Д.Батбаяр: “уучлаарай”, А.Мөнхбат “шаа шаа”
Монголын оюутан, залуусыг удирдан төлөөлж буй МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр нар “ичээсэй”.
Саяхан даа, 03 сарын сүүлчээр Монголын Залуучуудын холбоо ээлжит 5 дугаар их хурлаа хуралдуулж, залуучуудын төлөөх хоёр байгууллага нэгдэж хамтарч ажиллах боллоо гэдгээ сүр дуулиантайхан зарлан МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Тэгвэл А.Мөнхбат ирэх сонгуулиар нэр дэвших боломжгүй хийгээд боломжтой улс төрчдийг ангилан ялгаж, хар цагаан жагсаалт гаргана гэдгээ зарлаад амжсан. Ч.Сайханбилэг, С.Баярцогт ах нарынхаа “сайн дүү” болж явсны хүчинд хар залуугаасаа удирдлагын түвшинд ажиллаж ирсэн тэрбээр Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагадаа “Надад хүн төрөлхтөнийг аврах том зорилго байна”, “Хувийн амьдралдаа гаргах зав үнэхээр алга”, “Миний зорилгын дэргэд Монголын улс төр үнэндээ жижиг санагдаж байна” гэх зэргээр “галзуу” ярилцлага өгч “Мөрөөдлийн баг”-т бүл нэмсэн.
Тэгвэл сар гаруйхны дараа МОХ-ноос “сүр бадруулан” хэвлэлийн хурал хийж,
“…Монголын оюутны холбоо оюутан, залуусын нэрийг барьж улс төржих үйл ажиллагаа явуулж байгаа МЗХ-той хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж байна.
МЗХ-ноос улс төрчдийн хар жагсаалт гаргах талаар хүчтэй яригдах болсон. Улс төрч ч бай хэн ч бай хүний гэм буруутайг шүүх засаглал тогтоох учиртай. Гэтэл хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагаанд Монголын оюутны холбоо оролцохгүй.
Хэрвээ олон нийтийн санал асуулга нэрээр улс төрчдийн хар жагсаалт гаргах гэж байгаа бол Монголын залуучуудын ууган байгууллага болох Монголын залуучуудын холбоог улс төржүүлж, залуучуудыг нам, улс төрийн хүчнээр талцуулах оролдлого хийж буй эрхэм Ерөнхийлөгч А.Мөнхбат өөрөө хар жагсаалтын “тэргүүн хүн”-ээр бичигдэх ёстой” гэж зарлан тунхаглаж, МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн суудлаасаа татгалзаж байсан.
Тэгвэл өчигдөр буюу 07 сарын 06-ны өдөр МОХ-ны удирдлагууд А.Мөнхбатын өрөөнд “хадаг барих” нь холгүй гүйн очиж, уучлалт гуйн МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Хэн ч бодоход МЗХ, МОХ-ны энэ үйл явдал “шоу” төдий байж, Д.Батбаяр биш экс Ерөнхийлөгч Х.Батсайхан МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч болох “найруулан тавьсан жүжиг” амжилттай тоглогдлоо.
Хамгийн хачирхалтай нь олон нийтийн цахим сүлжээнд тун идэвхитэй нэгэн болох Монголын Залуучуудын холбоог тэргүүлж яваа “үлгэр жишээч” залуу байж боломгүй хачин авир гаргаж “шившгээ дэлгэлээ.”
Тэрбээр “МЗХ чинь ардчилсан намын байгууллага байсан юм уу? мэдээгүй юм байна шүү” гэсэн сэтгэгдэлд “za shaa shaa” гэсэн хариулт өгч, залуусыг ийм хэмжээний ёс суртахуунтай хүн төлөөлж буй гэдгээ “нотлов”.
Хэлсэн үгэндээ байж чадахгүй 2-хон сарын дараа “уучлалт гуйгаад очдог” Монголын Оюутны холбооны удирдлагууд, улс төрчдийг “шүүнэ, ангилна, ялгана” гэсээр 2016, 2020 оны сонгуульд МЗХ гэх шатаар өргөгдөн гарах бэлтгэлээ хийж, “шаа шаа” гэх хараал урсгаж суугаа Монголын Залуучуудын холбооны удирдлагууд “ичээсэй”.
Монголын оюутан, залуусыг ийм “ичмээр” залуус удирдаж байгаа нь харамсмаар.
Г.Туяа
undesten.mn
URL: