НАМЗХ-ын залуус ёс зүйн хариуцлага хүлээж ажиллахаар болов
Өнөөдөр МАН-ын дэргэдэх НАМЗХ ээлжит V Их хурлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. “Хариуцлагатай залуу-Хүчирхэг Монгол” уриан дор зохион байгуулагдсан уг Их хуралд нийслэл, аймаг, сум, дүүргийн 339 төлөөлөгч оролцож, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн талаар удирдлагууд нь тайлбар өгөв.
Эв нэгдэл, ардчилал, төлөөллийн тэгш зарчимд тулгуурласан V Их Хурлаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Г.Тэмүүлэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Мөнгөнчимэгийг сонгосон байна. Мөн Их хурлын дараа Нийслэлийн НАМЗХ ээлжит чуулганаа хийлээ. Уг чуулганаар бүтэц зохион байгууллатын асуудлыг хэлэлцэн Нийслэлийн НАМЗХ-ны даргаар Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Б.Мөнхбатыг сонголоо.
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нь цаашид залуучуудад чиглэсэн тодорхой бодлого, санаачилга гарган ажиллахаа мэдээлж, холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулснаа зарлав. Уг гэрээгээр холбооны гишүүд ёс зүй, хариуцлагын зөрчил гаргасан тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөгдөхөөр болж байгаа аж. Ийнхүү “Хариуцлагатай залуу-Хүчирхэг Монгол” уриан дор их хурлаа хийсэн НАМЗХ-ны удирдлагууд хариуцлагын гэрээтэй боллоо.
Тавдугаар Их Хурлын Таван онцлог
Өрсөлдөөн ба мерит зарчим: НАМЗХ-ны 18 жилийн түүхэнд намын удирдлага өрсөлдөнийг зарчимыг баримтлан 2 хүний нэрийг дэвшүүлсэн анхны тохиолдол болов. Анх удаа бүх шатаар дамжиж гарч ирсэн хүн Ерөнхийлөгчтэй боллоо. НАМЗХ-ны шинэ Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн 2007 оноос хойш Сүхбаатар дүүргийн НАМЗХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЗХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЗХ-ын УЗ-ын гишүүн, НАМЗХ-ны Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн бүх шатаар дамжиж байж холбооныхоо тэргүүнээр нь сонгогдов.
Анхны эмэгтэй Генсек: НАМЗХ-ны 18 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай болов. НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон С.Мөнгөнчимэг нь 2001 оноос эхлэн холбооныхоо аппаратад ажиллаж, Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Мөн нийт гишүүд, удирдах албан тушаалтын 25 хувь нь эмэгтэй байхаар дүрмэндээ тусгасан нь Монголын залуучуудын байгууллагын түүхэнд хүйсийн тэгш байдлыг бий болгосон анхны жишиг болов.
Удирдах зөвлөл орон нутгаас: НАМЗХ-ны удирдах зөвлөлд анх удаа бүх аймаг, дүүргийн төлөөллийг оруулав. Анхан шатны гишүүдийн оролцоо, санаачилгад тулгуурласан бодлогыг эрхэмлэнэ.
Удирдах насны хязгаар 35: Одоогийн удирдлагын багийн насны хязгаар 35 хэвээр үлдэв. Бага хурлын гишүүдийн 1/3 нь 39 хүртэл насны хязгаартай байхаар зохицуулсан нь олон улсын залуучуудын байгууллагын жишгийг нэвтрүүлсэн алхам боллоо.
НАМЗХ-д элсэхийн тулд МАН-ын гишүүн байх шаардлагагүй: НАМЗХ-ны гишүүн өмнө МАН-ын гишүүн байх ёстой байсан. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтөөр нам бус гишүүд НАМЗХ-нд элсэх боломж бүрдлээ.
URL: