Наадмын тасалбар буюу баярын өмнөх бухимдал

527-1436243488thumb_sizeҮндэсний их баяр наадмын гол үйл ажиллагаа болох бөхийн барилдаан, сур харваа зэрэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог уламжлалтай. Энэ жилийн хувьд наадмын тасалбарыг “Соёлын төв өргөө” болон “Монгол бөхийн өргөө” гэсэн хоёрхон газрын билетийн кассаар өчигдрөөс эхлэн борлуулж байна. Үнийн хувьд өдөр, байрлал, суудлаасаа хамаарч янз бүр байгаа аж.
Тухайлбал, зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар нь 12 мянган төгрөг бол жуулчид 25 ам.доллараар үзэх боломжтой. Харин энэ сарын 11, 12-нд наадмын нээлт болон хаалтыг үзэх тасалбарын үнэ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамаарч 16-24 мянган төгрөг байгаа талаар албаныхан хэллээ. Наадмын тасалбар худалдаанд гарсан өдөр буюу өчигдөр манай сурвалжлах баг дээрх хоёр газрыг зорьсон юм.
Эхлээд бид “Соёлын төв өргөө”-ний тасалбар борлуулах цэгт очлоо. Биднийг очиход 200 орчим иргэн наадмын тасалбараа худалдаж авахаар дугаарлаж, урт дараалал үүсгэн зогсч байв. Тэд нэлээн бухимдалтай, урдуур нь орсон хүнийг янз бүрийн үгээр дайрч давшилж байгаа харагдав. Хэдийгээр урт дараалал үүсгэн зогсч буй иргэдэд учир байдлаа хэлж, тасалбар борлуулагчаас ярилцлага авах хэрэгтэйгээ хэлсэн ч хэдэн цаг, өдрөөр халуун наранд гадаа зогссон тэд дотогш хэнийг ч оруулаагүй юм.
Тиймээс гадаа зогсч байсан зарим иргэний санал, гомдлыг нь сонсохоор 30 орчим насны нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр “Өнгөрсөн шөнө үүрээр ирж дугаарлалаа. Намайг ирэхэд 50 гаруй хүн байсан. Наадмын тасалбарыг өглөө 09.00 цагт борлуулж эхэлнэ гэсэн ч цагтаа эхлээгүй. Одоогийн байдлаар эхний хэдэн хүн л тасалбараа авахаар ороод байна” гэв.
Харин түүний цаана зогсч байсан 50 гаруй насны эр “Жил бүр л наадмын тасалбар худалдаж авах гэж үйл тамаа эдлэх юм. Өнгөрсөн жил гурван өдөр дараалан зогсч байж тасалбараа авсан. Энэ янзаараа өнөө жил ч гэсэн хэдэн өдөр оочирлож, халуун наранд зогсох нь бололтой” хэмээн нэлээд ууртай, бухимдсан байдалтай ярьж байв. Биднийг ийн ярьж байх хооронд хаалга онгойж, тасалбар борлуулах цэгээс хэдэн хүн гарч ирлээ. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн IV хорооны иргэн Д.Баярбатаас цөөн асуултад хариулт авсан юм.
Д.Баярбат: БҮТЭН ӨДӨР ЗОГСЧ БАЙЖ ТАСАЛБАРАА АВЛАА
-Хэдэн цаг дугаарлаж байж тасалбараа худалдаж авав?
-Өчигдөр /уржигдар/ орой ирж дугаарласан. Бараг 36 цаг оочирлож байж сая нэг юм тасалбараа авлаа.
-Энэ жил нэг хүнд дөрвөөс илүү тасалбар өгөхгүй байх шийдвэр гарсан. Та хэдийг, худалдаж авсан бэ?
-Би гурвыг л авсан. Наадмын нээлт, хаалтыг эхнэр, ээжтэйгээ үзэх юм.
-Олон цаг гадаа дугаарлан зогсох хэцүү байв уу?
-Ойлгомжтой шүү дээ. Үнэхээр ингэж олон цаг халуун наранд зогсох хэцүү байлгүй яах вэ. Энд ихэнх нь залуус байна. Урдуур, хойгуур хүн орж, гарснаас болж хэрүүл, бүр зодоон ч болж байгаа харагдсан. Жил бүр л наадмын тасалбар худалдаж авах гэсэн иргэд олон цагаар зогсох юм. Үүнийг нэг цэгцлэх цаг нь болчихсон юм биш үү. Хэдий болтол бид наадам дөхөхөөр л ингэж хараалаа барж, тэвчээрээ шалгах юм гэв.
Тэрбээр асуултад маань дээрх хүмүүсийн адил мөн л бухимдсан өнгө аясаар хариулчихаад яваад өгөв. Үнэндээ өнгөрсөн жил, түүний өмнөх жилүүдэд ч гэсэн яг энэ цагт тасалбар худалдаж авах гэсэн иргэд “Соёлын төв өргөө”, “Монгол бөхийн өргөө”-ний үүдэнд урт дараалал үүсгэдэг.
Энэ жилийн хувьд “Нэг хүнд дөрвөөс илүү тасалбар олгохгүй” гэх шийдвэр гарсан нь зарим иргэнийг ихэд бухимдуулж байгаа аж. Учир нь, дээрх шийдвэрээс болж гэр бүл, ах дүүгээрээ хонон өнжих шахуу оочирлож байгаа хүмүүс ч байв. Ингээд ээж, хоёр дүүгийн хамт дугаарлан зогсч буй Баянгол дүүргийн X хорооны иргэн Ш.Нямбаяраас дараах зүйлийг тодруулсан юм.
Ш.Нямбаяр: ГЭР БҮЛЭЭРЭЭ ОЛОН ЦАГ ДУГААРЛАХ ХЭЦҮҮ БАЙНА
-Наадмын тасалбар авахын тулд хэзээ ирж дугаарласан бэ?
-Бараг 15 цаг дугаарлаж байна. Хэцүү байна шүү дээ. Миний хувьд жуулчны хэдэн компанитай. Наадмын үеэр хэдэн жуулчин ирдэг. Тэдэнд наадмын нээлт, хаалтыг үзүүлчихмээр байдаг. Гэтэл манайхны хүнд суртлаас болж, жуулчдад үзүүлэх үзвэрийн тасалбарыг авах гэж бараг л хоёр өдөр дамнан дугаарлан зогсч байна.
-Таныг ээж, хоёр дүүгийн хамт дугаарлаж байгаа гэж сонссон. Ингэж нэг гэр бүлийн дөрвийн дөрвөн хүн халуун наранд дугаарлан зогсох шаардлага байна уу?
-Уг нь шаардлагагүй л дээ. Гэхдээ энэ жил нэг хүнд дөрвөөс илүү тасалбар олгохгүй гэж сонссон. Би түрүүн хэлсэн шүү дээ, манайх жуулчны хэдэн компанитай гэж. Юмыг яаж мэдэх билээ, ингэж олуулаа зогсохгүй бол дөрөвхөн тасалбартай үлдчихвэл яах юм.
-Гэхдээ жуулчдад зориулсан тасалбарыг өнгөрсөн сараас цахимаар олгож эхэлсэн шүү дээ? 
-Тийм ээ, тэндээс захиалаад авч болж байгаа. Би хувиараа 40-50 хүн Монголд урьсан. Үнэндээ тэднээс таван төгрөг салгахын тулд л хол газраас авч ирж байгаа шүү дээ. Онлайн тасалбар 25 ам.доллар. Монгол мөнгөөр бараг л 50 мянган төгрөг гэсэн үг. Тэр их мөнгөөр наадмын билет худалдаж авах нь санхүүгийн хувьд хүнд байна.
Бид хоёрын яриа ийн өндөрлөлөө. Дараагийн уулзсан иргэд ч дээрх хүмүүстэй адил утгатай зүйл ярьж, хэлж байлаа. Тэр ч битгий хэл “Цагийг нь дөхүүлээд өдөржин, шөнөжин дугаарлуулан зогсоож, иргэдийг ядрааж байхын оронд хэдэн сарын өмнөөс эхлээд тасалбараа борлуулах зэрэг зохицуулалт хийж болдоггүй юм байх даа” гэх иргэн олон таарсан юм.
ӨДРИЙН ХАЛУУНД ОЛОН ЦАГААР ДУГААРЛАХААСАА ХАШИРСАН ИРГЭД ШАГЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА
Бид үдээс хойш “Монгол бөхийн өргөө”-ний тасалбар борлуулах цэгийг зорьсон. Харамсалтай нь, биднийг очиход хэв журам сахиулах хэдэн цагдаагаас өөр хүн байсангүй. Мөн л учир байдлаа хэлж дотогш нэвтрэхийг хүссэн ч цагдаа нар “Дотор хэн ч байхгүй. Дээрээс хүн битгий оруулаарай гэж хэлсэн” гээд халгаасангүй. Тиймээс бид “Монгол бөхийн өргөө”-ний ойролцоо жижиглэнгийн наймаа эрхэлж буй 40 гаруй насны эмэгтэйтэй уулзаж, дараах зүйлийг тодрууллаа.
-Уучлаарай, та энд байнга суудаг уу?
-Тийм ээ.
-Тэгвэл наадмын тасалбар авахаар дугаарлаж байсан хүмүүс хааччихсан юм бол?
-Цагдаа нар тараачих шиг л боллоо. Өчигдөр өдрөөс эхлэн оочирлосон хүмүүс сүүлдээ хоорондоо хэрэлдэж, зодолдоод юм юм л болох шиг харагдсан. Эгч нь сайн мэдэхгүй юм.
-Ингэхэд түрүүлж тасалбар худалдаж авчихаад шаглах гэж байгаа хүмүүс харагдана уу. Та тийм зүйл анзаарав уу?
-Цагдаа нар хяналт тавьж байгаа болохоор одоохондоо тасалбар шаглах талаар хүмүүс ам ангайхгүй шүү дээ.
-Одоохондоо ам ангайхгүй гэдэг нь шаглаж зарах тохиолдол гардаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Борлуулж буй хүмүүс нь хоорондоо хуйвалдах асуудал байнга л гардаг. Тэгээд ч зарим хүн олон өдөр халуун наранд оочирлож байснаас гээд шагийн үнээр тасалбар худалдаж авах тохиолдол харагдаж л байдаг юм гэв.
Энэ жил ойролцоогоор 13 мянган ширхэг багц тасалбар худалдаанд гарчээ. Үүний гурван мянга орчмыг нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудад олгодог байна. Харин жилд ганцхан болдог Үндэснийхээ их баяр наадмын нээлтийг үзэх гэсэн иргэд, тэр дундаа бөхийн хорхойтнуудын заримд нь тасалбар хүрэлцэхгүй, ганзага хоосон буцах тохиолдол бий.
Ирэх жил ийм байдал давтагдвал жинхэнэ хөгжил дорой орон гэдгээ гаднынханд харуулж буй хэрэг болно. Дамлан худалдаалахаас сэргийлж нэг хүнд дөрвөөс илүү тасалбар өгөхгүй гэсэн шаардлага тавьж буй ч нэг айлын хэдэн хүүхэд цөмөөрөө очиж дугаарлаад л авчихаж болж байгаа юм. Тасалбар худалдан авч байгаа хүмүүсийн овог нэрийг тэмдэглэж авахгүй учраас тавьж буй шаардлага биелэгдэх эсэх нь эргэлзээтэй.
Монгол наадмаа дэг журамтай сайхан зохион байгуулна гэж амладаг ч тасалбар борлуулахаасаа эхлээд л эмх замбараа алга. Хүмүүс хөлөө чилтэл дугаарлан байж арай хийн хэдэн тасалбар олж авч байна. Тасалбараа зохион байгуулалттай борлуулж чадахгүй байгаа хүмүүс наадмыг яаж замбараатай хийх гэсэн юм бол доо, хөөрхий.
Б.Төрбат
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих