Гамшиг болбол хаачих вэ

Оросын “Зона жизни” болон бусад мэдээллийн сайтуудаар Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болох талаар мэдээлэл цацагдав. Энэ сарын 4-ний өдөр цацагдсан уг мэдээлэлд Монголын засгийн газар Улаанбаатар хотын газрын гадаргыг шинжлүүлэхээр Эрхүүгийн эрдэмтдийг урьж авчирсан. Cap гаруйн хугацаанд эрдэмтэд Улаанбаатарын зүүн зүгт орших хоёр том ангалыг судалсан ба судалгааны үр дүнд нийслэл хот газар хөдлөлтийн маш аюултай бүсэд оршиж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэв.

Ингээд газар хөдлөлтийн лабораторийн эрхлэгч Валерий Имаев “Бид сувгийг экскаваторын тусламжтай нээсний дараа тэнд хоёр хүчтэй газар хөдлөлт болж байсныг тогтоосон. Том ангалын хэмжээгээр бид газар хөдлөлт болсон цаг хугацааг тодорхойлсон ба эхнийх нь ойролцоогоор 6000 жилийн өмнө болж байсан бол хоёр дахь нь 3000 жилийн дараа болжээ. Бидний үзэж байгаагаар энд газар хөдлөлт яг ийм мөчлөгтэй болдог. Тиймээс байгалийн гамшиг ойрхон байгаа юм.

Газрын гадарга хагарсныг харахад маш хүчтэй гамшиг болсон нь илт байгаа бөгөөд энд дахин 8-9 баллын хүчтэй чичирхийлэл өгч магадгүй юм. Энэ нь Улаанбаатар хотыг тэр чигээр нь сүйтгэх аюулд хүргэж болзошгүй” хэмээжээ. Мөн жилийн дараа Эрхүүгийн эрдэмтэд Монголд ирж, ажлаа үргэлжлүүлэн ангалын насыг дахин тодорхойлно гэсэн байна.

Газар хөдлөлт нь хэн нэгний таамгаар дэвшүүлдэг зүйл биш. Хэрэв газар хөдлөлтийг хэзээ, хаана болохыг нь урьдчилан мэдэж болдог байсан бол энэ гамшгаас болж дэлхийн олон орны хот сүйдэхгүй, хэдэн мянган хүний амь үрэгдэхгүй байсан биз ээ. Гэвч оросууд ойрмогхон Монголд газар хөдлөлт болно гээд мэдээлчихлээ. Ийм мэдээлэл цацагдсаныг Монголчууд мэдэх учиртай. Юмыг яаж мэдэх вэ гээд бас тохиолдож болзошгүй гамшигт бэлэн байдалтай байх хэрэгтэй.

Оросуудын дэвшүүлсэн таамаг үнэн, худлын алин байсан ч хэрэв газар хөдөлбөл бид хаачих вэ, гамшиг боллоо гэж бодоход бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гээд санаа зовоох асуудал олон байна.
Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэдэг. Хотын ойролцоо эртний газар хөдлөлтийн ул мөр болох 11 хагарал бий аж. Тийм учраас үе үе энэ хагарлыг дагасан чичирхийлэл мэдэгддэг байна.

Дэлхийн хаана ч газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэх болсон энэ үед нийслэлийн төв хэсэг газар хөдлөлтөд хамгийн тэсвэргүй болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хэдийгээр манай оронд 1905 онд Булнайн нуруу, 1957 онд Говь-Алтайн Их Богд,1967 онд Булган аймгийн Могод суманд Рихтерийн шаталбараар долоогоос дээш магнитудтай газар хөдлөлт болж байсан ч тухайн газар хөдлөлтийн орчимд хүн ам сийрэг, барилга байшин цөөнтэй байсан тулдаа хүн эндэх, эд хөрөнгө эвдэрч сүйдээгүй гэдэг.

Гэтэл Улаанбаатарт сүүлийн үед баригдсан 1800 орчим барилгын ердөө 400 нь газар хөдлөлтийг даах тэсвэртэй гэсэн судалгааг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газраас гаргасан. Энэ нь Улаанбаатарт газар хөдлөлт болоход шинээр баригдсан барилгуудын зөвхөн дөрөвний нэг нь л үлдэнэ гэсэн үг. Нийслэлд тоосгоор хийгдсэн хийц загвар нь бат бөх мэт баригдсан барилга харагдах боловч суурийг нь газар хөдлөлтийн чичирхийлэлд тооцож хийгээгүй байх нь бий. Хүчтэй газар хөдлөлт болбол Улаанбаатарын энэ олон өндөр барилга, айлуудтайгаа хаяа дэрлэн айлсах ШТС-ууд бидэнд лав гай тарих нь тодорхой юм.

Үнэнийг хэлэхэд өндөр барилгад ажлын байр нь оршдог, эсвэл орон сууцанд амьдардаг хүмүүст байрнаасаа гарч зогсох талбай ч алга. Гадаа гарч зогслоо гэхэд амьд үлдэх баталгаа алга. Хоорондоо ханаараа наалдах нь холгүй ойрхон орших барилгууд нурвал нэгийгээ цохиж нураан, эсвэл гадаа зогсож буй хүмүүс дээр унаж дарах аюултай.

Мөн Цахилгаан станцууд байна. Манай цахилгаан станцуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхэд цахилгаан нь автоматаар салдаг систем бий болов уу. Байхгүй бол хөнөөлийн хоёрдогч голомт энэ байх болно.

Ер нь газар хөдлөлт болбол нийслэлчүүд хаашаа зугтах вэ. Нийслэлээс гардаг зам хэр олон билээ. Бас энэ зам хэр өргөн билээ. Бид энэ замаар цуварч гарлаа гэж бодоход хэдий хэр хугацааг зарцуулах вэ гээд бодвол тун цөөн хүн л Улаанбаатараас гарч амжих байх. Газар хөдлөлт бол хамгийн их хохирлыг хамгийн богино хугацаанд үзүүлж чадах, бүхэл бүтэн улс орон оршин тогтнох эсэхийг нүд ирмэхийн зуур шийддэг гамшиг.

“Хэрэв газар хөдлөлт болбол” гэж муугаар бодоход нийслэлийн тулгамдсан асуудлууд бидэнд бас л гай болж мэдэх нь. Тиймээс учирч болзошгүй гамшгийн өмнө бид хэр бэлтгэлтэй байгаа вэ гэдгээ эхлээд анхаарах хэрэгтэй юм. Ядаж л бид ийм гамшиг нүүрлэлээ гэхэд ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Харин газар хөдлөлтийн талаар мэдлэгтэй хүн гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон өрөөлийг амьд авч гарч чаддаг хэмээн гадны орнууд хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын мэдлэг олгож эхэлдэг.

Гэтэл Монголд хүүхэд битгий хэл томчууд нь ч энэ талаарх мэдлэг хомс. Хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын тулд шат шатандаа анхаарах хэрэгтэй. Иргэний нийгэмд шилжсэнээсээ хойш бид чинь иргэний хамгаалалтаа бүр мартчихсан юм биш байгаа.

Ж.Тагтаа


URL:

Сэтгэгдэл бичих