Намбарын Энхбаяр ялсан бас ялагдсан
Н.Энхбаярын дотор дахин ус буцалж байгаа. Тэр дахиад оргил өөд өгсөнө. Харин тэр цагт…”
Тоймч Л.Баатархүү
Намбарын Энхбаяр. Улаанбаатар хотын 40 мянгатад өссөн хэдий ч С.Баяр, “бацаан” Зоригоо, “мангар” Ариунболд гээд бусад эл хорооллоос төрсөн мундгуудтай адил багын тов хийх намтар хомс. Бас 40 мянгатын тэр гэх атаман ч биш. Жирийн даруу, дөлгөөн хүү ирээдүйн төр удирдах эр байв. Харин сүүлд тэднээсээ илүү “атаман” болсон юм. Тэр алсдаа хүрэх оргилдоо хүрсэн. Гэхдээ хүрсэн оргилоосоо буух шат түүнд байгаагүй. Энэ эрхмийг нийгмийн захиалгаар “бидний дунд амьдар” хэмээн явуулсан. Гэвч тэр чадаагүй. Улс төр рүү дахин уравсан. Намбарын Энхбаяр ялсан бас ялагдсан. Мөн түүний унах хүртэлх түүхийн хуудаст бэхийн өнгө солигдоогүй. Өндөр оргилоос унасан ч энэ эр амьд гарч чадсан. Одоо Н.Энхбаярын дотор дахин ус буцалж байгаа. Тэр дахиад оргил өөд өгсөнө. Харин тэр цагт…
Түүний өнөөдрийг хүртэлх хугацаанд дотроо нууж, чанга дуугаар хэлж зүрхэлдэггүй нэг зүйл гарвалтай нь холбоотой. Тодруулбал, ээж Ц.Бүдханд нь Буриад хүн. Учир нь хэлмэгдүүлэлтийн үед нийтлэлийн гол баатрын нагац өвөөг аавтайг нь цуг цаазалсан тухай ам дамжсан яриа бий. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл би бага ястан гэж том дуугаар хэлж болдоггүйтэй адил буриад хүнийг еврейчүүд шиг ад үздэг цаашлаад цаазалдаг /оросын гай/ эвгүй зүйл хувьсгалын эхэн үед байжээ. Энэ нь бүр дараагийн удмыг /хүү/ нь хүртэл хороодог аймшигтай этноци. Магадгүй эл удам дамжсан аюулт үзэгдлийн уршигт нэрвэгдчих вий гэх айдас экс Ерөнхийлөгчийн дотор нуугдсан байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор “Би буриад цустай” хэмээн тодотгож чаддаггүй биз.
Ээжийгээ Буриад гэдгийг нуусан нэг жишээ нь өнгөрсөн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр байлаа. Тухайн үед аавыгаа Архангайн Чулуутынх гэдгийг илүү тодотгоод харин ээжийнхээ нутаг ус, яс, угсаа гарвалын талаар огт дурдалгүй зөвхөн хэл бичгийн багш гэх мэргэжлийг нь онцолсон байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Н.Энхбаяр гуайг буриад зоны цусан холбоотой гэдгийг хэлэх хүн тун ховор.
Н.Энхбаярын улс төрд орсон “мини” түүх
Утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй энэ хүн улс төр рүү ороход аз дайрсан гэлцдэг. Бас өөрийнх нь хичээл зүтэл ч байгаа биз. Учир нь 1992 онд хуучнаар МАХН /МАН/ шинэ ардчилсан сонгуулиар дахин үнэмлэхүй ялалт байгуулсан нь тэр. Угтаа эл нам 1990 оныг хүртэл 70 жилийн хугацаанд Монголын төрд дангаараа ноёлж байсан ч ардчилсан хувьсгалын нөлөөгөөр 20 хэдэн сар төрийн удирдлагаас амсхийсэн. Энэ үеэр улс төрийн сиймхийг ашигласан олон тоглолт өрнөж байжээ. Сэтгүүлч Г.Уянга /одоогийн УИХ-ын гишүүн/ Н.Энхбаярын тухай нэвтрүүлгээр нэгэн сонирхолтой баримт дурьдсан нь түүний улс төрийн гол өрнөл рүү орох, шинэ сонголтоо хийхэд хэн тусалсан талаар өгүүлж байлаа. Тодруулбал, “Элэгний” Хатанбаатар эмч, яруу найрагч О.Дашбалбар агсантай Н.Энхбаярыг гэр бүлийнх нь хамт дагуулан тухайн үедээ МАХН-ын нөлөө бүхий улстөрчид тооцогдож байсан Л.Энэбишийнд зочилжээ. Эднийд зочилсон шалтгаан нь тодорхой. Өсөж яваа идэрхэн залуу Н.Энхбаярыгаа улс төрд тоос өргүүлэх. Тэр дундаа ах намд нөлөө бүхий болгох. Цаашлаад сайдын сэнтийд хүргэх чин хүсэлтэй О.Дашбалбар, Ж.Хатанбаатар. Удалгүй уулзалтын үр шим ч гарав. Н.Энхбаярыг Ж.Хатанбаатарын ятгалгаар О.Дашбалбар агсан “Москвад сургууль төгссөн. Боловсролтой бас намын залуучуудад нэр хүндтэй” хэмээн Л.Энэбиш гуайд магтаж, ятгажээ. Эл ятгалаг амжилттай болж Л.Энэбиш агсан тухайн үеийн /1992 онд/ намын дарга Б.Даш-Ёндонтой ярьж П.Жасрайгийн Засгийн газарт оруулж дөнгөсөн байдаг. Ингэж оруулснаар Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр төгссөн Н.Энхбаяр Соёлын сайдын сэнтийд суух боломж бүрдэв. Ингэж ирээдүйн төрийн бүх өндөрлөгт хүрэх утга зохиолын ажилтны дардан зам нээгдлээ.
Дашрамд нэг зүйл хэлэхэд тэрбээр 1980 оны төгсгөл хүртэл хориглодог байсан буддизм судлах, англи хэл үзэх зэрэг хаалтыг эвдэж чадсан гэдэг юм билээ. Энэ ч үүднээс эл эрхэм тухайн үед зөвхөн Дотоод яамныханд нээлттэй ертөнц гэгддэг хөрөнгөтний сургуульд хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломж бүрдсэн аж.
МАН-ын унтарсан галыг бадраасан нь
1996 он. Одоогийн Тусгаар тогтнолын ордон /МАН-ын байр/-ны суурин дахь намын хуучин цагаан байр эл хуль оргиж байсан үе. УИХ-ын сонгуульд МАН /хуучнаар МАХН/ ардчилсан хүчнийхэнд далаараа цэвэр тавиулав. Гэвч эл намд нийгмийн захиалгаар ч гэмээр юм уу ирсэн Н.Энхбаяр гэж шинэхэн, залуу удирдагч бий. Учир нь тэрбээр удахгүй МАН-ыг дахин алдаршуулах 10 жилийн түүх эхлүүлэх хувьтай нэгэн. Экс Ерөнхийлөгч намаа сэргэн мандахад хоёр гол илтгэл тавьсан гэдэг. Тодруулбал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараахан буюу 1997 оны хоёрдугаар сарын 21-24-нд болсон МАХН-ын XXII их хурлаар “МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал” хэмээх шинэ өнцөг тусгасан илтгэл тавьлаа. Өөрөөр хэлбэл, мань хүн илтгэлдээ намын үзэл баримтлал, шинэчлэгдэх үйл явц нийгмийн хөгжлийн чиг хандлагаас хоцорсон. Улс төрийн тавцанд намынх нь эзлэх байр суурь улам хумигдаж мөн ард түмэн ялангуяа залуучуудад үзүүлэх нөлөө эрс багасаж буйг онцолсон байдаг.
Түүнчлэн энэ хурлаар МАН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг шинээр баталж, ардчилсан социалист үзэл баримтлалаар замнан, зүүн төвийн нам болсноо албан ёсоор зарлалаа. Дараа нь 2001 оны хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 3-ны хооронд болсон намын XXIII их хурлаар “Шинэ зуун шинэ зорилт” хэмээх илтгэл тавив. Тус илтгэлд “сайн засаглал” тогтоох зорилтыг дэвшүүлж “Парламентат ёсонд тулгуурласан төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн шийдвэрийг гаргахдаа судалгаа шинжилгээнд тулгуурлаж хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоог хангахыг зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болно” гэж дүгнэсэн аж. Энэ бүх шинэчлэлийн эхлэлд Н.Энхбаярын нөлөө чухал үүрэг гүйцэтгэсэн. Шинэчлэл, цаашдын бодлого, төлөвлөгөө бүр нь амжилттай биелж 2000 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр намаа үнэмлэхүй ялалт байгуулахад /76 суудлын 72-ыг нь МАХН авсан/ гол дүрийн “баатар”-аар тодров. Нэгэнт намдаа гайхамшигтай гавьяа бүтээсэн хойно багийнхан нь түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон нь тэр.
Өрсөлдөгчгүй “Хоёр дахь Чингис хаан”
Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр 1997-2005 он хүртэл МАН-ын дарга хийж байх үедээ улс төрийн цоорхой, сиймхийг овжин ашиглаж чадсан овсгоотой удирдагч. Учир нь 2000 оны сонгуульд амаа таглуулсан Ардчилсан намын лидерүүд гэх одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүсийн зарим нь гадаад руу суралцахаар явж үнэндээ МАН-д, Н.Энхбаярт бяртай өрсөлдөгч бараг үлдсэнгүй. Монголд үлдсэн нь ердөө Р.Гончигдорж, М.Энхсайхан, Д.Дорлигжав нар. Тэд ч хоорондоо албан тушаалын төлөөх тэмцэлтэй байсан болохоор АН-ын хүч бараг сарничихсан үе гэдгийг учир мэдэх нь хэлдэг.
Чухамдаа “Үндэсний удирдагч”, “Хоёр дахь Чингис хаан”, “Ард түмний эцэг”, “Гималайн уул” Намбарын Энхбаярын хаанчлалын үе энэ. УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, “Жанрайсагийг залагч” ард түмэнд гэгээрэл хайрлагч, Мянганы замын эзэн Н.Энхбаяр. Тэр олон хүний амьдралыг өөрчилсөн. Адаг сүүлдээ түүнд амь тавин элсэгчид түм түмээрээ болсон. Дагаар орогчид эцэст нь Н.Энхбаярыг оргилоос түлхэж унагах хорон мэхтнүүдийн дүрд хувирсан.
Цаг хугацаа улирсаар нийтлэлийн баатар маань өрсөлдөгчгүйтсээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгов. Ялагч нь мэдээж Н.Энхбаяр. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын 65 нь энэ түшээд итгэжээ. Өмнөх онд нь болсон УИХ-ын сонгуулиар МАН /МАХН/ үнэмлэхгүй ялалтаа хэдийгээр алдсан ч олонхи хэвээрээ үлдсэн. Ялалтын хүч нь ингэж саарсанд намын дарга Н.Энхбаярын буруу нэг их байгаагүй гэдэг. Яагаад гэвэл гол өрсөлдөгч АН-ын лидерүүд болох Ц.Элбэгдорж тэргүүтэн сонгуулийн тактикаа нэлээд хүчтэй боловсруулж, өөрсдөө ч овоо бэлтгэгдэж ирсэн юмсанж. “Яахав дээ өмнөх 2000 оны сонгуулиар нэгэнт үнэмлэхгүй ялалт авсан хойно 2004 оныхд зоволтгүй ялчих учраас нэг их мэрийгээд яахав” гэх бодол Н.Энхбаярын толгойд эргэлдсэн байхыг үгүйсгэхгүй.
Н.Энхбаярын “гоц” гавьяа
Тэр монголчуудын нүдэнд харагдтал хийсэн гавьяатай бас азтай Ерөнхийлөгч. Н.Энхбаярын төрийн тэргүүн байх үед олимпын хоёр ч аварга төрсөн. Үүгээрээ тэр азтай Ерөнхийлөгч. Мөн монголчуудаа өрнөөс салгасан гавьяатан. Гэвч манайхны дунд өнөөдрийг хүртэл Оросын их өрнөөс салсандаа баярлах биш бухимдах хүн өчнөөн бий. Орос ах нарт Монгол Улс 11.4 тэрбум шилжих рублийн өртэй байжээ. Харин үүний хоёр хувь буюу 250 сая ам.долларыг Оросын талд Монголбанк болон Айвенхо майнз компанийн данснаас шилжүүлсэн баримт байдаг. 2003 оны арванхоёрдугаар сарын 29-нд 60 хувь, 31-ний өдөр 40 хувийг хаасан талаар ОХУ-ын Сангийн яам Внешэконом банкаар дамжуулан 2004 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр батламж ирүүлсэн юм билээ.
Гэвч улстөрчдийн болон хуулийнхний Н.Энхбаярыг одоог хүртэл харддаг нэг зүйл нь дээрх 250 сая ам.долларын 50 сая нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсонтой холбоотой юм. Ер нь асуудлыг зоосны нөгөө талаас харвал тэр их өрийг дарж байхад 50-хан сая доллар хаачих нь падлийгүй гэдгийг олон хүн ярьдаг. Магадгүй энэ өнцөг ч зөв байж болох. Хэрэв Н.Энхбаяр В.Путиныг сэнхрүүлж чадаагүй бол өнөөдөр би, та, бид Оросын өртнүүд байх байв.
Бас нэг гавьяа нь монголчуудад газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг гаргаж чадсанд оршино. Засгийн газар, УИХ, намаа нэг гараар зангидаж байсан Н.Энхбаяр ийм шийдвэрийг гаргуулахад тун амар байсан юмдаг. Тухайн үед Баавар “Хэрэв Н.Энхбаяр газрыг хувьчилж чадвал түүнд алтаар хөшөө босгож ч болно” хэмээж байжээ.
Түүнчлэн “Мянганы зам” буюу Монгол Улсыг Ази, Европыг холбох гүүр болгох зорилго өвөртлөн аймгуудыг хатуу хучилттай замаар холбож эхэлсэн нь өнөөдөр хүртэл үргэлжилж буй. Нөгөөтэйгүүр “Үдийн цай” хөтөлбөрийг санаачилсан нь өдрийн бор талхаа арайхийн залгуулж яваа амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхөд тун том нэмэр болсон гэлтэй…
Оргилоос унах үе буюу ялтан Н.Энхбаяр
Өрсөлдөгчгүй баатар өөртөө хэт барджээ. Цаг хугацаа түүнд “одоо амар” гэх дохио өглөө. Гэвч тэр анзаарсангүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржтой хүч үзэж нэг хувийн саналаар ялагдав. 1990 оноос хойш босоо явсан аварга ийнхүү өвдөг шороодлоо. Үргэлж гол дүрийн эерэг талын баатар асан энэ хүний одоо орлон тоглогч, эсрэг дүрийг бүтээх үйл явц эхэллээ.
Нам дотор нь түүнийг унагах, улс төрөөс арчих оролдлого, төлөвлөгөө сонгуульд ялагдсанаас нь хойш хүчээ авав. Намын дарга М.Энхболд нь найрагч Т.Галсан гуайн хэлснээр “Өөр ноёны бөх засаж”-ээ. Н.Энхбаяр өвдөг шороодсныхоо дараа холын дайснаас ойрын нөхөд халтай гэдгийг олж мэдсэн нь оройтсон байлаа. Багийн гол лидер гал хам Ц.Нямдорж, Ерөнхий сайд С.Баяр бас ялсан Ц.Элбэгдорж гээд олон хүн экс Ерөнхийлөгчийг улс төрөөс арчих мастер төлөвлөгөө боловсруулжээ. Гэтэл МАХН /МАН/ дотор намаа шинэчлэх ажил давхар эрчимжиж эхэлсэн. Уг шинэчлэлийг өөрийнх нь татсан У.Хүрэлсүх тэргүүтэй залуус хийж МАХН нэрийг МАН болгон өөрчиллөө. Хачирхалтай нь Н.Энхбаяр олон жил суусан бууриа сэлгэхийг хүссэнгүй. Өөрөө намынхаа нэрийг авч үлдэн МАХН нэрээр нам байгуулан /2011 оны нэгдүгээр сард/ өрх тусгаарлав. Төд удалгүй 2012 оны УИХ-ын сонгуулийн урьтал болгож тэрбээр улс төрийн ширүүн тэмцэл хийхээр зэхжээ. Энэ нь МАН-ын нөхдүүдийн ил далдаар идсэн уусан, хууль бус зүйлүүдийг илчилж сонгуулийн рейтинг нь унагах. Гэвч түүнийг АТГ-аас 2013 оны сүүлээр шалгаж, хэд хэдэн удаа дуудаж байцаах гэсэн боловч очсонгүй. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрийн 05:40-06:10 цагийн хооронд тус газраас “Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан” гэх үндэслэлээр 600 гаруй цагдаагаар халхлан гэрээс нь баривчиллаа.
Монголын түүхэнд нэг хүнийг баривчлахад тусгай бэлтгэгдсэн хүмүүс, цагдаа гээд хуулийнхан ийм их бүрэлдэхүүнтэй баривчлах ажиллагаа хийж байсан түүх бараг үгүй гэнэ билээ. Нэг ёсондоо Н.Энхбаяр 600 цагдаагийн хүчтэй гэх шог яриа ч дэлгэрсэн. Хэцүү нэртэд /461 дүгээр хорих анги/ удсан ч үгүй. “Би хэрэг хүлээхгүй” хэмээж хуурай өлсгөлөн хүртэл зарлав. Ингэж тэмцэж, нэлээд эцэж ядарсан түүнийг баривчлагдсанаас нь хойш хоёр сар гаруйн дараа батлан даалтад гаргалаа. Шүүх хурал нь олон удаа хойшилсны эцэст түүнд хоёр жил зургаан сарын хорих ял /Улсын дээд шүүх/ оноолоо. Н.Энхбаярыг “Албан тушаалаа урвуулан ашигласан” гэх зүйл ангиар хорьж буй нь энэ. Анхан шатны шүүх хурал нь бүтэн гурван өдөр үргэлжилж Сүхбаатар дүүргийн шүүх оройн 22:30 цагт дараах шийдвэрийг гаргаж байсан аж. Үүнд “Шүүгдэгч Н.Энхбаяр нь МИАТ ХК-д БНСУ-аас үнэ төлбөргүй ачаа тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Ж.Мягмаржаргал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөгийн гэрээ хийж эд хөрөнгө завшсан үйлдлийг прокурор яллахаас татгалзсан тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болголоо. Н.Энхбаярын Д.Дуламсүрэнтэй бүлэглэн “Өргөө” зочид буудал, Д.Чулуунбаатартай хамтран “Улаан баатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж авсан үйлдэл нь тогтоогдсон. Үүнээс гадна ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг завшсан. Мөн Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт” үйлдвэрээс эд хөрөнгө завшсан үйлдэл нь хавтаст хэрэгт авсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон” гэж үзжээ.
…Яс, арьс болтлоо эцэн амь нас нь хутганы ирэн дээр ирсэн хүүгээ өрөвдөн ээж Ц.Бүдханд нь Эбэ Ерөнхийлөгчийн ээж Б.Хонинхүү рүү өнгөрсөн хавар захидал бичлээ. Захидлын гол агуулга нь “Олон эхчүүдийн зөвлөсний дагуу миний хүүг бидэнд амьд үлдээж өгөөч гэж Танаас би хичээнгүйлэн хүсэж байна. Бурууд хатуу эх хүний нөлөө хүүгээрээ ийм шийдвэр гаргуулж чадна гэдэгт би найдаж байна” хэмээжээ. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд уучлал үзүүлэн сулласан юм. Харин түүний өмнөх Ерөнхийлөгчдөө уучлал үзүүлсний маргааш 11:22 цагт ээж нь бурханы оронд заларсан байдаг. Дашрамд дурьдахад өнөөдрийг хүртэл Н.Энхбаяр болон түүний нөхөд “Уучлуулах биш цагаадгах ёстой” гэдгийг хэлсээр байна.
Улс төрчдийн айдас буюу гэрч Н.Энхбаяр
Н.Энхбаяр уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш бизнес хийх гэж ах дүү, гэр бүлийн компаниудаа нэгтгэж уул уурхайн лиценз авахыг хүссэн байдаг. Гэвч тухайн үед Ерөнхий сайд С.Баяр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт “Н.Энхбаярт лиценз олгож болохгүй” гэх даалгавар өгсөн талаар тэрбээр шүүх хурал дээр хэлж байв. Түүнчлэн Ц.Нямдоржийн хүүхдүүддээ бариулж буй хаусууд улстөрчидтэй холбоотой булхиаг нь хэлчих гээд байсан болохоор түүнд заавал ял оноох нэг шалтгаан болсныг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болох магадлал хамгийн өндөр, гишүүн болсныхоо дараа улс төрд самрах ажлаа үргэлжлүүлэх боломж тун нээлттэй болохыг эрхбиш хүний өөрийнх нь намуудын удирдлага, өрсөлдөгч нар нь мэдэж байлаа. Үүнээс гадна 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Эбэ-тэй өрсөлдөх хатуу самар. Магадгүй түүний улс төрийн чадвар, туршлага гээд энэ бүхэн өөрт нь гай болсон гэлтэй.
Экс Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмон нөхрөө улс төр рүү дахин яагаад орсон талаар ийн ярьж байлаа. “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгаад ном, зохиолоо бичиж, тайван амьдарна гэж ярьдаг байсан. Гэвч энэ улсын төлөө хийх зүйл байна, шударга бус зүйлийн төлөө тэмцэх сэтгэл нь илүү байсан болов уу. Орчуулагч, судлаач, зохиолч хүн учраас энэ талын ажлаа хийгээд явах боломж байсан. Гэхдээ улстөрчийн хувьд энэ замаар өөр хийх зүйл их байгаа учраас энэ замыг сонгосон” гэж байв.
Тэрбээр төрийн бүх өндөрлөгт байхдаа хийж чадаагүй бас 40 мянгатын атамуудаас ч илүү гэдгээ харуулсан нэг зүйл нь ялтан болох, болсныхоо дараа байв. Түүнийг шүүх хурлыг телевизээр, олон нийтэд ил тод явуулсан нь энэ салбарт нэг дэвшил болсон гэдэг. Мөн 40 мянгатынхан шоронд босоо гэдэг ч Н.Энхбаяр шиг цагдаа, хуяг руу салаавч гаргаж, элдвийн доромж үг хэрэглэж байсан атаман үгүй юм билээ. Үүгээрээ энэ эр мундаг атаман гэдгээ нөхөн харуулав.
Н.Энхбаяр хэрэг нь задрах, ял авахаа мэдсэн даруйдаа гадаад руу нууцаар зугтаж, бусад улс орноос орогнол хүсэж болох байв. Түүнтэй адил төрд хохирол учруулсан, улсдаа байхад туйлын хүнд байсан гэх Америкийн нууцыг дэлхийд задалсан Эдвард Сноуден, Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын хүү Максим, Тайландын ерөнхий сайд асан Таксин Чинават гээд эх орныхоо нэрийг унагаасан хүмүүс шиг харь улс руу зугтсангүй.
Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын тухай холбосон цөөн хэдэн өгүүлбэрээ ийн өндөрлье. Магадгүй түүний алдсан, оносон түүхийн тухай нэг бүрчлэн өгүүлнэ бичих цаасны талбай дуусаж, үзэгний үзүүр элэгдэх аж.
Намбарын Энхбаяр ялсан бас ялагдсан. Мөн түүний унах хүртэлх түүхийн хуудаст бэхийн өнгө солигдоогүй. Өндөр оргилоос унасан ч энэ эр амьд гарч чадсан. Одоо Н.Энхбаярын дотор дахин ус буцалж байгаа. Тэр дахиад оргил өөд өгсөнө. Харин тэр цагт…
Эх сурвалж: Содон сэтгүүл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
буриад Будхандын дагавар хүү Энхбаярын төрсөн эцэг бас буриад хүн бий, Дорнодын БаянУулаас гаралтай сумын начин цолтой. Цэвэр буриадын шээс юм гэдэг.