Нийслэл хот үерт бэлэн үү? дарга нараа

bfb632369fe4cdc3greatНамайг муу ёрлолоо гэж битгий бодоорой. Чөлөөт бичигч /Блогчид/ бид ниргэсний дараа хашгирахаасаа илүү ниргүүлэхээс нь өмнө дуугарч, сануулж байх нь кейборд элээж суугаагийн маань нэг чухал сэдэв тул энэ их халуун, тэнэгдүүхэн улс төржилтүүд, наадмын дуулианы хажуугаар бас үндсэн амьдралаа харсан нийтлэлүүдээ орхихгүйг хичээж байна.

Тийм ээ? Энэ жил харьцангуй хуурай, халуун жил болж байна. Тэгэхдээ ийм үед л үер бууж ангасан газар их усыг шингээж чадалгүй гамшиг авчирдаг болохыг түүх гэрчилнэ.

Мөн Европын орнуудаар болон Азийн зарим бүс нутгуудаар ч үер үсны аюул нүүрлэн зарим орон онцгой байдал зарлачихаад байж байна. Энэ бүхнээс харахад л энэ жил үер усны аюул биднийг дайрах магадлал өндөр байна шүү.

Тиймээс нийслэлийн удирдлагууд, онцгой байдлын албаны эрхэм дарга нар болон нийт иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхнийг сэрэмжтэй байхыг хүсч өөр өөрийн чадах чинээгээр энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Манай нийслэл хот төлөвлөлтийн хувьд замбараагүй талаар хэн хүнгүй ярьчихсан. Энэ тэнэглэлийн хамгийн том эрсдлүүдийн нэг нь онцгой байдал үүссэн тохиолдолд аврах гарц, нүүлгэн шилжүүлэх зам харгуй нь боогдсон олон аж ахуйн нэгж, айл өрх байгаад оршиж байна.

Түүнээс гадна “ална гэсэн ч явахгүй” гээд гөжөөд хэвтчихсэн өч төчнөөн айл үерийн далан, үерийн аман дээр буучихсан байгаа. Тэд нарын төлөө энэ хүмүүсээ албадан нүүлгэсэн нь дээр байх даа. Тэгэхгүй бол нэг л өдөр баахан айл “манайх урсчихлаа одоо л төр засаг, дүүрэг хороо минь биднийгээ харж үз…” гээд оролилдоод сууж байх болов уу? гэж төсөөлж байна.
Бас орох, гарах гарц нь тодорхой бус, олон жижиг том хашаа, хаалгаар хаасан гарцуудыг тодорхой болгон нээх нь ч эрсдэлийг бууруулах болно.

Мөн одоо ашиглагдаж байгаа үерийн далангуудаа нэг сайн цэвэрлэхгүй бол ихэнхи нь ахуйн хог хаягдлаар дүүрээд үндсэн үүргээ биелүүлж чадалгүй эргээ халин асгараад үерт аюулгүй хэмээн сэтгэж байгаа иргэдийг хохироох магадлалтай байна. Энэ цэвэрлэх үйл ажиллагаанд замуудын ус зайлуулах хоолойнуудаа ч марталгүй хамруулааарай. Харагдах байдал нь ус зайлуулагчтай мөртлөө яг ус зайлуулах үеээ ирэхээр зүгээр л зам дээр нь таг тавьчихсан мэт битүү хоолойнууд олон байдаг шүү. Хэрэв хотын зам усан сан болон мэлтэлзвэл хотоор дүүрэн байгаа HYBRID төрлийн машинууд ихэд хохирол амсахаас гадна. Хаашаа ч хөдлөхөөн байж бусад машинуудаа ч усан дотор гацаах магадлалтай болсныг бас бодно бизээ.

Энд тэндхийн зай харж байгаад барьчихсан олон олон ганган нэртэй орон сууцны барилгууд бүгд шахам зоорийн давхартаа авто машины граштай байгаа. Өмнө нь зайсан дахь ганган хорооллын граш усаар дүүрэн томчуудын том том тэрэгнүүд сүйд болоод хэнээсээ хохирлоо нэхэх вэ гээд бөөн явдал болж байсныг санаад грашруугаа ус оруулахгүй байх хамгаалалтыг хэрхэн хийх, онцгой тохиолдол үүссэн үед хэрхэн хохирол багатай давах менежментээ ч сайжруулаарай.

Мөн зарим нэг өндөр довжоогүй орон сууцнуудын орц, хонгил ч усаар дүүрснээс болж оршин суугчдын тав тух алдагдаж, үерийн дараа элдэв халдварт өвчний эх үүсвэр бий болдгийг ч СӨХ-дууд анхаарууштай.

Үер усыг дагаад тэнгэр хангайн ааш муудан салхи шуурга зэрэгцэх нь бараг л тодорхой. Энэ шуурганы үеэр элдэв тогны утаснууд тасарч гэмтсэнээс болж ус дагасан богино холбоо үүсэн нэг хүүхдийн амь эрсдэж байсан тохиолдол байдгийг санан элдэв эзэнтэй, эзэнгүй кабель утаснуудаа сайн бөхлөж, аюулгүй байдлаа хангаарай.

Мэдээж ямар нэг байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгарсан үед бидний аврал эрэн, тусламж хүсдэг гол газар бол ОБЕГ-ынхан. Тангараг өргөсөн энэ хамт олны аврах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж нь ямар хэмжээнд хөгжсөн бол, хүрэлцээ хангамж нь хир сайн байдаг бол, хүний нөөц болон чадварын түвшин өндөр үү? гээд зөндөө л асуудлууд байна.
Үүнээс гадна онцгой байдал үүссэн тохиолдолд нийслэлийн цэргийн хүрээний албан хаагчдыг дайчлах болно. Тэднийг ямар нэг байдлаар энэ чиглэлд бэлтгэдэг болов уу? Техник, тоног төхөрөмж нь байнгын бэлэн байдалд байж чаддаг уу? Үерийн аюулаас болоод цахилгааны ямар нэг саатал гарсан тохиолдолд хэсэгчилэн сэргээх боломж хир бүрдсэн бэ? Цэвэр усны хомсдол үүсвэл ямар арга хэмжээ авах вэ? Үерийн дараагаар үүсдэг хаягдлыг зайлуулах, халдваргүйжүүлэлт хийх тал дээр хариуцсан албадууд бэлэн байгаа юу? гээд маш олон асуудлуудыг бид ердөө ч ярилгүйгээр зөвхөн улс төр, наадам хоёроор амьсгалаад байна шүү.

Бид тодорхой зүйлүүдийг шийдвэрлэж чаддаг болсон байх. Тэгэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө бол үнэхээр хүчин мөхөсддөг шүү дээ. Тиймээс одооноос энэ мэт асуудлуудад анхаарлаа хандуулж ямарваа тохиолдолд гарах эрсдлийг бууруулах тал дээр тус бүрдээ хариуцлагатай ажиллах нь зүйтэй байх.

ОБЕГ өөрөө санаачлагатай ажиллаж дүүрэг, хороодоор дамжуулан тэнд байгаа аж ахуйн нэгжүүд, СӨХ гэх мэт газрууд болон бусад холбогдох агентлаг, албадуудад сургалт явуулж, шаардлагатай гэж үзвэл бэлтгэл сургуулилтыг ч хийж үзэхэд гэмгүй гэж бодож байна.

Байгалийн гамшиг холуур өнгөрвөл сайн л биз. Тэгэхдээ бэлэн байх нь чухал хэмээн сэтгэн бичив.

mnb.mn


URL:

Сэтгэгдэл бичих