“Бэрэн” группын баригдаагүй байрныхаа төлбөрийг хоёр жил төлжээ
Манайдаа л томоохонд тооцогддог, үндэсний бүтээн байгуулагч “Бэрэн” групп гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт “Хангай” хотхоныг барьж байгаа. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатарт 21 байршилд орон сууц барьж эхэлсэн. Энэ нь гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлөн орон сууц барих томоохон бүтээн байгуулалтын ажил. Тиймээс нийслэлээс төсөл хэрэгжүүлэгч компаниудаа дэмжин 100 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Гэхдээ гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл зарим айлыг орон сууцтай болгох нь бүү хэл гудамжинд гаргахад хүргээд байгааг хотын удирдлагуудад анхааруулъя. Амьдралын баталгаа болсон газрыг нь хэтэрхий хямд үнээр үнэлсэн, гэрэл цахилгааныг нь тасалж хөөж туухаас эхлээд иргэдийн эрх ашгийг зөрчсөн олон тохиолдол гарч байгаа. Үүний ганцхан жишээ , “Хангай” хотхонд орон сууц захиалан төлбөрөө 100 хувь төлчихсөн нэгэн өрх өнөөдөр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж явна. Энэхүү захиалагч тус хотхоны 502 дугаар байранд 37.9 ам метр талбай бүхий орон сууц захиалж, урьдчилгаа төлбөр болох 21 сая төгрөгийг 2013 оны арваннэгдүгээр сарын 2-нд төлжээ. “Бэрэн” компани “Хаан” банктай батлан даалтын гэрээтэй учраас үлдсэн төлбөр болох 43 сая төгрөгийн зээлийг дээрх захиалагчид жилийн 17.4 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. Ингээд захиалагч маань байрны үнэ 64 сая төгрөгийг урьдчилгаа төлснөөс хойш аравхан хоногийн дараа “Бэрэн”-гийн дансанд шилжүүлжээ. Харин өнөөдөр “Бэрэн мортгейж групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Түвшинбатын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хоёр хуудас гэрээнээс өөр зүйл энэ айлд алга. Уг нь гэрээн дээр 2014 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна гэж цагаан дээр хараар бичжээ. Гэтэл өнөөдөр хэдэн оны хэддүгээр улирал билээ.
Залуухан хос орчин үеийн тохилог сайхан орон сууцанд амьдарна гэж итгэж, хашаа байшин, унаа тэргээ зараад урьдчилгаа төлбөрөө төлчихсөн. Дээр нь банкнаас авсан зээлийн төлбөр 650 мянган төгрөгийг 2013 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл сар бүр төлж байна. Гэтэл байр нь байдаггүй ээ. Байрандаа хэзээ орох вэ гэхээр “Бид мэдэхгүй, танай захиалга өгсөн барилгын гүйцэтгэгч нь “Бээжин констракшн” компани. Тиймээс тэднээс асуу” гэж хөөх нь холгүй гаргадаг болжээ. Уг нь захиалагч “Бээжин констракшн”-тай гэрээ байгуулаагүй учраас “Бэрэн”-гээс байраа нэхэх нь зүйн хэрэг. Тиймээс “Бид тантай адилхан захиалагч” гэх утгатай тайлбар хийгээд ширэн нүүрлээд суух эрхгүй баймаар. Тэд мөнгөө 100 хувь авчихсан учраас ийнхүү том толгойлдог байж болох. Гэтэл энэ хугацаанд тухайн захиалагч өрх айл сэтгэл зүй болон эдийн засгийн хувьд маш их дарамт амсчээ. Наад зах нь өнгөрсөн жил Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу бүх орон сууцны зээлийн хүүг найман хувь болгон бууруулсан. Гэтэл эднийх орон сууцны гэрчилгээгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл 17.4 хувийн хүүтэй лизинг төлж байна. Хэрвээ өнгөрсөн онд зээлийн хүү нь найман хувь болж буурсан бол сард төлөх мөнгөний хэмжээ бараг хоёр дахин буурах байсныг “Бэрэн” компанийнхан төвөггүй тооцоолох биз ээ.
Үндэсний үйлдвэрлэгч компанид итгэж байраа сонгосон, өнгөрсөн оны хоёрдугаар улиралд ашиглалтад ордоггүй юм гэхэд гурав, дөрөвдүгээр улиралд орчих болов уу гэж дахин хууртаж охиноо ойролцоох сургуульд оруулсан нь ч нэрмээс болж. Ийм нэгэн залуу гэр бүл байхгүй байшин авахаар 64 сая төгрөг төлж, бариагүй орон сууцны лизингийн төлбөр төлсөөр эдийн засгийн хувьд туйлджээ. “Бэрэн” компани хэчнээн айлын амьдралаар ийнхүү тоглож яваа юм, бүү мэд. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга та бүхэн ч гэсэн зорьж хэрэгжүүлж буй ажлынхаа үр дүн, алдаа дутагдлыг эргэж нэг хараасай. Дарга нарын үзэгний үзүүр олон иргэний амьдралыг орвонгоор нь эргүүлж буйн бодит баримт ийм байна. Компаниуд бариагүй барилгынхаа төлбөрийг 100 хувь авч, иргэд чинь ороогүй орон сууцны лизинг төлж хохирсоор байна шүү.
М.Алтанцэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
Beren gej erh darhtai hvmvvs ard itgediin munguur toblohoo boliyoo
ГХГЗЗГ-ын дарга Хүрэлшагайн компани штээ