ҮЛДСЭН ХУГАЦААНДАА АН ЮУ АМЖУУЛАХ ВЭ?
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад сүр дуулиантайгаар МАY-ыг Засгийн газраас “хөөн явуулах” шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцуулчихлаа. Энэ шийдвэрийг нь ч өнөөдөр хуралдсан бүлэг нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, толгой дохив. Ингэснээр дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах, наадмаараа Засгийн газартай наадах эсэх зэрэг олон асуултыг өчнөөн хүнд бий болгосон бөгөөд үүнээс дутуугүй хүмүүсийг нойргүй хоноход хүргэчихлээ. Учир нь Засгийн газарт ороод үзчих санаатай, тийм мөрөөдөлтэй ч орж ажиллаж үзээгүй өчнөөн хүмүүс байдаг.
Харин сонгуулийн өдөр болтол үлдэж байгаа хугацаандаа АН чухам юуг хийж амжуулах вэ гэсэн асуулт урган гарч байна. Ямартаа наадам, намрын бэлтгэл, тариа хураалт, өвөлжилт гээд жилийн жилд хэн ч засаг толгойлсон хийдэг ажлуудыг хийх нь гарцаагүй. Мөн зарим нэгэн төсөл хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжих байх л даа. Үүнээс өөрөөр тэд ирэх сонгуулийн дүнгээс үл хамааран өөрсөддөө хамгийн ашигтай байж болох бүхий л зүйлийг хийж, хэрэгжүүлж, баталгаажуулах болов уу гэсэн хар төрөөд байгаа юм. Миний энэ таамгийг бараг л баталж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “АН-ынханы гол зорилго нь МАН биш Ч.Сайханбилэг. Мөн энэ шийдвэр нь эдийн засгийн өршөөлийн хуулийг батлуулахгүй байгаатай холбоотой” хэмээн өөрийн твиттер хуудсандаа өнгөрсөн долоо хоногт бичсэн юм.
Үүнээс гадна Эрүүгийн хуулийг өөрсдийн дураар батлахыг оролдож, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай зэрэг чухал чухал хуулиудыг заримыг нь өөрсөддөө ашигтайгаар баталж, заримыг нь огт батлуулахгүй байх тал дээр анхаарал хандуулж ажиллана биз. Энэ хооронд Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн дэлхийгээр нэг тойрон явж, улс бүрээс гуйлга гуйж байгаа нь үргэлжилбэл манай улсын өрийн хэмжээ дааж давшгүй болж нэмэгдэнэ. Ингэснээр Грекийн араас орох аюул бий болох нь. МАН-ыг Засгаас хөөж байгаа нь тус намаар тоглож байгаа АН-ын энгийн нэгэн тоглоом мэт харагдаж байвч эцсийн дүндээ тэд эх орноороо оролдож, улс орны эдийн засгийг дээш нь татах бум харин ч улам унагах аюултай тоглоомоор тоглохоор ханцуй шамлан сууцгаалаа. Мэдээж засгийн эрхэнд байгаа хүмүүст насны хязгаар болоод албан тушаалын хэмжээ гэж бий. Тэд нэгэн цагт бүгд л үгүй болцгоох ч төр засаг, улс орон өнө мөнхөд байсаар байх болно.
Анх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт хамтрах санал тавихад нь МАн дотор санал хуваагдаж Ц.Нямдорж нарын гишүүд “АН-тай Засгийн газарт хамтрах шаардлагагүй, би хувьдаа энэхүү саналыг хүлээж авахгүй” гэдгээ илэрхийлж байсан нь хашир улс төрчийн өнөөгийн байдлыг харж байсных ч байж мэднэ.
Одоо үлдсэн хугацаанд АН-ынхан Оюутолгой, Таван толгой, Гацуурт зэрэг томоохон оруудаад хувааж идчихээд Төмөр зам, усан цахилгаан станцууд зэрэг мега төслүүдээр даруулсан шигээ байж байгаад 2000 оны сонгуулийн дараах шиг бүгд гар цүнх, хадгаламжийн дэвтрээ аваад ганийгаад өгөхийг хэн байг гэхэв. “Нэг эзнээс урвасан хүнд хэрхэн итгэнэ” гэсэн эзэн хааны үг байдаг байх аа.
Т.АЮУ /ОНЦЛОХ.МН/
URL: