Л.Үнэнбаатар АТГ, Тагнуул, Ерөнхийлөгчийг хэдий болтол хуурах бэ?

1436172772_a0fdfaf807ebfbeea77694b5542280fb

Нэгэн үес  БНХАУ-ын иргэн Луунжав овогт Үнэнбаатар гэх хүн хэвлэлийн хуудаснаа гарч ирж, өөрийгөө Монгол улсын анхны гадны хөрөнгө оруулагчдын нэг, эх нутгаасаа “хөөгдөж” буй өвөрлөгч  иргэн  өөрийгөө хэмээн зарласан.

 

Анхны хөрөнгө оруулалтаа Буянгийн Жагаатай хамсран эхлүүлсэн цагаасаа  хойш олон түнш сольсон агаад “Газар шороо” романы зохиолч Д.Маамын  гэр бүлийн хүнд бүхэл бүтэн үйлдвэр бэлэглэсэн хэмээн онцолж ярьдаг. Түүнчлэн Л.Үнэнбатаарын өвөг эцгүүд нь дайнд оролцож явсан, Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс байсан гэх.

 

Ингэж  олон түмэнд өнөөх л өрөвдмөөр,  гудманд явахад нь  манай залуус “Хужаа” гэж зодоод хөөгөөд явуулчихдаг өвөрлөгч иргэдийн дүрээр “мөнхөрч”, өөрт хамаарах асуудлаа Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл уламжуулж амжсан нэгэн билээ.

 

Тэрээр гэнэт нэг өдөр хэсэг Монгол залуус гэрт нь  орж ирээд гадны тагнуул хийдэг гэсэн бичиг үйлдүүлэн авсны зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө худалдан авах нэрээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Өгөхгүй бол   урдаас албадан авах хүсэлтийн дагуу шууд гаргана гэж айлгасан  гэх утга бүхий гомдол  гаргаж, хэргээ Цагдаа, Тагнуулын байгууллагаар шалгуулсан билээ.

 

Л.Үнэнбаатарын гомдол гаргасан иргэн нь Г.Мөнхбат гэх Монгол улсын жирийн нэгэн бизнесийн эрхлэгчдийн төлөөлөл болсон  импортын худалдаа эрхлэгч юм.

 

Үнэндээ хэрэг  явдал  бодит байдал дээр Л.Үнэнбаатарын гомдол гаргаснаас  эрс өөрөөр өрнөсөн гэдэг. Иргэн Г.Мөнхбат 2014 оны  дөрөвдүгээр сарын сүүлээр бизнесээ өргөтгөх, өр зээлээ дарах зорилгоор  өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө худалдаалах зарыг зарын сонин болон өдөр тутмын сонингуудад өгчээ.

 

Зарын дагуу  гурван Монгол залуу дагуулсан  Хятад иргэн ирж Сансар дахь таван граш бүхий обьектийг үзэн, 350 сая төгрөгөөр авахаар аман байдлаар тохиролцсон байна. Хятад иргэн гээд байгаа нь манай баатар Л.Үнэнбаатар юм шүү дээ. Л.Үнэнбаатарыг тухайн үед иргэн Г.Мөнхбат анх харсан бөгөөд мөнгөө энэ тэндээс цувуулан өгөх замаар  тэд хэд хоног хамт явцгаажээ.

 

Гэсэн ч Л.Үнэнбаатар наймаагаа бүрэн дуусгалгүй, 180  сая төгрөгийг Г.Мөнхбатын данс болон гар дээр бэлнээр төлөх замаар өгснийхөө дараа “Урдаас мөнгө орж ирэхээр өгнө. Хүлээж байгаарай” гэж хэлээд алга болсон байна.

 

Нэлээд хэд хоногийн дараа Л.Үнэнбаатар иргэн  Г.Мөнхбат руу  залгаж “Би Гадаадын иргэн харьяатын газар баригдчихлаа. Туслаарай. Мөнгийг тань удаахгүй өгнө” гэж хэлээд, эргүүлээд залгатал утас нь холбогдох боломжгүй болжээ.

 

Тэгж байтал иргэн Г.Мөнхбатыг СБД-ийн цагдаагийн хэлтсээс дуудаж, “Гадаад иргэнийг эх орон луу нь албадан гаргана хэмээн айлган сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн” хэргээр шалгасан байна. Ийм гомдол өөрт нь үүснэ гэж зүүдлээ ч үгүй явсан Г.Мөнхбат тэр даруй холбогдох баримтуудыг гарган өгч, байцаалтад орсноор цагдаагийн байгууллага мөрдөн  байцаалтын шатнаас хэрэгсэхгүй болгосон байна.

 

Гэтэл ердөө сар гаруйхны дараа өнөөх гомдол дахин сөхөгдөж. Энэ хооронд   Л.Үнэнбаатар гадаадын иргэн харьяатын  албадан гаргахын өмнөх  түр саатуулах байрнаас “Эрүүл мэндийн байдал муу байна” гэх шалтгаанаар эмнэлэгт шилжиж тэндээсээ оргосон байдаг.

 

Оргосон даруйдаа Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэдоржид хандан, иргэн Г.Мөнхбаттай холбогдох гомдлыг дахин сайтар шалгуулахыг хүссэнээр уг асуудал бүр Тагнуулын байгууллагад хүртлээ өндрөө авчээ.

Ингэж иргэн Г.Мөнхбат дахин шалгагдах дээрээ тулж, Тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар  зургаан сарын турш шалгагдан, прокурароос өнгөрсөн оны сүүлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөн энэ үеэр холбогдох хуулийн дагуу Л.Үнэнбаатарын  газар авах зорилгоор иргэн Г.Мөнхбатад өгсөн 180 сая төгрөгийг эргүүлэн өгч.

 

Г.Мөнхбатын хувьд хэрэг явдал ингээд дуусаж хэмээн санаж, цагдаагийн байгууллагаар шалгагдах явцад  их хэмжээний алдагдалд ороод байсан бизнесийнхээ ажилд шамдан орсон байна.

 

Гэтэл дахин хэрэг явдал санаанд оромгүй байдлаар эргэж,  өнгөрсөн сарын эхээр Г.Мөнхбатын гэрт гэнэт АТГ-аас их хэмжээний мөнгө хайх нэрээр нэгжлэг хийн, улмаар хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах нэрээр цагдан хорьсон байна.

 

Иргэн Г.Мөнхбатын гэрт нэгжлэг хийхийн өмнөхөн  буюу тавдугаар сарын сүүлээр /2015.05.27/ иргэний нийгмийн байгууллагууд хамтран Өвөрмонголчуудын эрхийг зөрчихөө больцгооё гэсэн утга бүхий мэдээлэл хийх үеэрээ Л.Үнэнбаатарыг дахин албадан  гаргахаар яригдаж байгаа тухай дурссан байдаг.

 

Эндээс нэг л зүйл маш тодорхой ажиглагдаж байгаа юм. Л.Үнэнбаатар гэх БНХАУ-ын иргэн  албадан гаргуулах дээр тулангуут иргэн Г.Мөнхбаттай холбогдох гүтгэлгийн шинж чанартай гомдлоо дахин сэргээдэг явдал. Энэ байдал  бүхэл бүтэн гурван удаа давтагдаж, зулгүй аргаар Ерөнхийлөгчийг хүртэл хуураад амжсан байна.

Тэгвэл яагаад, Л.Үнэнбаатар  мөрдөн байцаалтын шатнаас хэрэгсэхгүй болон буцаагдсар буй хэргийг өөрийг нь  албадан гаргахын өмнөх мөчид дахин сэргээгээд байна бэ? Энэ их ноцтой асуулт шүү.

 

Манайд нэг ийм хууль бий. Бүр тодруулж хэлбэл, хуулийн цоорхой.  Тэр нь Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 34.2 дэх “…тухайн гадаадын иргэн өөрийнх нь эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай бусад иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол гаргасан бөгөөд эрх бүхий байгууллага үүнийг үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл…”Монгол улсаас гаргахгүй байх заалт.

 

Одоо ойлгогдож байна уу? Бүр анхнаасаа БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатар Олон улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж эхлэнгүүтээ зарын сониноор дамжуулж “ан” хийсэн байх нь. Түүний өгөөш нь  үл хөдлөх хөрөнгө зарах зар өгсөн Монгол улсын иргэн Г.Мөнхбат байж.

 

Дутуу дулимаг мөнгө гар дээр болон дансаар дамжуулан өгч, барьцаалагдсан байдлаар мэдүүлэг өгөх зорилгоор энэ тэнд дагуулан явсаар, эцэст нь гомдол гаргасан байгаа юм.

 

“Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр гомдол эцэслэн шийдэгдэх хүртэл Л.Үнэнбаатар дээрх хуулийн цоорхойны дагуу Монгол улсад бүгэж болно.

 

Тэрээр энэ талаар өөрийн амаар нэгэн зорилтот нэвтрүүлэгт орох үедээ  “Би харьж болно. Гэхдээ би харьвал намайг зүгээр тавихгүй. Намайг зовооно, шоронд хийх нь тодорхой” “Урагшаа  албадан гаргуулахгүй байхын тулд би эхнэрийнхээ зөвлөснөөр иргэн Г.Мөнхбатад холбогдох гомдлыг гаргасан”“Паспорт надад хэрэггүй. Би түүнийг хөөцөлдөх сонирхолгүй байгаа.  Монгол хүн Монголдоо амьдрах эрхтэй”  ”гэхчлэн ярьжээ.

 

Улмаар өөрийг нь  гадны тагнуул хэмээн мэдүүлнэ гэж айлган, их хэмжээний мөнгө авсан хэмээн гомдол гаргасан иргэн Г.Мөнхбат тэргүүтэй залуусыг Олон улсын Интерполд хүртэл нөлөөлсөн, айхтар хүмүүс хэмээн ярьсан ч бий.

 

Ийм зүйл гэж байх болох уу? Олон улсын Интерполын сүлжээнд Монголын жирийн л нэг бизнес эрхлэгч  хуурамч баримтаар нөлөөлөл үзүүлнэ гэж?  Яг ингэж Л.Үнэнбаатар   хэвлэл мэдээллээр жишиж ч үгүй ярьж, түүнд нь манайхан итгэж, түүнийг өрөвдөн хайлж байх.

 

Энэ мэтчлэн Монгол улсын ерөнхийлөгч, цагдаа, Тагнуул, одоо АТГ-ынхныг хүртэл башир аргаараа хуурч,  хуулийн цоорхой ашиглан Монгол иргэний халдашгүй дархан эрхэд бүдүүлгээр  халдаж буй Л.Үнэнбаатартай холбогдох ноцтой баримтууд өчнөөн.

 

Харин нөгөө талд энэ заль,  башир аргын золиос болж, эрүүл мэнд, бизнесийнхээ хувьд асар хохирол амсаад буй иргэн Г.Мөнхбатын асуудал анхаарах сэдэв болочихоод байна. Түүний эрхэлж байсан бизнесийн мөнгөн гүйлгээ  энэ хэрэгт гүтгэгдэн шалгагдах болсон цагаас хойш тогтмол буурч, 1.5 тэрбумын  мөнгө хуримтлал эдүгээ 34 сая болтлоо нам унажээ. Энэ бол Монголын нэгэн өрх гэр санхүүгийн хувьд сүйрэн унаж байгаагийн тод жишээ.

 

Өнөөдөр Монгол улсад татвараа төлж, ажлын байр нэмэгдүүлж, ийм хэргийн золиос болно  чинээ санаж яваагүй  эгэл нэгэн гэр бүл өнөөдөр хамаг үл хөдлөхүүдээ банкны барьцаанд алдах шахаж, 5-17 насны таван хүүхдээ тэвэрсэн  эмэгтэй цагдан хориход хоригдож буй нөхрөө хүлээж сууна.

 

Монгол улс  иргэнээ хамгаалах ёстой. Тэр тусмаа энэ төрлийн элгэн цусаараа түрүү бариж, төрийн албан байгууллага, ерөнхийлөгчийг хүртэл хуурчихдаг Л.Үнэнбаатар тэргүүтэй нөхдөөс иргэнээ хамгаалах нь зүйн хэрэг.

 

Монгол Улсын хууль тогтоомжийг овжноор ашиглахын зорилгоор төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж буй Л.Үнэнбаатартай холбогдох гомдлыг хуульзүйн сайд Д.Дорлигжав, Монгол улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Б.Билэгт цаашлаад ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар анхааралдаа авч, хэргийг үнэн зөв шийдэн өгөхөд анхаарал тавина уу?

Ямар ч үйл явдал эцэстээ үнэнд гүйцэгддэг билээ. Л.Үнэнбаатар Монгол улсын жирийн нэгэн өрх гэрийн амьдралыг уландаа гишгэн, доромжилж, төрийн өндөр дээд байгууллага хийгээд ерөнхийлөгчийг хүртэл хууран мэхэлсээр хэдий хол явна гэж?

 

Г.Итгэл

 

Эх сурвалж: www.TODAY.mn


URL:

Сэтгэгдэл бичих