СТА Д.Отгонжаргал: Үнэхээр хоёулханаа жаргаад явсан бол Facebook-ээр чатлах уу

14501_554
“Voice” группийн дуучин, СТА Д.Отгонжаргалыг “People of Mongolia” сэтгүүлийнхээ хойморьт зочноор урилаа. Уян зөөлөн яриа хөөрөө, уянгалаг сайхан хоолойтой дууч бүсгүйн сонирхолтой яриа уншигч таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлээ туурвиад завгүй л явна уу?
-“People of Mongolia” гэдэг гоё сэтгүүл гарсан юм байна. Энэ сэтгүүлд ярилцлага өгч байгаадаа баяртай байна.
Уран бүтээлч хүнд уран бүтээлээ ярих шиг сайхан зүйл байдаггүй. Сайхан, сайхан уран бүтээл хийж, дуулсаар явна. Өшөө ч олон сайхан бүтээл хийнэ гэж бодож байгаа.
-Хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллаад байна вэ?
-Соёлын гавьяат зүтгэлтэн Сангидоржийн хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвсүрэнгийн шүлэг “Миний ээж тэмээчин” гэж сайхан дуу байдаг. Энэ дууг шинэчилж өөрийнхөө стиль, төрлөөрөө дууллаа. Сонссон хүмүүс их сайхан болжээ гэж урам хайрласан.
Энэ дууг сонгох болсон шалтгаан нь Сангидорж, Пүрэвсүрэн гуай хоёр манай Баянхонгор аймгийн хөгжмийн зохиолч, яруу найрагч нар юм. Би бас Баянхонгорын уугуул хүн. Нутаг усны холбоо байна, мөн Сангидорж гуайн бүх уран бүтээлийнх нь эрх хүү Сансаргэрэлтэх ахад байдаг юм билээ. Сансараа ах маань энэ бүтээлийг чи өөрийнхөөрөө сайхан дуулаадахаач гэж хоёр жилийн өмнө хэлж байсан. Ингээд л дуулсан даа.
Уг нь би өмнө нь өөр хүн дуулчихсан дууг давтан дуулдаггүй. Яагаад гэвэл хэн нэг дуучин дуулаад ард түмний хайртай уран бүтээл болгочихсон байхад түүнд зориг гарган хүрэхээс имээдэг. Өмнө нь Сараа эгч хүртэл дуулчихсан учраас дэмий байх гэж Сансараа ахад хэлж байсан. Энэ жил дахиад дуулаадахаач гэхээр нь дуулсан юм.
-Өөрийнхөөрөө гэхээр сонгодог, нийтийн дууны холимог хэлбэрээр дуулсан гэж ойлгож болох уу?
-Би Соёл урлагийн их сургуулийг 2006 онд МУГЖ Ичинхорлоо багш болон төгөлдөр хуурын СТА, Энхтуул багшийнхаа удирдлаган дор суралцаж төгссөн. Мөн Уртнасан бангшийнхаа удирдлаган дор төгссөн.
Хувийнхаа уран бүтээлүүдийг сонгодог өнгө аястай заримдаа поп, нийтийн дууны хэлбэрээр масст ойлгогдохоор хийдэг. Мэдээж сайхан Монгол бүтээлээ учиргүй сонгодог хэлбэрээр дуулвал олон нийт хүлээж авах нь хэр бол гэж бодсон. Холимог стилиэрээ дуулсан гэсэн үг.
-Удахгүй анхны бие даасан уран бүтээл бүхий CD нь гарах гэж байгаа сонссон. Мөн л холимог хэлбэрээр дуулсан дуунуудаа багтааж байгаа юу?
-Тийм ээ. Ихэвчилэн холимог стилиэр дуулсан дуунууд маань багтсан. Миний өнгөрсөн хугацаанд дуулж олны хүртээл болгосон сайхан дуунууд энэхүү CD-нд маань багтсан. Ойролцоогоор 14 дуутай CD болно. Дашрамд хэлэхэд намайг тоож уран бүтээлээ өгсөн уран бүтээлчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Уг нь Отгонжаргал дуулаад олон жил болчихлоо. Гэтэл одоо л анхны бие даасан CD-гээ гаргах гэж байна гэхээр гайхаж байна. Тэгтэл дөнгөж дуулж эхлээд л олон CD-тэй болсон дуучид бас байна. Их л чамбай дуунуудтай CD гарах нь ээ дээ?
-Харин тийм. Дуулаад л байдаг, гэтэл CD байдаггүй ээ. Гэхдээ миний CD-г сонсоод сонсогчид маань үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. Надад уг нь маш их уран бүтээлийн санал ирдэг л дээ. Сонсоно, дуулж үзнэ, тохирно, тохирохгүй, хэрэв болж байвал дуугаа хэрхэн хийх вэ гэж бодно, хөгжмийн зохиолчтойгоо ярилцана гээд л ажиллагаа ихтэй. Хамгийн хурдандаа хоёр сар, зарим дуу маань бүтэн жил болж байж гараас гардаг юм.
Олон CD гаргасан дуучид маань их хөдөлмөрч юм, амжуулж чадаж байна л гэж боддог доо.
-“Voice” группээрээ сүүлийн үед та бүхэн уран бүтээл хийхдээ жаахан хойрго хандаад байна уу, үгүй юү?
- “Voice” группээрээ 15 дуутай “Voice of Mongolia” гэж CD гаргасан. Манай хамтлагийн хувьд маш олон бүтээл гаргасан. 50-60 дууны уран бүтээлийн сантай. Хувийнхаа уран бүтээл дээр жаахан хойрго хандсан нь хамтлагийн уран бүтээлдээ ихэнх цаг заваа зарцуулж байсантай холбоотой.
Ер нь бол ганцхан дуу бүтэхэд доод тал нь нэг сая, тэгээд клип энэ тэр хийнэ гэвэл 5-6 сая болно. Санхүүгийн асуудал ихтэй. Тиймээс манай хмтлагийнхан тоглолтоосоо олсон ашгаасаа фонддоо мөнгө цуглуулдаг. Тэр мөнгөөрөө шинэ уран бүтээлүүдээ хийдэг юм.
Сүүлийн үед хувь хувийнхаа уран бүтээл рүү анхаарлаа хандуулж байгаа ч тоглолтоор энд тэнд дуулж л байна.
-Тэгвэл “Voice” групп арай тарчихаагүй л юм байна?
-Тараагүй. Бид цаашдаа хамтлаг хэвээрээ байсаар байх болно.
-Хэрэв “Voice” группт ороогүй бол Отгонжаргал олонд хэр танигдаж чадах байсан бол?
-“Voice” группт орохоос өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Шаравын хөгжим, дууны үгний мастер, Урлагийн гавьяат зүтгэлтэн Түмэнжаргалын “Ижийдээ бичсэн захидал” гэж дуу маань гарсан байсан. Мөн Шарав гуайн бүтээл, Өлзийтөгч эгчийн шүлэг “Өнө мөнх орон” гэдэг дуу олны хүртээл болсон байлаа. Тухайн үед “Өнө мөнх орон” дууг хүмүүс мэддэг, сонсдог болсон байсан. Гэхдээ би “Voice” группт ороогүй байсан бол сонгодог чиглэлээр, мэргэжлээрээ явах байсан байх. Аль нэгэн урлагийн байгууллагын ажилтан болохын сацуу соло уран бүтээлээ хийх байсан болов уу. Магадгүй гоцлол уран бүтээлээ хийсэн бол дан ганц Отгонжаргалын уран бүтээлүүд илүү олон хийгдсэн байж болно.
Мэдээж хамтлаг байна гэдэг санаа оноогоо солилцохоос эхлээд их түшигтэй. Нэг дууг ганцаараа дуулсанаас илүү гурвуулаа гурван өөр хоолойгоор дуулвал ямар вэ гэдэг миний хувьд илүү сонирхолтой байсан. Тийм ч учраас миний “Ижиидээ бичсэн захидал” гэдэг анхны уран бүтээлийг бид хамтлагаараа дуулсан. Тулгаагийнхаа цэвэр хувийн уран бүтээлүүдийг ч гурвуулаа дуулсан. Илүү гоё л доо.
“Voice” групп маань одоо ч нэг их алдартай биш л дээ. Гэхдээ ингээд дуулаад л явах байсан байх.
-СУИС-ийг төгссөн болгон дуучин болчихдоггүй, дуучин болгон бас “од” болдоггүй шүү дээ. Ямартай ч өөрийн тань хувьд олноос онцгойрч чадаж байна, тийм үү?
-СУИС-д анх ороход манай анги бараг 30-аад хүүхэдтэй байсан. Дуулна гэдэг гоё шүү дээ, хүний зүрх сэтгэлийг хөндөж чаддаг. Хүүхэд бүхэн тэр хүсэл мөрөөдөлдөө автаж СУИС-д орж, мундаг профессоруудынхаа гарт нухлуулдаг. Бидний анх бодож орсоноос тэс өөр зүйл хүлээдэг учраас зарим нь шантраад яваад өгдөг. Ингээд тунаад 13, 14 хүүхэд төгссөн. Эднээсээ мэргэжлээрээ ажиллаж байгаа нь цөөхөн. Гэхдээ манай ангийнхан өмнөх болоод дараагийн төгсөлтүүдээс хамгийн их олонд танигдсан дуучидтай анги байлаа.
-Тухайлбал хэн, хэн байна вэ?
-Нарантунгалагтай дуулдаг байсан Амарбаясгалан, Базарсадын Болдбаатар, Жавхайсайхан манай ангид байдаг. Тамир, Оюунцэцэг хоёр, Дуурийн Доржсүрэн, Дуурийн Хандаа, Цэрэнчунт, Анхбаяр, Эрдэнэчлуун, манай хамтлагийн Эрдэнэжаргал болон миний бие байна. Жавхлангийн эхнэр Эрдэнэчимэг ч манай ангид байж байгаад нэг жил гадагшаа явж ирээд доод курст орсон. Гэх мэтчилэн сайхан уран бүтээлчид бий.
-Тэгвэл өөрийн тань хувьд эднээсээ сүүлд олонд танигдаж, одоо ид гялалзаж яваа юм байна шүү дээ?
-Ард түмэн маань дуулж байгаа дуунд маань дуртай, урам хайрладагт баярладаг шүү.
-Чамайг сонсохоос гадна бас харах дуртай юм шиг ээ?
-Баярлалаа. Анзаараад байхад манай урлагийнхан их сайхан хүмүүс байдаг. Ардын жүжигчин Долгор гуай гэхэд хичнээн сайхан хүн байна. Тайзан дээр гараад ирэхэд 100 хувь битгий хэл олон зуу дахин кайф авдаг. Биеэ гоё авч явж, сайхан хувцаслаж өөрийгөө их хүндэлдэг хүмүүс байдаг шүү дээ.
-Анзаарахад төрийн том арга хэмжээ, үйл ажиллагаа, гадаад айлчалд Отгонжаргал их явж байгаа харагдах юм. Сайхан төрөх бас ашигтай юм аа гэж боддог шүү?
-/Инээв/. Тэр бол та бүхний л дүгнэлт байх. Ганц миний бие биш манай хамтлаг гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнд их явдаг л даа. Монгол орноо магтан дуулсан уран бүтээл ихтэй учраас төрийн арга хэмжээнүүдэд ихээхэн оролцуулдаг байх.
Миний хувьд дуулж байгаа стиль, жанр төрийн арга хэмжээнд тохирдог юм шиг байгаа юм.
-Энд тэнд тоглолтоор явж байхад уулзаж, учрах саналууд их ирдэг биз?
-Ганц надад ч биш, уран бүтээлчдэд тиймэрхүү зүйлүүд урган гардаг байх. Гэхдээ тэр бүхнийг ерөөсөө ойшоодоггүй.
Хийх ажил их байна, зорьсон зорилго зөндөө байна. Зав ч гардаггүй юм доо.
-Хонгор нутгийн бүсгүйчүүдийг их сайхан хүүхнүүд байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Яг онцолж болохгүй байх. Тухайлбал би Сүхбаатар аймаг их сайхан бүсгүйчүүдтэй юм болов уу гэж боддог.
-Ямар үндэслэлээр?
-Олон сайхан бүсгүйтэй танилцдаг л даа. Танилцахаар л Сүхбаатар аймгийнх гэдэг юм. Манай нутаг бас сайхан бүсгүйчүүдтэй. Сувд гуайгаас авахуулаад мундаг сайхан бүсгүйчүүд олон бий. Дархан гэхэд л дандаа миссүүдтэй шүү дээ.
-Өөрөө бас Дарханд өссөн гэдэг байх аа?
-Манай ээж Говь-Алтайн цээл сумынх. Аав бол Баянхонгорын Загийнх. Аав, ээж хоёроос гарсан зургаан хүүхэд нь Баянхонгорт төрсөн. Бага нас маань Баянхонгор аймагт өнгөрсөн. Аавыгаа өнгөрсөнөөс хойш манай төв суурин газар руу дөхөж, Дархан, Хөтөлд ирж суурьшсан. Хөтөлд ч амьдарч байсан, Дарханд бол дунд сургуулиа дүүргэсэн.
-Отгонжаргал бол их сайхан бүсгүй. Өөрийнхөө юунд илүү дуртай вэ?
-Ээж маань сонсвол гомдох л байх. Ер нь бол хүн болгон өөрийгөө өөлдөг байх. Надад ч гэсэн өөлдөг хэсэг бий. Харин хайртай хэсэг бол дуулдаг болоод ч тэр үү хүзүүгээ их хайрлаж, гамнадаг.
-Хөх гэдэг эмэгтэй хүний бахархал. Чи их том хөхтэй харагддаг шүү?
-Удмынх л юм даа. Манай ээж болон гэрийн эмэгтэйчүүд хөх томтой хүмүүс байдаг. Ээж маань зургаан хүүхэд төрүүлж, хөхүүлсэн гэхэд хөх нь одоо ч гоёороо. Би хааяа дасгалдаа яваад жин хаяхаар хөх маань жижгэрдэг. Ер нь бүх л размер жижгэрдэг. Энэ утгаараа хөх бол тэрчигтээ өөх л юм шиг санагддаг.
Гэхдээ цээж томтой байх нь жин, овор ихтэй харагдуулдаг гэж боддог. Тийм ч учраас миний тайзны тайшинзууд ихэвчилэн хөх, цээж халхалсан загвартай байдаг.
-Гоо сайхандаа цаг зав их гаргадаг байх?
-Сүүлийн үед манай бүсгүйчүүд биеэ гоё авч явдаг болжээ. Энд тэнд хүлээн авалтад очоод дуулахаар бүсгүйчүүд маань төгс гэмээр сайхан хувцаслаж, үс зүсээ арчилдаг болсон нь анзаарагддаг. Бараг л хойд, урд хөршүүдээ ч дагуулахааргүй мэдрэмжтэй, сайхан болсон санагддаг.
Миний хувьд фитнес, бүжгэнд явдаг. Бүжгийн “Гоолингоо” клубд хичээллэдэг юм. Аль болох өөртөө цаг заваа зориулж, биеийнхээ чилээ, хөлсөө гаргахыг хүсдэг ч санаснаар болохгүй үе байна аа. Залуугаараа удаан баймаар байна шүү дээ /Инээв/. Хамгийн гол нь эрүүл байх нь чухал.
-Хоол ундаа хэрхэн зохицуулж байна вэ. Дэглэм барьдаг уу?
-Би ер нь дэглэм энэ тэр барьдаггүй. Хамаагүй л иддэг. Гэхдээ гадуур хооллож чаддаггүй. Яаж ч ажилтай байсан гэртээ харьж, гэрийнхээ хоолыг иддэг.
-Тэгвэл хоол хийхдээ хэр вэ. Хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
-Миний онлайнаар байнга дагадаг зүйл бол Хоолны пейж хуудас. Ээж охинтойгоо ярьж байгаад заримыг нь дуурайж хийнэ. Гэхдээ ихэвчилэн Монгол үндсэн хоолоо хийж идэх дуртай. Ээж маань их сайхан хоол хийдэг юм.
-Ээж, охин хоёртойгоо амьдардаг гэсэн байх аа. Ээж нь их халамжтай байх аа?
-Тийм. Ээж, охин хоёртойгоо амьдардаг. Манай ээж суурин дээр нь гурван төрлийн хоол хийчихдэг. Байнга л ид, уу гэсэн хүн байдаг юм. Тэгээд л иднэ дээ, ээжийнхээ хоолыг идэх шиг сайхан зүйл байдаггүй.
-Охин нь хэдэн настай болсон бэ?
-Одоо найман настай. Харсан хүн болгон яг ээж болжээ л гэдэг юм.
-Тэгэлгүй яах вэ. Ингэхэд чамаас зайлшгүй асуух нэг асуулт байна. МУГЖ Ариунбаатар та хоёрыг АНУ-д тоглолтоор явж байхад эхнэр нь Facebook-ээр харилцсан мэссэжийг чинь олон нийтэд зарласан. Та хоёрт үнэхээр дотно холбоо байсан юм уу. Энэ талаар өөрөө албан ёсоор хариулт өгөөч?
-Би бол яг нүдээр үзсэн зүйлдээ л итгэдэг. Тухайн үед бид хоёулханаа АНУ-д явж байсан юм шиг л ойлгох юм. Монголоос гэхэд л 50 орчим хүн явж байсан. Манай хамтлаг л гэхэд менежертэйгээ дөрвүүлээ явсан. Биднээс гадна урлагийн олон хүн явж байсан. Үнэхээр хоёулханаа жаргаад явсан бол хоорондоо facebook-ээр чатлах уу. Тэр facebook, чат ч худлаа. Олон нийтэд түгсэн асуудал бүгд худлаа.
-Худлаа гэж үү?
-Худлаа. Огт болоогүй зүйл. Бид нэг багшийн шавь нар. Бусад багш, шавийг бодвол манай Ихо багшийн шавь нар “Багш шавийн нэгдэл” гэж илүү нэгдэлтэй, холбоотой байдаг. Фонддоо мөнгө цуглуулна, багшийнхаа конкурсыг зохион байгуулна, хэн нэгнийх нь тоглолт болвол ач холбогдол өгнө гэх мэтээр насны зөрүү байхгүйгээр хоорондоо коллектив сайтай явдаг. Түүнээс биш би гэр бүл үймүүлж, салгасан юм байхгүй. Тэдний гэр бүл одоо амжилттай, аз жаргалтай сайхан л байна шүү дээ.
-Тэр явдлаас хойш Ариунбаатарын эхнэртэй холбогдсон уу?
-Үгүй. Угаасаа ч тийм асуудал байхгүй учраас надад ач холбогдолтой санагдаагүй. Надад өөр зөндөө л найзууд байна. Сайхан наргиж, маазраад явдаг найзууд бий. Тэр болгонтой хардах юм уу. Уран бүтээлч хүмүүсээс гардаг эмоци гэж бий. Эмоци, сэтгэлийн хөдлөлтэй байж л сайхан уран бүтээл төрүүлнэ. Бидний галыг ийм байдлаар унтрааж чадахгүй. Улам л гялалзаж, асч амьдрах болно.
- Та хоёр Амин-Үргэлжлэл гэдэг сайхан дууг хамтран дуулсан байх аа?
-Тийм ээ. Жанцансамбуугийн хөгжим, Батцэцэгийн шүлэг “Амин Үргэлжлэл” гэдэг аав, ээжийн тухай сайхан уран бүтээл дээр бид ажилласан. Сүүлийн үеийн энэ муухай мэдээллээс болоод бидний энэ уран бүтээл цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Дууных нь эрх надад байдаг учраас энэ дуугаа би ганцаараа үргэлжлүүлэн дуулсан.
Ер нь ганц миний тухай биш манай урлагийн тогоонд чанагдаж байгаа маш олон хүн өөрсдөө ч мэдэлгүй ийм гүжир, гүтгэлэгт орооцолддог юм шиг санагддаг. Урлагийнхан бид дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглээд өөр өөрсдийн уран бүтээлээ туурвиад л явцгааж байгаа шүү дээ. Бидэнд өөр ямарваа асуудал байдаггүй.
-Ариунбаатар та хоёр тоглолтууд дээр зөндөө л таардаг байх?
-Зөндөө ч том том төрийн тоглолтууд дээр зөндөө таарч, дуулж байсан. Одоо бол Ариунбаатар Буриадын дуурийн театрын дуучин болсон гэнэ лээ. Ариунбаатараас гадна нэлээн олон дуучид тэнд ажиллаж байгаа гэсэн. Монголынхоо нэрийг гаргаж яваа мундаг дуучдаа дэмжихийн оронд нэр төрийг нь ийм байдлаар гутааж байгаа нь харамсалтай.
-Тийм шүү. Ингэхэд танай хамтлагийн Эрдэнэжаргал та хоёр суучихаж болдоггүй юм байх даа, их сайхан хос болно доо гэж хүмүүс ярихыг сонссон юм байна?
-Манай Сашка юу /инээв/. Бид хоёрыг бас явдаг энэ тэр гээд зөндөө л бичиж байсан. Эрдэнэжаргал маань манай найз бүсгүйтэй суусан. Булган гээд маш сайхан эхнэртэй. Одоо хоёр дахь үр нь энэ хорвоод мэндлэх гэж байна. Хүмүүсийн ярьдаг зүйлийг худлаа гэж бид мэдэж байгаа учраас инээлдээд л өнгөрдөг.
-Ер нь Отгонжаргалд ямар эр хүн таалагддаг юм бэ?
-Эмэгтэй хүн мэдрэмжтэй эр хүнд татагдаж, дурладаг. Яавал инээх үү, яавал гомдох уу, яавал уурлах уу, яавал миний үгэнд орох уу, яавал намайг эсэргүүцэх вэ гэх бүх асуудлыг мэдрэмжээрээ мэддэг хүн л таалагддаг. Түүнээс биш эр хүн мөнгөтэй байх нь чухал биш. Амьдралыг хоёулаа л босгох хэрэгтэй. Үнэхээр эрэгтэй нь мөнгөтэй байлаа гээд тэр миний мөнгө биш шүү дээ. Би тэр хүний мөнгөтэй нь биш сэтгэлтэй нь сууна.
-Яг үнэн. Сүүлийн үед зарим бүсгүйчүүд маань мөнгөтэй хүн рүү хошуурдаг муухай жишиг тогтчихлоо. Мөнгөтэй хүнтэй суучихвал л сайхан амьдрах юм шиг боддог болжээ? 
-Сайхан амьдарна гэдэг уг нь шал өөр утгатай. Сэтгэлийн зовиургүй, өвчин зовлонгүй, элэг бүтэн гээд л.
Хүнийг хайрлах хэрэгтэй, хайрласан бол халамжлах хэрэгтэй. Ууж тэнүүн, ухаантай байх ёстой. Уг нь энэ хүний хийж чадах л зүйл. Зарим хүмүүс үүнийг ойлгодоггүй, мэдэрдэггүй. Энэ амьдралын хугацаа жаахан шүү дээ. Амьдралд мөнгө л чухал юм шиг боддог, тэгсэн хэрнээ тэрнийхээ үр дүнг амсаад явж байгаа хүмүүс цөөнгүй байдаг л даа.
-Отгонжаргалд найз залуу бий юү?
-Байдаг. Намайг хайрлаж, дурласан, би бас хайртай эр хүн бий. Миний найз залуу, заримдаа бид нэгнээ илүү дотноор хэлдэг. Манай хүн байсаар байтал гадуур ийм яриа гараад байгаад гайхдаг. Илүү зөөлхөн, намайг их сайн ойлгодог, дуул, дуул л гэдэг, миний ажил мэргэжлийг маш их хүндэлдэг хүн бий.
Ганцхан хайр байгаад тэр бол гүйцэд зүйл биш. Нэгнээ найрлахаас гадна бие биенээ ойлгох нь хамгийн чухал. Хайр байна, хайр дээр нэмэх нь ойлголт байна. Ойлгож байж амьдрал үргэлжилнэ. Мэдээж бидний аль аль нь урдаа тавьсан зорилготой. Зорилгодоо хүрэхийн төлөө явж байна даа.
-Урлагийн хүн биш гэдэг нь ойлгомжтой юм байна. Нууц биш бол танилцуулаач?
-Урлагийнх биш. Одоохондоо нууц байлгая. Удахгүй ил болох байх.
-Дотносоод хэр удаж байна вэ?
-Нэлээн хугацаа өнгөрсөн.
-Хэзээ гэр бүл зохиох вэ?
-Одоо бид хоёр үерхээд аз жаргалтай байна. Мэдээж хугацаа хэрэгтэй байх. Үргэлж л хамт байх биз. Зохионо гэдэг амьдралд анх хөл тавьж байгаа хүмүүсийн ярьдаг зүйл /инээв/.
Мэдээж намайг ямар ч үед хамгаалдаг, ямар ч үед миний дэргэд байдаг хүнтэйгээ л гэр бүл болно. Би тэр хүнээ олсон гэж бодож байна.
-Чамайг өмнө нь гэр бүлтэй байсныг мэднэ. Ойлголцол байхгүй учраас л салж, сарнисан байх?
-Тийм л байх. Ойлгохоос гадна ойлгуулах нь маш том ухаан юм шиг байгаа юм. Тухайн үед залуу ч байсан, би зөвхөн дуулах л ёстой, яах гэж би энэ олон жил сурсан юм гэж өөрийнхөөрөө зүтгэдэг байсан.
-Залуу нас алдаа оноогоор дүүрэн байдаг шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч бүсгүйн ярилцлагыг уран бүтээлийн гэгээн яриагаар өндөрлөх нь зүйтэй байх. Удахгүй тоглолтоо хийнэ гэж сонссон. Үүгээр яриагаа өндөрлөх үү?
-Тийм ээ, намраас тоглолтоо хийнэ. Тоглолт хийлгүй хоёр жил болчихлоо. Өнгөрсөн жил хийлч найз охинтойгоо тоглолт хийнэ гээд болсонгүй. Тэрхүү төлөвлөсөн тоглолтоо намраас хийхээр болж байна. Нармандах гэж мундаг хийлж найз бүсгүйтэйгээ тоглолтоо хийнэ гэж төлөвлөсөн. Сапрон хоолой яаж дуугардаг юм, сапрон хоолой, хийл хоёр хоршихоороо ямар аялгуу гардаг юм гэдгийг тоглолтоороо харуулна. Мөн сайхан монгол бүтээлүүдээ тоглоно доо.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. 

PEOPLE сэтгүүл


URL:

Нэр: зочин Огноо: 6 July 2015

сапрон биш сопрано хоолой

Сэтгэгдэл бичих