Агаарт үлдсэн аймшигт ослууд
Иргэний агаарын тээврийн онгоцны томоохон осол гарах нь ихэссэн. Мөн дээрх ослуудын учир шалтгаан нь бүрхэг хэвээр үлдэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд “Малайз Эйрлэнс” компанийн “МН370” онгоц Куала Лумпур хотоос БНХАУ-ын Бээжин хотыг чиглэн ниссэн боловч гэнэт сураггүй алга болсон. Хамгийн сүүлд Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисч явсан нь радарт харагдсан аж. Малайзийн онгоцны эрлийн ажиллагааг олон улсын хамтарсан баг олон сарын турш хийсэн боловч ямар ч сураг гаргаж чадаагүй л байна. Дээрх онгоцонд 239 зорчигч сууж явжээ.
Харин энэ оны гуравдугаар сарын 24-нд Испанийн Барселона хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн явсан “Germanwings” компанийн “А320” онгоц Альпийн нурууны чулуун уул мөргөж, осолдсон харамсалтай хэрэг гарсан. Дээрх осолд хоёрдугаар нисгэгчийг нь буруутгаж байгаа. Мөн хохирогчдын ар гэрийнхэн авиа компаниас их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан.
Хамгийн сүүлд л гэхэд Индонезийн Нисэх хүчний армийн “Геркулес-130” иргэний агаарын тээврйн онгоц осолдсон. Тухайн үед онгцонд 122 хүн сууж явсан бөгөөд нэг ч хүн амьд үлдээгүй байна.
Эхний олсын дуулиан намжаагүй байхад дараагийн онгоц сураггүй болж, эсвэл осолдсон мэдээ гарах болсон нь хэнд ч таатай санагдахгүй. Мөн өмнө гарч байсан ослуудын талаар бүгд л нэхэн санадаг. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью Йорк хотод сүндэрлэх “Дэлхийн худалдааны төв”-ийн ихэр хоёр цамхагийг алан хядагчид мөн л онгоц барьцаалан мөргөж нураасан. Төмөр шувуу дагасан сүйрэл энэ мэтчилэн маш их хор хохирол, олон хүний амь насыг авч одсон тохиолдол цөөнгүй бий.
Хүн төрөлхтний түүхэнд асар их үүрэг гүйцэтгэдэг ч олон хар бараан дурсамж агуулсан нисэх онгоцтой холбоотой томоохон ослуудын тухай танд хүргэж байна. Дор дурдсан ослуудын улмаас хамгийн багадаа 200 хүн нэгэн зэрэг амь насаа алдаж байв.
1974 оны гуравдугаар сарын 3. Францаас хөөрсөн Туркийн Агаарын Тээврийн “DC-10” нисэх онгоц хөөрөнгүүтээ гэнэт даралтаа алдан газарт унан 346 хүний амийг авч оджээ.
1977 оны гуравдугаар сарын 27. Канадын Арал дахь нисэх буудлаас дөнгөж хөөрсөн “Royal Dutch Airlines”-ийн “Бойнг 747” онгоц нисэх зурвас дээр байсан “American World Airways”-ийн Бойнг “747” онгоцтой мөргөлдөн тус хоёр онгоцонд сууж явсан 574 хүн газар дээр амьсгал хурааж байв.
1979 оны тавдугаар сар 25. “American Airlines”-ийн “DC-10” нисэх онгоцны зүүн далавч Чикаго хотын О’харe Олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ тасарч унажээ. Энэхүү ослын улмаас онгоцонд зорчиж байсан 275 хүн болон ослын үед газар дээр байсан гурван хүн амиа алдаж байлаа.
1979 оны арваннэгдүгээр сарын 28. “Air New Zealand”-ийн “DC-10” маркийн нисэх онгоц Антарктид тивийн Эребус уулыг мөргөн осолдож, зорчиж явсан 275 хүн амиа алдсан аж.
1985 оны наймдугаар сарын 12. “Japan Airlines”-ийн “Бойнг 747” маркийн 123 дугаарын онгоц Токиогийн нисэх онгоцны буудлаас хөөрөөд удалгүй осолдож, 520 хүний амийг авч оджээ. Энэ ослоос азаар дөрвөн хүн амьд үлдэж байлаа.
1991 оны тавдугаар сарын 26. “Lauda Air”-ийн 004 дугаарын нислэг газраас хөөрөөд 12 минут болсны дараа осолджээ. Онгоц Тайландын Бангкок хотоос баруун хойд зүгт 70 бээрийн зайд унасан бөгөөд 223 хүн амиа алдсан байдаг.
1991 оны долоодугаар сарын 11. Саудын Арабын Жеддахаас хөөрсөн “Nigeria Airways”-ийн “DC-8” маркийн нисэх онгоцонд гал гаран буцаж газардахыг оролдсон ч амжилтгүй болсон. Энэ ослоор 261 хүн амь үрэгджээ.
1994 оны дөрөвдүгээр сарын 26. “China Airlines”-ийн 140 дугаарын онгоцны нисгэгч Японы Нагояа нисэх буудалд дөхөж ирээд онгоц газардах боломжгүй болсон тухайгаа мэдэгдээд дахин оролдлого хийх гэж байгаад осолджээ. Осолдсон “Airbus A300” маркийн онгоцонд явсан 264 зорчигч нас барсан бөгөөд цөөн хэд нь амьд түүхтэй.
1996 оны долоодугаар сарын 17. “TWA Flight 800” онгоц Нью-Йорк хотын Олон улсын нисэх буудлаас хөөрөөд удалгүй агаарт дэлбэрчээ. Уг ослоор 230 хүн амиа алдсан бөгөөд ослын шалтгааныг шатахууны банкинд цахилгаан авалцсанаас болсон хэмээн тогтоосон байдаг.
1996 оны арваннэгдүгээр сарын 12. Энэтхэгийн Шинэ Дели хотын нисэх буудлын агаарт “Saudi Arabian Airlines”-ийн Бойнг 747 онгоц болон “Kazakhstan Airlines”-ийн II-76 онгоцууд мөргөлдөж, нийтдээ зорчиж явсан 349 хүний амийг авч оджээ.
1997 оны наймдугаар сарын 6. Сөүл хотоос хөдөлсөн Өмнөд Солонгосын 801 дугаартай онгоц Гуамын нисэх буудал руу дөхөж яваад ширэнгэн ой мөргөн осолджээ. “Бойнг 747” онгоцонд зорчиж явсан 228 хүн нас барж, 26 нь амьд гарсан байна.
1997 оны есдүгээр сарын 26. “Garuda Indonesia airlines”-ийн 152 дугаартай нислэг Индонезид осолдон, 234 хүний аминд хүрчээ. “Airbus A300” онгоцны ослын шалтгааныг цахилгааны богино холбоо үүссэнээс болсон хэмээн гурван жилийн дараа тогтоожээ.
1998 оны хоёрдугаар сарын 16. “Swissair”-ийн нисэх онгоц Нью Йорк хотоос Швейцарийн Женев хотыг чиглэн нисэж байгаад Канадын эрэг орчим осолджээ. Уг онгоцонд 229 хүн сууж явсан аж.
2001 оны аравнэгдүгээр сарын 12. Алдарт “Есдүгээр сарын 11”-ний халдлага болсноос хэдхэн долоо хоногийн дараа “American Airlines”-ийн 587 дугаартай нислэг үйлдэж байсан онгоц осолдож, тус онгоцонд явсан 260 хүнээс гадна газар дээр байсан таван хүний аминд хүрчээ. Онгоцны ослыг ямар нэгэн террорист халдлагатай холбох нотолгоо олдоогүй байна.
2002 оны тавдугаар сарын 25. “China Airlines”-ийн 611 дугаартай агаарын хөлөг газраас хөөрөөд 25 минут болсны дараа Тайваны хоолойд осолджээ. “Бойнг 747” онгоцонд зорчиж явсан 225 хүн бүгд хорвоог орхисон байна.
2007 оны долоодугаар сарын 17. Бразилийн Сан Паулу хотын нисэх буудалд газардаж байсан “TAM Airlines”-ийн онгоц нислэгийн зурвасаас гарч шатахуун түгээрүүр рүү орж дэлбэрсэн. Зуун хувь нисгэгчийн буруугаас болж 199 хүн харамсалтайгаар амиа алдсан аж.
2009 оны зургаадугаар сарын 1. “Air France”-ийн 447 дугаартай нислэг Рио Де Жанейро хотоос Парис хотыг чиглэн Атлантын далай дээгүүр нисэж байгаад алга болжээ. Таван өдрийн дараагаас Бразилийн эргээс 600 бээр орчмын зайнаас зорчигчдын цогцсууд эхнээсээ олдсон талаар түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
2012 оны зургаадугаар сарын 3. Нигери улсын нийслэл Лагос хотын ойролцоо 153 хүнтэй онгоц осолдсон эмгэнэлт явдал гарчээ. Ослын улмаас бүх зорчигч нас барсан юм.
2012 оны дөрөвдүгээр сарын 20. “Bhoja Air” компанийн “Бойнг 737” онгоц Карачи хотоос Пакистаны нийслэл хот руу нислэг үйлдэж яваад сүйрсан байна. Энэ ослоор 168 хүн бурхан болжээ.
2014 оны гуравдугаар сарын 8. “Malaysia Airlines”-ийн “MH370” дугаартай нислэг Каула Лумпур хотоос Бээжинг чиглэн Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисч байгаад сураггүй алга болсон. Энэхүү онгоцны эрлийн ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа боловч онгоцонд сууж явсан 239 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.
2015 оны гуравдугаар сарын 24. Испанийн Барселона хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн явсан “Germanwings” компанийн “А320” онгоц Альпийн нурууны чулуун уул мөргөж, осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Дээрх осолдсон онгоцонд алдартай дуучид болон Германы ахлах сургуулийн 16 сурагч зорчиж явсан юм. Мөн ихэнх нь Германы иргэд байсан бөгөөд Испани, Марокко, Аргентин, Турк зэрэг орны зорчигчид сууж явжээ. Онгоцны багийн 8 хүнээс гадна 142 зорчигчтой нийлээд 150 хүн амиа алдсан томоохон осол хамгийн сүүлд гараад байна.
2015 оны зургаадугаар сарын 30. Индонезийн Нисэх хүчний армийн “Геркулес-130” иргэний агаарын тээврйн онгоц осолдсон. Тухайн үед онгцонд 122 хүн сууж явсан бөгөөд нэг ч хүн амьд үлдээгүй байна.
Тус улсын Арми, болон Агаарын тээврийн газрын шинжээчид онгоц болсон газар үзлэг хийж, хөдөлгүүрт саатал гарсан учир осолдсон гэсэн дүгнэлт гаргажээ. “Геркулес-130” онгоц нь Медан хотын Агаарын цэргийн хүчний баазын нислэгийн зурвасаас хөөрөөд хойд нутагт нисч байхдаа нислэгийн диспетчерээс буцаж газардах зөвшөөрөл хүссэн гэнэ.
Харин үүний дараахан онгоц базаас таван км-ийн зайтай орших суурин газарт орон сууцнуудыг мөргөж осолдсон байна. Ослын талаарх мэдээллийг өгөхдөө “Геркулес-130”-ын дөрвөн хөдөлгүүрийн нэг нь гацсаныг нисэх онгоцны ослын ул мөрөөс баримт болгон ийм дүгнэлт гаргалаа. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэж байлаа.
Э.Гүнтөмөр
mongolcom.mn
URL: