НАМЗХ-ыг хяналтаасаа алдсан У.Хүрэлсүх МАН-д жигүүр байгуулж байна
Сар дамнан үргэлжилсэн маргааны эцэст НАМЗХ-ыг өөрийн хяналтаасаа алдсан Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн нөхцөл байдал тун хүнд болоод байгаа билээ. МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргах АН-ын шийдвэр албажснаар тэр эрх мэдэл ч үгүй төдийгүй МАН-даа нөлөөгүй нэгэн болон үлдэж мэдэхээр байгаа юм.
Тэгвэл нам дахь нөлөөгөө МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдод улам бүр алдаж буй тэрээр МАН –д жигүүр байгуулж эхэлжээ . Түүний хүрээллийн МАН-ын гишүүд өчигдөр “Ардын нам-Ардын хүч” зөвлөлдөх уулзалтыг Сонгуулийн ерөнхий хорооны танхимд зохион байгууллаа.
Уг уулзалтанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар, Л.Одончимэд, НАМЗХ-ын Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдын зөвлөх Н.Учрал, Алтай Холдинг-ийн захирал О.Одбаяр болон МАН-ын шинэчлэлийн хорооны залуучууд оролцсон юм.
Уулзалтын үеэр Ж.Энхбаяр гишүүн “МАН бол компанийн өмч биш, хэсэг нөхдийн хуйвалдааны талбар биш”, Харин Д.Цогтбаатар сайд “Нам сүлжээндээ бус баян ядуугийн ялгаанд анхаарч ажиллах ёстой” гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ “Эрмэлзэх гурван зүйл, эсэргүүцэх гурван зүйл, эхлүүлэх гурван зүйл”-ийг санал болгосон байна. Тэд уулзалтынхаа эцэст нам дотроо “Ардын нам-Ардын хүч” эвслийг үүсгэн байгуулахаар болсон ажээ. Ийнхүү У.Хүрэлсүх нам дотроо “партизаны дайн” явуулах бэлтгэлээ хангаж эхэллээ.
Э.Мягмардорж sonin mn
URL: