөрөнгөөр нөөцийг тодорхойлсон байдаг.
Хамгийн сүүлд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээр Гацууртын ордоос 50 тонн алт олборлож, Бороогийн үйлдвэртээ баяжуулахаар тусгасан. Түүх сөхвөл Гацууртын ордын алтны шороон ордыг 1991 онд илрүүлж, 1998 оноос Кастадиа майнинг компани үндсэн ордыг нээсэн байдаг. Анхны ТЭЗҮ-г 2005 онд хийж байсан бол 2007 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, 2008 онд баталжээ. Хамгийн сүүлийн ТЭЗҮ-д тусгаснаар тус ордод 17,1 сая тонн хүдэр, 50 тонн алттай гэж тогтоосон. Энэ төслийг хэрэгжүүлснээр гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж, 659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. Татвар хураамжаас гадна 352,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо бий.
Үүнээс гадна “Сентерра гоулд Монголиа” компаниар Гацууртын уурхайг ашиглуулахгүй, хамгаалалтаа буулга хэмээн шаардаж байсан иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр гар аргаар алт олборлож байгаа нинжануудын эсрэг тэмцэх нь байтугай юм дугарсангүй. “Нинжа”-нууд аль нэг байгууллагад харъяалагдаж хариуцлага тооцуулдаггүй, тэд нөхөн сэргээлт хийхгүй, улсад татвар төлдөггүй. Улсын их хурлын эрхэм түшээд маань хэдэн хувь авахаа шийдэж чадахгүй, хуваагдан мэтгэлцэж байх хооронд ар хударгаар тань нинжа нар Ноён уулыг дур зоргоороо ухаад эхэлчихлээ.
Эхнээсээ хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө татаад эхэлчихсэн энэ цаг үед дахин нэг хөрөнгө оруулагчаа залхаагаад явуулчихвал яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч болзошгүй. Нэгэнт бид өөрсдөө олборлож чадахгүй, төсөв хүндэрчихсэн энэ үед албан ёсны зөвшөөрөлтэй компанийг нь зохих журмынх нь дагуу ашиглуулаад татвараа авчихаас өөр аятайхан боломж одоохондоо бидэнд алга.
Дашрамд дурдахад, Гацуурт төслийн олборлох талбай нь Ноён уулаас 4,6 км, Хүннүгийн булш бунханаас 7,5 км-ийн зайд оршдог. Археологийн судалгааг хоёр удаа үе шаттайгаар хийхэд Гацууртын ордын ашиглах талбайд эртний булш бунхан тогтоогдоогүй байна. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхийн тулд “Сентерра гоулд Монголиа” компани нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл жилд 1750 сая тонн хүдэр боловсруулахаар орд жилийн турш, өдөр шөнөгүй ажиллах юм байна.
Н.Уранзаяа, www.mongolcom.mn
URL: