Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгэлээ
Юнескогийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Тус хорооны энэ сарын дөрөвний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргалаа.
Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс (БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ, Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал) дэмжиж үг хэлэв. Дэмжиж үг хэлсэн гишүүн орнууд Чингис хаантай холбоотой Бурхан халдун уулыг ийнхүү Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг хэмээсэн юм. Ингээд дэлхийн түүх, соёлын өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган манай улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг хэлэлцэхтэй холбогдуулан чуулганаас Хорооны 21 гишүүн орнуудад урьдчилан тараасан шийдвэрийн төслөөр уг номинацийг эргүүлэн буцаахаар тусгагдсан байсан. Харин ГХЯ, ОТХАГ, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар болон чуулганд оролцсон Засгийн газрын төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлтын үр дүнд шийдвэрийн төслийг өөрчлөн улмаар бүртгэх нь зүйтэй гэсэн нааштай шийдвэрийг гаргуулж чаджээ.
URL: